Эрдоган Асадыг унагах гэсэн мэдэгдэлдээ тайлбар хийв

Twitter Print
2016 оны 12-р сар 02-нд 08:19 цагт
Мэдээний зураг,

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсаны дараа Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг унагах явдал тус улсад явуулах байлдааны ажиллагааны гол зорилго гэж мэдэгдэв.  

Туркийн цэрэг Сирид "Евфратын бамбай" нэрийн дор явуулж буй байлдааны ажиллагаа "аль нэг улс орон, хувь хүмүүсийн эсрэг бус, зөвхөн террорист байгууллагуудын эсрэг тэмцэхэд чиглэгдэнэ. Дахин дахин давтаж байгаа энэ мэдэгдэлд эргэлзэх явдал ерөөсөө байхгүй, өөрөөр тайлбарлахын хэрэг ч байхгүй" хэмээн Эрдоган мэдэгдсэнийг Туркийн Hurriyet Daily News сонин тэмдэглэсэн байна. Туркийн ерөнхийлөгч уг мэдэгдлийг орон нутгийн засаг захиргааны ахлагчдыг Анкара дахь ерөнхийлөгчийн ордондоо хүлээн авсан 30 дахь уулзалт дээр хийжээ. 

Түүний энэ мэдэгдэл Москваг гайхашруулсан бөгөөд оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга  Дмитрий Песков, Туркийн засаг захиргаа урьдын байр сууриа эрс өөрчилж, Эрдоганы хийсэн уг мэдэгдэлд тайлбар өгөхийг Кремль хүлээж байна гэж мэдэгджээ. 

Кремль тэрчлэн Сирийн хямралыг тогтоон барих үйл явцад уг мэдэгдэл сөрөг нөлөө үзүүлнэ гэж тэмдэглэсэн байна. ОХУ-ын засаг захиргаа Башар Асадыг Сирийн хууль ёсны ерөнхийлөгч гэж үзэж байгаа учраас Оросын нисэх хүчин  тус улсын засгийн газрын цэргүүдэд тал бүрийн дэмжлэг үзүүлж ирсэн билээ. 

ОХУ-ын Гадаад харгилцааны яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова асуудлыг "судлаж" үзсэний дараа  Асадыг унагах Туркийн ерөнхийлөгчийн төлөвлөгөө "яг шууд хэлсэн үг биш" гэж мэдэгдсэн бол Эрдоган өөрийн мэдэгдлийнхээ асуудлаар дараа нь Путинтэй утсаар ярьж, "зохих ёсны тайлбар өгсөн" гэж Оросын төрийн тэргүүний туслах Юрий Ушаков тэмдэглэсэн байна.

Туркийн армиас Сирид явуулж байгаа тусгай ажиллагаа наймдугаар сарын 24-нээс эхэлсэн бөгөөд сөрөг хүчний  "Эрх чөлөөт сирийн арми"-тай хамтран Туркийн өмнө хилийн бүс нутгийг "Лалын улс" бүлэглэл, Курдистаны Ажилчны нам, Курдын  "Ардчилсан холбоо"-ны дайчдаас чөлөөлөхийн төлөө тэмцэж байгаа аж.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.