С.Эрдэнэ: Үзэл санааны туг босгож байж жинхэнэ нэг нам болж шинэчлэгдэх ёстой

Twitter Print
2016 оны 11-р сар 30-нд 08:27 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.

-УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж чадахгүй гишүүд нь хэдэн тийшээ хараад суучихсан гэсэн мэдээлэл гарах боллоо. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд танай Бүлэг яагаад хуралдаагүй юм бэ?

Хурлаа хийгээд л байгаа шүү дээ. Манай намын Бүлэг хэвийн л хуралдаж байгаа. Өнөөдөр (өчигдөр) өглөө гэхэд хуралд ирвэл зохих есөн гишүүнээс найм нь ирсэн.

-Гэхдээ үүний өмнөх хоёр удаагийн Бүлгийн хурал болоогүй шүү дээ?

Хоёр биш нэг л удаа өнжсөн. Шалтгаан нь гишүүд гадаад, дотоод томилолттой байсан учраас хэлэлцэх асуудлаа түр хойшлуулсан юм. Ер нь бол биднийг аль болох хагалах, муухай харагдуулах, АН-ын бүлэг ажиллаж чадахгүй байгаа мэтээр нийгэмд харуулах гэсэн сонирхол зарим нэг хүмүүст байна.

Тэдний зүгээс л шидэж байгаа чулуу. АН-ын бүлэг байгуулсан цагаасаа хойш хамгийн идэвхтэй ажиллаж байгаа. Сөрөг хүчний хувиар эрх баригчдын явуулж байгаа үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж, санал шүүмжлэл гаргаж ажиллаж байна. Зарим хүмүүст энэ таалагдахгүй ч байж магадгүй. Тийм учраас зориуд бүлгийн үйл ажиллагааг үгүйсгэсэн, дотор нь хагалах бутаргах гэсэн улстөржсөн зүйл явж байгааг үгүйсгэхгүй.

-Эрх баригч нам УИХ-д 65 гишүүнтэй байна. Ийм хүчний өөдөөс ажиллах нь мэдээж бэрхшээлтэй. Бараг үр дүнтэй ажиллаж чадахгүй гэж ярих хэсэг ч байна.

Ер нь тэдэнтэй чинь ажиллахын тулд бид маш их судалгаа, шинжилгээ, дүгнэлт гаргаж, тодорхой нагпох тоо баримт цуглуулга, орж ирж байгаа хууль эрхзүйн актууд, нийгэм, эдийн засгийн бодлогууд, төсөл хөтөлбөрүүд дээр бид маш их ажиллаж байгаа. Есөн хүндээ ахадсан тийм ачаалалтай л ажиллаж байна.

Тэгээд арга буюу бид өмнөх УИХ, Засгийн газарг ажиллаж байсан гишүүдээ дайчилсан. Өөрсдийнх нь саналд тулгуурлаж орон тооны бус зөвлөхүүдийн зөвлөл байгуулаад УИХ-ын найман байнгын хороонд хуваарилаад ажиллаж байгаа. Одоо бид есүүлээ биш. Орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа 26 хүнтэй нийлэхээр ямар ч байсан 35 хүний хэмжээнд ажиллаж байна. Энэ бол бодлого боловсруулах, эрх баригчдын явуулж байгаа үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөхөд том нэмэр болж байгаа зүйл.

-Өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг УИХ баталлаа. Хөтөлбөрийн талаар ямар байр суурьтай байна вэ?

Онцгой хэмжээний хөтөлбөр байж чадаагүй шүү дээ. Зүгээр л бахь байдаг л юм орж ирсэн. Бидний хүсч хүлээж байсан хөтөлбөр биш байлаа. Хамгийн гол нэг л зүйлийг хэлэхэд эдийн засгийн реформ хийх хэмжээнд бодлого орж ирээгүй. Ганцхан жишээ хэлэхэд эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хийх, нэг тулгуурт эдийн засгийн бүтцийг өөрчилж олон тулгуурт болгох ядаж анхны оролдлого хийсэн тийм хөтөлбөр, зорилт орж ирсэнгүй. Энэ бол эд нар цаашдаа эдийн засгийн бүтцийг өөрчлөх, нийгэмд эерэг нааштай алхам хийх чадваргүй юм байна гэдгийг л харууллаа.

