Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна

Twitter Print
2016 оны 12-р сар 08-нд 11:11 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар харьяа эрүүл мэндийн байгууллагуудын дарга, удирдах албаны хүмүүстэй уулзаж Томуу, томуу төст өвчний хүрээнд тулгамдаж буй томоохон асуудлуудыг хэлэлцжээ.

Амьсгалын замын халдварт өвчний тархалт 7.8 хувьтай, түргэн тусламжийн дуудлагын 40 хувийг эзэлж байгаа энэ үед эмнэлгүүдийн орны ачаалал эрс нэмэгдсэн тул нийт 466 ор нэмэлтээр гаргажээ. Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа юм. Нөхцөл байдалтай холбогдуулан “Тамифлю” эмийг 1000 хайрцаг захиалсан бөгөөд томуугийн вакцин 23 мянган хүн тунг 86 цэцэрлэгийн хүүхдүүдэд хийж эхэлсэн байна. Үүний зэрэгцээ, НҮБ-ын Хүүхдийн санд хүүхдийн өвчлөлтэй холбоотой амьсгал суулгалтын томуугийн эм, тариа захиалж, хүний нөөцийг /резидентуудыг/ нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж.

Уулзалтад амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтэд чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, томуугийн эсрэг вакцинд эрсдэлт бүлгийн хүн амыг хамруулахад анхаарах, дотоодын хяналт шалгалтаа сайжруулах, ижил мэргэжилтний үзлэгийг нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хийх, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хүүхдийн хоол тэжээл, ХӨЦМ-ийн хэрэгжилтийн байдалд дэмжлэгт хяналт тавих, 0-5 насны хүүхдийн гэрийн эргэлтийг сайжруулах /хүүхдийг дуудлагаар болон эргэлтээр гэрээр үзэх/, эмнэлгүүдэд орны зохицуулалт хийх, ӨЭМТ болон дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдийн уялдаа холбоог сайжруулах, дүүргийн Засаг дарга нартай хамтран ажиллах зэрэг цаашид хийх ажлуудын талаар үүрэг даалгавар өгчээ.

Түүнчлэн эцэг эхчүүдэд бага насны хүүхдээ олон хөлийн газраар авч явахгүй байх, гадуур авч гарахдаа дулаан хувцаслах, аминдэмээр баялаг хоол хүнсээр хангаж, дархлаажуулалт сайн өгч байхыг зөвлөв.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.