Дайны жилүүдэд нэг хоригдол 1 хоногт 36 нэхий дээл оёж, 11 эсгий гутал гараар хийх нормтой байв

Twitter Print
2018 оны 05-р сар 08-нд 12:43 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн хоёрдугаар дайны эхний жилүүдэд ЗХУ-ын цорын ганц хамсаатан нь Монгол Улс байж, эр хүн хүлэг сайн морио фронтод өгөөд эмээлээ тэврэн явган үлдэж, эхнэр хүн ээмэг бөгжөө тайлан тусламжаар илгээгээд гар хоосон хоцорч байсан түүхтэй.

Тэр үед ял эдлэж байсан хоригдлуудад бүр ч хэцүү даалгавар оногддог, биелүүлэхгүй бол амьтай нь ярьдаг байжээ. “Эх орны дайны жилүүдэд 24 цагийн дотор нэг хоригдол хүн 36 нэхий дээл оёж, 11 эсгий гутал гараар хийж байв. Мөн офицер ажилтан нар Улаан армид хувийн бэлэг өргөнөөр явуулж байсан. Би 1592 төгрөгийн бэлэг явуулж хувь нэмрээ өчүүхэн ч болов оруулж байв” хэмээн 1939-1949 онд Дотоод явдлын яамны Засан хүмүүжүүлэх үйлдвэрийн лагериудыг удирдах газарт алба хааж явсан, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Жанцангийн Сандуйжав 1986 онд дурсан бичсэн байх юм.

1941 оны зургадугаар сар гэхэд манай оронд 17,5 сая адуу тоологдож байсан баримт мэдээлэл бий. Фронтод агт морьд нийлүүлэх ажил 1941 оноос эхэлсэн бол Монголын засгийн газар 1942 оны гуравдугаар сараас Улаан армид зориулсан агтыг төлөвлөгөөтэйгээр “бэлтгэж” эхэлсэн байдаг билээ. Ингээд дайны дөрвөн жилийн хугацаанд ЗХУ-д 485 мянган агт нийлүүлсэн байв. Зарим нэгэн эх сурвалжийн мэдээллээр бол 500 мянга яльгүй гаран.

“Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэх хэлц үг чухадаа энэ үеэс эхтэй байж мэдэх юм.1941-45 онуудад ЗХУ ямар ч их хэмжээний хөрөнгө мөнгө зараад хагас сая тооны агт морьд олж чадахгүй байсан юм. Монголын тооны тийм их адуун сүрэг тэр үедээ зөвхөн Хойд болон Өмнөт Америкаас олдож болох байв. Энэ тооны их хүлэг морьд худалдан авна гэдэг асуудал ярихын ч хэрэггүй, учир нь богино хугацаанд тийм их тооны морьд худалдаж авна гэвэл үнэ мөнгө нь хөөрөгдсөн өндөр болох байсны дээр ЗХУ-д хүргэж өгнө гэдэг “ленд-лиз”-ийн асуудлаас өгсүүлээд олон талын төвөг чирэгдэл учруулах байв.

Гэтэл Монголын талаас агт морьд нийлүүлэх асуудал үндсэндээ ЗХУ-д төлөх өрийг хаах харилцан тохиролцооны үндсэн дээр төлөвлөгөөний дагуу нийлүүлж байсан юм. Тийм ч учраас тухайн үед большевикуудаас Монголд оруулсан улс төр, эдийн засаг, цэргийн бүх хөрөнгө оруулалт нөхөгдсөн гэж үзэж байсан билээ. Монголчуудын энэ хичээл зүтгэлийг фронтын аль ч өнцөг булан бүрт Улаан армийн дайчид үнэлж, агт морьд нь хүртэл яс махаараа тэр бүгдийг илтгэн харуулж, мэдрүүлж байсан гэдэг.

Өвс тэжээл, арчилгаа шаарддаггүй, эдэлгээ сайн даадаг Монгол морьд Европ зүгийн адууг бодвол фронтын онцгой хүнд нөхцлийг давахдаа хавьгүй илүү байв.  

1941-1945 оныг дуустал Смоленскаас Сталинградаар дайрч, Будапешт, Манжуур хүртэл тулалдаж явсан механикжуулсан морьт цэргийн генерал Исса Плиев хожим нь “Тэсвэр гэж гайхамшигтай Монгол морьд Зөвлөлтийн танктай зэрэгцэн Берлин хүрсэн юм” гэж бахдан бичсэн байжээ.

