Бидний мэдэх "төрөл арилжсан" 69

2016 оны 12-р сар 07-нд 11:54 цагт
Мэдээний зураг,

Бидний мэдэх Уаз-469 өнөөдөр танигдахын аргагүй өөрчлөгдөж, “төрөл арилжжээ”. Одоо UAZ Patriot pickup нэртэй, туулах чадвар, тав тух илүүтэй болсон уг 69 ирэх оноос худалдаанд гарч эхлэх юм байна.

Одоо ер нь Замын-үүд боомт дээр л үзэгдэхээс биш бусад газар харагдахаа байсан хуучны УАЗ-469 болон УАЗ-3151 автомашинууд бол аль Зөвлөлтийн үеэс Ульяновскийн автомашин үйлдвэрлэлийн заводод үйлдвэрлэж эхэлсэн цэргийн зориулалттай тээврийн хэрэгсэл билээ.

Зөвлөлтийн улаан армид болон  Варшавын гэрээний улс орнуудад цэргийн дарга нарын унадаг байсан уг автомашиныг хуучин ГАЗ-69-ийг халж, 1970-аад оноос үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй. Үүний дараачаас 1985 онд илүү сайжруулсан УАЗ-3151 загвар гаргаж байсан бол 2003 оноос үйлвэрлэлээ хумиж, УАЗ- 315195 “Hunter”загварыг гаргаж, зөвхөн туршилтаар дотоодын зах зээлд нийлүүлж байсан хэдий ч 2011 онд Оросын Холбооны Батлан хамгаалах яам дахиж УАЗ-3151 загварын автомашин үйлдвэрлэхээс татгалзсан байна.

Учир нь энэ үеэс өмнөхөн Оросын зэвсэгт хүчинд Америкийн армийн M998 Humvee буюу бидний мэдэх “Hummer” автомашины хэлбэр загварыг хуулбарласан ГАЗ-2330 “Тигр”, КаМАЗ-53949 загварын тээврийн хэрэгслүүд гарч ирснээр 69 машины үе өнгөрсөн.

ГАЗ-2330 “Тигр”

КаМАЗ-53949 "Тайфунёнок"

Харин одоо 469 автомашиныг иргэний зориулалтаар бүрэн шинэчилж, 2017 оноос дөрвөн өөр төрлийн иж бүрдэлтэйгээр зах зээлд гаргах гэж байгаа аж.

Ингээд Ульяновскийн бартаат замын (внедорожник) шинэ “69” одоо задгай ачаатай (pickup) “Patriot” хэмээх автомашин болж хоцорчээ. Шинэ “69”-ын радиаторын торыг арай үзэмжтэйгээр өөрчилсөн байх бөгөөд түлшний хоёр савтай байсан бол одоо ганц болгож, жолооны хүрд, хянах самбарыг “дэлхий дахины технологийн шаардлагаар” танигдахын аргагүй шинэчилсэний дээр нэмэлт олон тоноглол тавьж өгсөн байна.

Гэхдээ Patriot загварын автомашинуудад одоо турбодизель хөдөлгүүр огт тавихгүй, зөвхөн 2,7 литрийн багтаамжтай бензин агрегат суурилуулж, 5 шатлалтай «механик» хурдны хайрцаг шийдэж өгсөн байна.

Шинэ төрлийн уг автомашины хамгийн наад захын «Стандарт» (859 000 рубль) иж бүрдэл урд хэсэгтээ ослоос хамгаалах хийн дэр болон ослын бүс, автомат халаалттай электрон толь, ABS, EBD системээр тоноглосон жолооны хүрд, тэрчлэн 16 инчийн дугуйтай болсон байна.

Харин дараагийн «Комфорт» (959 000 рублиэс дээш) иж бүрдэл нь кондишнтой, урд суудлаа халаадаг бол бардак нь ундаа ус хийгээд хөргөчихөж болох, тэрчлэн аудиосистем нь цутгамал хүрээтэй дөрвөн динамик дуугарагчтай болжээ. Дахиад харин 80 000 рубль нэмээд өгчихвөл хуруу хүрэлцэх мэдрэгчтэй 7 инчийн дэлгэцтэй, «Привилегия» гэх уянгалаг нэртэй GPS, арьсан бүрээстэй, халаадаг жолооны хүрд, ар өврөө хардаг камер, тэрчлэн эргэлтэн дээр тоормослох, өгсүүр газар хөтлөх тусламжийн систем олоод авч болох юм гэнэ.

Гэтэл шаардлага ихтэй «хөшүүн» худалдан авагчид 1 080 000 рублиэр хамгийн дээд зэргийн ангилалын «Стиль» хэмээн нэрлэгдсэн УАЗ Пикап худалдан авч болоох бөгөөд энэ иж бүрдэлд дотор салоныг тэр чигээр нь арьсаар бүрж, урд хойд суудлууд болон салхины шилийг халаадаг, салоны халуун хүйтнийг хянах систем суулгаж өгсөн байна.

Сонирхолтой нь ингэж засаж сайжруулсан пикап гаргахаас өмнө үйлдвэрлэсэн загварууд нь 839 000 рублиэр эхлэн худалдаалагдаж байсан бол одоо дилерүүд нь үлдэгдэл автомашинуудаа 669 000 рублиэр өгч байгаа гэнэ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.