-ОУВС-гнйн “Стэнд бай” хөтөлбөрт орвол эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийх юм биш үү?

“Стэнд бай” дагах өөрчлөлт гэж байхгүй. Монгол төрийн өөрийн бодлого гэж байх ёстой биз дээ. Эд нар чинь “Бид улс орноо авч явж чадна. Улс орныхоо нийгэм, эдийн засгийг шинэчилж чадна, ард түмнээ сайхан амьдруулна” гэж л сонгуульд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлсэн биз дээ. Одоо хийж байгаа үйлдэл алхам бүр нь тэр дэвшүүлж байсан мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг яваад байна. Тэгэхээр мөрийн хөтөлбөрийг нь юу гэж ойлгох юм. Залилан мэхэлсэн хэлбэр гэж ойлгох уу.

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах саналаа Засгийн газар албан ёсоор ОУВС-д тавиагүй байгаа юм билээ. Энэ хөтөлбөрт хамрагдах эсэх талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

Нэгэнт шинэ юм хийж чадахгүй, шинэ эерэг зөв алхам, гарцаа олж чадахгүй бол тэгээд хамгийн зөв арга бол “Стэнд бай” хөтөлбөр л болж хувирах гээд байна.

Шинэ юм хийж чадахгүй бол тэр рүүгээ ор л доо. Тэгээд бусдаар юмаа заалгаад хянуулаад заасан хэмжээнд нь ажиллаж, амьдраал явах ийм л зам үлдэж байна шүү дээ. Өөр юм хийх чадвар эдэнд алга. Уг нь хамгийн их боломжтой улс бол Монгол юм. Байгалийн баялгийн асар их нөөц, том газар нутаг, цөөхөн хүн ам, эдийн засгийн боломжит үзүүлэлтүүд гэх мэт.

Манай нам эрх сонгуулийн дараа хоёрхон хувийн инфляци хүлээлгэж өгсөн. Гэтэл эрх баригчид ирэх онд найман хувь байна гээд төсөвтөө суулгачихлаа. Үндэсний нийт бүтээгдэхүүнд эзлэх алдагдлын хэмжээг бид 4.6 хувьтай өгсөн шүү дээ. Эд нар 9.1 болгоод саяхан баталчихлаа. Яагаад бүх зүйлийг ингэж дандаа харлуулсан юм руу авч яваад байгааг ойлгохгүй байгаа.

-Өр төлбөр их төлөх болохоор ийм байхаас аргагүй юм биш үү?

Үгүй дээ. Ирэх онд төлөгдөх өр, авлага дотор АН-ын Засгийн газрын үед тавьсан нэг ч төгрөг байхгүй. Жишээ нь, Чингис бонд гэхэд 2013 онд таван жилийн хугацаатай авсан 2018 оноос эхэлж төлөгдөнө. 2017 төлөгдөхгүй.

-2017 оны гуравдугаар сард зээлийн хүү, эхний төлөлтүүд явах биш бил үү?

Тэр чинь өөр зээл. Сү.Батболд, С.Баярын Засгийн газрын үед авсан өөр зээлүүд юм. Би өөрөө Засгийн газрын гишүүн байсан хүний хувьд мэдэж байна.

-Танай намын ҮЗХ саяхан хуралдаж дүрмийн шинэчлэлийн ажлын хэсэг байгуулсан. АН-ын дүрмийн шинэчлэлийн талаартаныхаас гадна шинэчлэлийн хороо, Л.Гантөмөр, Л.Болдоор овоглосон хэд хэдэн төсөл явж байсан. Энэ ажил юу болж байна вэ?

Үзэл баримтлалын төсөл, үндсэн дүрмийн төсөл гээд минийх шиг хэвлэмэл байдлаараа ил тод, нээлттэй, олон түмэн, гишүүддээ хандаж гаргасан төсөл хөтөлбөр одоогоор алга. Зүгээр “Би ингэж бодож байна”, “Би тэгж харж байна”, “Дүрмийн тийм заалт дээр ийм заалт оруулах хэрэгтэй” гэдэг саналууд бол зөндөө байгаа. Яг албан ёсны болгоод, хэвлээд хүнд ойлгогдохоор юм нээлттэй зарлаад хэлэлцүүлж байгаа юм ховор байна л даа.