1943-1945 онуудад фронтын таван агт тутмын нэг нь монгол морь байсан юм. Гэтэл Оросууд дэлхийн хоёрдугаар дайны он жилүүдэд Америкийн хүргэсэн тус “ленд-лиз” дайны явц, ялалтад  хэрхэн нөлөөлсөн тухай судалгаа явуулж, дөвийлгөн бичихээс бус Монгол морьдын фронтод оруулсан хувь нэмрийг огтхон ч үл дурьдах тал бий. Гэвч Монголын “ленд-лиз” зөвхөн дэндүү гэмээр их тэсвэртэй морьдоор хязгаарлагддаггүй байлаа.

deel-copy-copyЗөвлөлтийн ард түмэн, улаан армид зориулан монголчуудын илгээсэн бэлэглэлийн хоёр дахь цуваа 1942 оны эцсээр Москвад очжээ. Зөвхөн энэ удаад гэхэд л 236 вагон бэлгийн эд зүйлс хүргэж өгсөн бөгөөд Монголын ард түмний бэлгийн хөрөнгөөр бүтээсэн “Хувьсгалт Монгол” танкийн цуваа байгуулж, 53 танкийг маршал Х.Чойбалсан тэргүүтэй төлөөлөгчид танкийн бригадад гардуулан өгчээ.

“Төлөөлөгч нэг бүр нэг танкийг дайчдад гардуулах болсонд би ДЯЯ, хязгаарын цэргийн нэр хаягтай “350-Т-34” гэсэн хувийн номертой танкийг дэслэгч Мишенкод гардуулсан билээ” гэж 1942 онд улаан армид бэлэг хүргэхэд оролцсон Чүлтэмийн Сүнрэв 1985 онд дурсамждаа өгүүлжээ.

1943 оны хоёрдугаар сарын 2-нд Кремльд болсон дээд хэмжээний хүлээн авалт дээр Иосиф Сталин “Монголын ард түмэн бидэнд сэтгэл харамгүй тусалж байна. Энэ бол “Ядрах цагт нөхрийн чанар танигдана” гэдэг ардын зүйр үг үнэн болохын нотолгоо мөн” гээд дахин дахин талархал илэрхийлж байжээ.

Оросын соннд гарсан "Дэлхийн хоёрдугаар дайны үед монголчууд америкуудаас хавьгүй илүү тусламж үзүүлсэн" гэсэн гарчигтай нийтлэл дээр нэлээн олон тоо баримт дурдаж монголчуудын ач тусыг хэзээ ч бид мартах учиргүй ээ. Монголын ард түмэнд чин зүрхнээсээ талархаж явна гээд доорх тоо баримтыг дурдсан байна. Үүнд: Монголчууд хоёрдугаар дайны үед агт морьдоос гадна нэхий дээл 30 115; эсгий гутал 30 500 хос; нэхий бээлий - 31 257 хос; нэхий жилет - 31 090; цэргийн бүс - 33 300; ноосон хүрэм - 2 290 шт; нэхий хөнжил - 2 011; алимны чанамал - 12 954 кг; зээрийн мах - 26 758 ш; мах - 316 000 кг; хувийн илгээмж - 22 176 ш; хиам — 84 800 кг; масло — 92 000 кг-ыг илгээсэн хэмээн 1971 онд хэвлэгдсэн «Эскадрилья Монгольский Арат» номноос иш татан мэдээлжээ.

Р.Этүгэн, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • би

      (122.201.26.172) 2018-05-08 14:56
      • 0
      • 0

      Одоо ингэж ажиллавал Азийн барууд цаашаа зүгээр. Монгол болон бусад өндөр хөгжилтэй орнууд гэж яригдах байсан байлгүй.

      Хариулах

    • Зочин

      (49.0.149.7) 2018-05-08 10:01
      • 0
      • 0

      Энэ дайнд тусалсны хүчинд монголын тусгаар тогтнолыг Сталин бусад гүрнүүдээр зөвшөөрүүлсэн дээ. Монголын тусыг Одоо оросууд мартсан байхаа.

      Хариулах

    • Irgen

      (175.193.86.101) 2017-05-08 13:47
      • 0
      • 2

      Oрос монголын найрамдал үнэхээр гайхалтай байсийм шүү.Монголд маш их бүтээн байгуулалтыг хийж өгснөөр бид одоо өдий зэрэгтэй байгаа гэдгийг монголчууд үeийн үeд мартах ёсгүй.дайны үed ч тэр ялахын төлөө нэг санаа сэтгэлтэй байсан.Халх голын дайнд ёстой ах нь дүүгээ өмөөрч буй мэт монголын төлөө олон сайхан залуучууд алтан амиа өгсөнийг ч бид мартах ёсгүй.мартах ёсгүй юм байдаг бол энэ сайхан найрамдалт харилцааг мартах ёсгүй.

      Хариулах