Д.Оюунхорол: Дөрвөн үндсэн чиглэлийн дагуу 90 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн

2016 оны 12-р сар 07-нд 08:03 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нар 2017 онд байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын бодлогыг нийслэлд хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр болон холбогдох албаны хүмүүс уг ажиллагаанд оролцож харилцан санал бодлоо солилцож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан юм.

Улаанбаатар хот, Байгаль орчны яамтай хамтран ажилласнаараа нийслэлийн ногоон хөгжил, агаар, хөрс, усны бохирдлыг багасгах, байгаль орчин, экологийн аюулгүй байдлыг ханган ажиллахад илүү амар болох болно гэдгийг холбогдох албаны хүмүүс онцолж байлаа.

Гарын үсэг зурах ажиллагааны үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Монгол Улс тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, ногоон хөгжил, байгаль орчны бодлого хөтөлбөрүүүд болон Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд байгаль орчин ногоон хөгжлийн бүлэгт дөрвөн үндсэн чиглэлийн дагуу 26 зорилтын хүрээнд 90 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан олон зорилтот арга хэмжээ багтсан. Энэ асуудлуудтай холбогдож хамтран ажиллах гэрээ хийж өнөөдөр баталгаажуулж гарын үсэг зурлаа. Манай яам нэг сая 300 мянган хүн ам амьдарч байгаа нийслэл хотынхоо иргэд рүү чиглэсэн төсөл хөтөлбөрүүдээ амжилттай хэрэгжүүлэх, оновчтой зөв судалгаа шинжилгээнд суурилсан бодлого хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд нийслэлийнхээ удирдлагуудтай нягт хамтран ажиллахаар гэрээ байгуулаад байна” хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Байгаль орчин, аялал жуулчлалын салбар бол нийслэл хоттой хамтын ажиллагааны хамгийн нэгдүгээрт эрэмбэлэгдэх салбар гэдгийг хэлэх байна. Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотыг дэлхийн жишигт нийцсэн ногоон хөгжлийн үзэл баримтлалтай, агаар хөрс, усны бохирдол багатай иргэдийн амьдрах ая тухтай байдлыг хангасан хот болгоно гэсэн заалт орсон байгаа. Өнөөдөр бид салбарын сайдтай энэ салбарт тулгамдсан асуудлуудыг харилцан ярилцаж, шийдвэрлэх асуудлуудаар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зураад байна. Өнөөдрийн гэрээнд нийт 88 ажлыг хамтран хийхээр төлөвлөөд байна. Үүнд тусгай хамгаалалттай газрыг өргөжүүлэх, Улаанбаатар хотын усны нөөцийг нэмэгдүүлэх, хамгаалах, хотын ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөөд байна” хэмээн хэллээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.