-Гэхдээ ҮЗХ-ны хуралдааны өмнө боловсруулсан бэлэн байгаа л гээд байсан шүү дээ?

Байгаа юм бол гаргаад хэлэлцүүлэгт оруулах ёстой. ҮЗХ-ны хуралдаанаас хойш Үндсэн дүрмийн ажлын хэсэг их нээлттэй ажиллаж байна. Ажлын хэсэгт бараг 100-гаад хүн орчихсон ажиллаж байна шүү дээ.

Хүмүүсийн оролцоо сайн байгаа. Их хурлыг зохион байгуулах ажлын хэсэг ч сайн ажиллаж байна. Бэлтгэл ажил санасныг бодоход сайн хангагдаад явж байна. Үүнээс ямар ч байсан АН-ын шинэчлэлийн бэлтгэл үйл ажиллагаа эрчимтэй хангагдаж байна гэж харж байгаа.

-Тэгэхээр АН-ын Үндсэн дүрмийн шинэчлэлийн ажлын хэсэг дээр ганцхан таны төслийг л хэлэлцэж байгаа хэрэг үү. Дүрэм боловсруулах ажил ямар шатандаа явж байна вэ?

Ганцхан миний төсөл гэж болохгүй. Орж байгаа санал, ярьж байгаа зүйлс маш их бий. Дүрмийн төслийг эцсийн байдлаар хэвлэсэн хувилбараар бүх сумд, хороодод хүргүүлэх ажлууд эхэлж байгаа. Тэр дотор миний санаанууд ч орсон. Мөн өөр хүмүүсийн олон санаа ороод явж байна. Нэг ёсондоо үндсэн дүрмийн ажлын хэлэлцүүлэг дуусах шат руугаа орсон. Мэдээж түүн дээр хасах, нэмэх, авах, гээхийн ухаанаар хандах зүйлс бий л дээ.

Саяхан болсон ҮЗХ-ны хуралдаанаас гарсан тогтоол шийдвэрээр бол АН-ын Гүйцэттэх зөвлөл намын Их хурал зохион байгуулах буюу дүрмийн ажлын хэсгээс гарсан аливаа дүрэм төслүүдийг хянаж, эцсийн хувилбараар баталж намын Их хуралд танилцуулах ёстой. Хэрвээ наана нь хэрвээ цаг байгаад шаардлагагай гэж үзэх юм бол ҮЗХ-г хуралдуулж дүрмийн төсөл, хурлын зохион байгуулалтын асуудлыг оруулах ажлууд хийх боломжтой. Шаардлагагүй бол Гүйцэтгэх зөвлөлөөр асуудлаа шийдээд Их хурал руугаа орох ийм л асуудал байгаа.

-АН-ын Үндсэн дүрмийн гол өөрчлөлт нь юу байх бол. Намын дарга нь Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэж оруулахаар болсон гэсэн байх аа?

Нам өөрөө ганц дүрмээр шинэчлэгдэхгүй шүү дээ. Жишээ нь, фракцууд гэж яриад их шүүмжилдэг. Цаг хугацааны хувьд хөөж үзвэл 2000 онд ардчиллын гэсэн ерөнхий хаягтай тэс өөр таван нам югдсэн. Нэгдсэн боловч дотроо үзэл баримтлал, онолын хувьд ондоо гэсэн үг. Тиймээс Ардчилсан намын яг үндсэн онолын үндэс сууриа тавьж чадаагүй. Дэлхийн ардчилсан холбооны эрхэмлэх зүйлүүдийг гол зарчим, үнэт зүйл болгоод явчихсан.

