Л.Энх-Амгалан: Би АТГ-аар шалгуулах хүсэлтээ гаргаж байна

Twitter Print
2016 оны 11-р сар 30-нд 13:36 цагт
Мэдээний зураг,

Хөгжлийн банканд шалгалт хийсэн ажлын хэсэг өчигдөр дүнгээ танилцуулах байсан ч ирэх долоо хоногт болгон хойшлуулсан. Тус банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн сэжигтнээр татан, шалгаж байгаа юм. Шалгалтын дүн ил тод болоогүй байгаа ч УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ өнгөрсөн даваа гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр МАН-ын гишүүдийн удирддаг томоохон компаниуд ч Хөгжлийн банкаар дамжуулан олгосон зээлээс авсан гэж мэдэгдсэн. 

Мөн MCS группийн мэдэлд байдаг Скай ресорт, Энержи Ресурс компаниуд бондоос санхүүжилт авсан талаар Н.Мөнхбат захирал мэдэгдэж байсан юм. Үүнд хариу болгон УИХ-ын гишүүн, MCS группийг үүсгэн байгуулагчдын нэг  Л.Энх-Амгалан “Би шалгуулахад бэлэн, нээлттэй” гэж Их хурлын танхимд мэдэгдсэн.    

Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өнөөдөр энэ асуудлаар хэвлэл мэдээллийнхэнд зориулж мэдээлэл хийлээ. Тэрбээр "Хөгжлийн банкны үйл ажиллагаа, Чингис, Самурай бондын хөрөнгийн зарцуулалтыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн парламентын үед ахалж байсан. Ажлын хэсэг өнгөрсөн зургадугаар сард дүгнэлтээ гаргасан ч тухайн үед АН-аас ажлын хэсэгт орсон гишүүд гарын үсэг зураагүй. Тиймээс УИХ-аар хэлэлцэж чадаагүй. Ингээд тухайн үеийн МАН-ын 25 гишүүн гарын үсэг зураад ажлын хэсгийн дүгнэлтийг АТГ-т хүргүүлсэн байна. Хууль хяналтын байгууллагууд үүнд хэрэг үүсгээд шадгаж байгаа" гэлээ.

Мөн “Үүний хажуугаар шинэ Засгийн газрын Хууль, зүйн Дотоод хэргийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг шалгаж байгаа. Энэ материалыг УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. Өмнөх дүгнэлтээр Хөгжлийн банк олон хуулийг зөрчсөн, УИХ, Засгийн газраар батлуулаагүй олон зуун тэрбумын төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн, энэ нь баримтаар нотлогдсон. Хоёрдугаарт гэрээ байгуулаад, гүйцэтгэлээ хийгээд мөнгөө авахдаа төсөвт өртгийг нь 3-4 дахин нэмж авсан олон компаниуд байна. Энэ нь шалгалтаар илэрсэн. Гуравдугаарт ямар нэгэн тендергүйгээр төсөл, хөтөлбөрүүдийг шалгаруулж байсан. Энэ мэт зөрчлүүд гарсан. Одоогийн ажлын хэсгийн дүгнэлтээр 1,3 их наяд төгрөгийн зөрчил гарсан” гэлээ.

Мөн АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, дэд дарга Д.Пүрэвдорж нар “Хөгжлийн банкийг өмнө нь шалгаж байсан Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр, Ц.Гарамжав болон МАН-ын нэр бүхий гишүүдийн компаниуд нийт зээлийн 60 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг авсан байна гэсэн үндэслэлгүй, нэр төрд халдсан мэдээлэл хийсэн. Тиймээс УИХ-ын халдашгүй байдлын дэд хороон дарга Ц.Нямдорж, УИХ-ын Ёсзүйн дэд хороон дарга Д.Лүндээжанцан нарт хандаж УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхээсээ татгалзаж, хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байна гэсэн хүсэлт гаргаж байна. Хууль хяналтын байгууллагаар хууль зөрчсөн үйл ажиллагаа нь тогтоогдвол би УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн байна. Энэ үйлдэл УИХ-ын түүхэнд өмнө нь гарч байгаагүй” гэлээ.

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Таны хувьцаа эзэмшдэг компаниуд Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй гэсэн үг үү. Хэрэв байгаа бол хэдий хэмжээний зээл авсан юм бэ. Эргэн төлөлт нь ямар байгаа вэ?

-2000 гаруй аж ахуйн нэгжүүдэд арилжааны шинжтэй зээл олгосон юм байна. Гэхдээ Хөгжлийн банкаар зээл олгохдоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гаргасан байна. Энэ нь нийт төслийн санхүүжилт шаардлагатай байгаа зээлийн 3.2-ыг тухайн компани гаргасан байх ёстой. 3.1-д шаардлагатай санхүүжилтийг Хөгжлийн банкнаас олгоно гэсэн зөвлөмж гаргасан. Гэтэл харамсалтай нь өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкнаас олгосон зээлүүд Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг зөрчсөн буюу 100 хувь төсвөөс эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгосон байна. Тиймээс би АТГ-т өнөөдөр дахин хүсэлт гаргаж 2012 оноос хойш миний хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлсэн компаниудын аль нь хэдэн төгрөгийн зээл авсан бэ, Хөгжлийн банканд шалгалт хийх ажлын хэсгийг ахалж ажиллахдаа УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг ашиглаж, хууль бусаар зээл авсан байна уу гэдгийг тогтоож өгөхийг хүснэ. АТГ дүгнэлт гаргасны дараа Ёс зүйн дэд хороо, Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж дүгнэлтээ гаргах байх. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт албан ёсоор мэдүүлсэн компаниуд Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй гэдгийг би хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тийм ч учраас би Ёс зүйн дэд хороо, Халдашгүй байдлын дэд хороонд хүсэлтээ гаргаж, АТГ-аар шалгуулах хүсэлтээ хүргүүлж байна.

-Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудын 60 орчим хувь нь МАН-ын гишүүдийнх гэж АН-ын бүлгийн гишүүд мэдэгдсэн. Яг хэн, хэний компани хэдий хэмжээний зээл авсан, эргэн төлөлт нь ямар түвшинд байгаа гэдэг мэдээллийг олон нийтэд ил болгох уу?

-Хамгийн гол нь Хөгжлийн банканд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэх ёстой. Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцсэн тохиолдолд бүх мэдээллийг олон нийтэд ил тод болгох ёстой.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.