Ганга нуур, Оргих, Баян булгийг хамт хашиж, хөв цөөрөм байгуулахаар болжээ

Twitter Print
2016 оны 12-р сар 08-нд 08:55 цагт
Мэдээний зураг,

Ганга нуурыг хамгаалах, нөхөн сэргээх асуудлаар БОАЖ-ын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ээлжит хуралдаанаа хийлээ.

Уг хуралдаанаар Ганга нуурыг хамгаалах, экосистемийг нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. Ганга нуурыг хамгаалах, экосистемийн нөхөн сэргээх тал дээр хийсэн дорвитой судалгаа байдаггүй учир нууртай холбоотой асуудлууд тодорхой үр дүнд хүрдэггүй байжээ. Харин ажлын хэсэг энэ удаа эрдэмтэд судлаачидтай хамтран судалгаа шинжилгээ хийж түүндээ тулгуурлан бодит үр дүнтэй ажлууд хийхээр төлөвлөөд байна.

Ганга нуурыг хамгаалах төлөвлөгөөний хүрээнд Ганга нуур, Оргих, Баян булгийн хамт хашиж, хамгаалан малын хөлөөс тусгаарлах, Ганга, Дуут нуурын сав газрын гадна талд Хур борооны болон цасны усыг хуримтлуулах, хөв цөөрөм байгуулах, булгуудын тэжээлийн бүсийг тогтоож, хамгаалалтад авах зэрэг ажлыг хийхээр болжээ. 

Сүүлийн жилүүдэд Ганга нуурын ойр орчмын Холбоо, Зүүн холбоо, Цагаан, Улаан тойром зэрэг нуурууд ширгэжээ. Мөн нуурыг тойрон нүүдэллэж малаа ундаалсан малчид, иргэдийн зүй зохисгүй байдлаас болж нуур ширгэх аюулд хүрээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан БОАЖ-ын Сайдын тушаалаар Ганга нуурыг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг боловсруулах, үйл ажиллагааг зохион байгуулж, тайлагнах дээрх ажлын хэсгийг байгуулжээ.

Уг ажлын хэсэгийг БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Нямдаваа ахлан ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сүхбаатар аймгийн БОАЖГ, Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн,   Ганга нуурыг хамгаалах сан, Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн албаны хүмүүс багтжээ. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.