З.Энхболд: Ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүс намын даргад өрсөлдөхгүй

Twitter Print
2016 оны 12-р сар 08-нд 14:03 цагт
Мэдээний зураг,

Ардчилсан намын VI Их хурал болсонтой холбогдуулан Ардчилсан намын дарга З.Энхболд Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Энэ удаагийн Их хурал АН-ын шинэтгэлийг эхлүүллээ. Шинэтгэлийг нэг, хоёр удаагийнхаар хийж амжихгүй гэдгийг ирсэн төлөөлөгч нар хэлсэн. Уг нь анхны зорилго бол дүрмээ батлаад тарах байсан. Гишүүд энэ дүрмийг нийт гишүүдтэйгээ яримаар байна гэдэг шаардлага гарсан учраас намын даргын сонгуультай хэсэг, гишүүнчлэлтэй хэсгээ батлаад, дүрмийн бусад заалтаа дахиж аймаг, сум хороондоо яриад VII Их хурлаар батлахаар болсон. АН-ын Их хурлаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн илтгэл мөн миний улс төрийн илтгэлийг тавьсан. Тэрийг сонсож сонгуулийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгсөн. Шинэтгэлийн газрын зургийг баталсан” гэлээ.

Мөн тэрбээр "Дүрмийн төсөлд нэлээд өөрчлөлт оруулах байсан. Гуравдугаар бүлэгт гишүүнчлэлийн бүртгэл анхан шатны үүрүүд дээр хийгддэг байсан бол одоо Төв намын ажил болж байгаа. Гишүүд анхан шатны үүрүүд дээр очиж цахимаар бүртгүүлээд, төв намаас батлахаа авна. 180 мянган гишүүнээ шинэчлэн цахимаар бүртгэх журам батлагдсан. Гишүүний бүртгэлийг яагаад чухалчилж байгаа гэхээр улс төрийн намуудаас анх удаа АН намынхаа удирдлагуудыг нийт гишүүдээсээ сонгож байгаа. Нэгдүгээр сарын 29-нд намын даргын сонгууль явагдана. Цаашдаа дүүрэг, сум аймгийн сонгуулиуд үргэлжлэн явагдана. Үүнийг хоёрдугаар сарын 12-нд шийднэ” гэсэн юм.

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Ардчилсан намын даргад өрсөлдөх хүнд ямар шаардлага тавьж байгаа вэ?

-18 нас хүрсэн Монгол Улсын иргэн, Ардчилсан Намын гишүүн байна.

-Намын даргад нэр дэвшигчдэд тооны хязгаар тавих уу?

-Тоонд хязгаар тавихгүй. Одоо нэг шаттай сонгууль болно. Хэдэн ч хүн өрсөлдөж болно. Үүнээс хамгийн олон санал авсан хүн намын дарга болно.

-АН шинээр гишүүн элсүүлэх үү. Нэр дэвшигчид шинээр гишүүн элсүүлээд өөртөө санал өгүүлэх асуудал гарах вий гэдэг болгоомжлол байгаа?

-Шинээр элсүүлэхийг зөвшөөрөхөөр ярьсан. Яагаад гэвэл шинэчлэгдэж байгаа АН-д элсэж, намын даргыг сонгоход оролцоё гэдэг эрмэлзэл байгаа болохоор. Төрийн сонгууль ямар стандартаад явдаг вэ яг тиймээр намын даргын сонгуулийг явуулна. Ганцхан ялгаа байгаа нь саналыг хар машинаар биш гараар тоолно. Тооллогоо ажиглагч нарын дунд, ил тодоор чанга дуугаар уншиж тоолно.

-Нэр дэвшигчийн босго хэтэрхий нам байгаа юм биш үү?

-Ер нь хэдэн зуун хүн дэвшихгүй. Намын даргад нэр дэвшинэ гэсэн 5, 6-хан хүн байна. Тэдэн дээр нэмж чөлөөтэй бүртгэж авна. Маш олон хүн дэвшээд нэг хүний авах санал олон хуваагдах вий гэсэн шүүмжлэл хурлаар яригдсан. Би тэгж бодохгүй байгаа. АН-ын даргын босгыг санал өгөх гэж байгаа 180 мянга гаруй АН-ын жирийн гишүүн шийднэ. Хэдхэн хүн дээр санал төвлөрөх байх. Хэн дуртай нь нэр дэвшиж болох ч хэн дуртайг нь дарга болгохгүй байх. АН-ын сайн муу, унаж босоход цуг байсан тийм л хүмүүсийг сонгох байх.

-Намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болохгүй гэсэн заалт дүрэмд байгаа юу?

-Тэрийг оруулсан байсан. Хасъя гэдэг санал нэг их гараагүйг бодоход тэр хэвээр нь баталсан байх. Ер нь цагаан сарын өмнө бид даргатай болно. Ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүс намын даргад өрсөлдөөгүй хүмүүс дундаас гарах болов уу гэж бодож байгаа. 

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • иргэн

      (103.229.121.1) 2016-12-08 17:59
      • 0
      • 0

      одоогийн АН намын дээдцүүлээс хэн ч ерөнхийлэгчид нэр дэвших хэрэггүй дандаа муу юманд холбогдсон өөдгүй улсууд биз дээ нэр цэвэр шинэ хүн гаргахад өвснөөс зүү олохтой ойролцоо байхаа

      Хариулах