АН өөрийн гэсэн өнгө төрх, үзэл баримтлал, онолын сууриа тавьж чадаагүй. Үнэт зүйлээ бас яг зөв оновчтой тодорхойлоогүй. Үзэл санааны тугаа босгож чадаагүй л юм. Тийм учраас нөгөө нэгдсэн таван намууд чинь угшил гарлаараа дотроо фракц болоод гог нэгнийхээ дээр гарах гээд хоорондоо өрсөлдөж тэмцэлдээд тэр нь өөрөө сүүлдээ нам доторх фракцуудын хурц тэмцэл болж хувираад нийгэмд сөрөг муухай харагдаад явсан ийм л асуудал шүү дээ.

-Тэгэхээр одоо яах ёстой вэ?

Хэрвээ нам шинэчлэе гэж байгаа бол нэгдүгээрт ямар үзэл санаа баримталж, юуны төлөө явах тэр үзэл санааныхаа тугийг босгох ёстой. Ингээд үзэл санааныхаа тугийг тойроод үзэл баримтлал, онолынхоо суурь, үнэт зүйлээ бий болгох хэрэгтэй. Тэр фракцуудад байгаа гишүүд “Би АН-ын гишүүн учраас аль нэг угшил гарвалаа дагаад явах биш. Ийм үнэт зүйлийн төлөө явах юм байна” гэсэн зүйл рүү л орох ёстой. Би жишээ нь АН-ын үзэл баримтлалын төслийг боловсруулахдаа “АН-ын үзэл баримглалын тунхаг” гээд гурван зүйл заалт бүхий тунхагийн санал оруулж ирсэн.

Тодруулбал, улс төрийн үзэл баримтлалын тунхаг, эдийн засгийн үзэл баримтлалын тунхаг, эрдэм соёл хүмүүнлэгийн үзэл баримтлалын тунхаг гээд гурван тунхагтай. Мөн АН- ын үзэл баримтлал гээд найман зүйл заалт бүхий үзэл баримтлалын төслийг оруулсан. АН-ын гишүүн иргэдээ дээдлэн хүндэлж, тэдний төлөө зүтгэх үзэл гэх мэт найман төрлийн үзэл баримтлал бий. Түүнчлэн АН-ын гишүүний эрхэмлэх үнэт зүйлийг таван төрөлд хувааж өгсөн. Жишээ нь, эх орон тусгаар тогтнолоо хамгаалагч байна. Эх орныхоо тусгаар тогтнолыг тууштай сахин хамгаалахыг дэмжинэ. Эдийн засгийн явцуу сонирхлыг дэмжихгүй. Улс орны тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц зүйлийг дэмжихгүй гээд ялгасан байгаа.

Ямар асуудлыг дэмжих, дэмжихгүйг оруулж нарийн гаргасан үзэл баримтлалын төсөл юм. Ингэж өгөхгүй бол өнөөдөр яаж байна гэхээр нэг гишүүн намд элслээ гэхэд хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл рүү явж орчихоод байгаа. Энэ нь бидний яриад байгаа фракц. Өөр олж харах гэхээр өөр үнэт зүйл, үзэл баримтлал, онолын төсөл, зорилт, үзэл санааны туг харагдахгүй байгаатай л холбоотой.

-Шинэ дүрмнйн төслийн дагуу бол АН фракцгүй болох юм байна гэж ойлгож болох уу. “Нэг ардчилал” фракц өөрсдийгөө татан буулгаж байгаагаа зарлаж байсан?

Үзэл санааны туг босгож байж жинхэнэ нэг нам болж шинэчлэгдэх ёстой л доо. Хүн аль нэг фракц руу ордог биш. Харин үзэл санааныхаа төлөө энэ нам руу орж ирдэг. Намын хүн байдаг байх ёстой. Тэр бол намын том шинэчлэл. Мөн фракцыг 100 хувь үгүйсгэх юм бол бас худлаа. Ер нь аль ч улс оронд улс төрийн хүчин дотор лобби бүлэг буюу фракц байдаг.

Тухайн аль нэг асуудлаар фракц үүсгэдэг тохиолдлууд ч бий. Байнгын лобби бүлэг буюу фракцалдаг тохиолдлууд ч байна. Үүнийг үгүйсгэх боломжгүй. Өнөөдөр жишээ нь зарим нэг фракцууд тарлаа гэж байна. Гэтэл тарчихаад яах юм. Тэр фракцид байсан хүмүүс хоорондоо дуугарах, мэндлэх, уулзахаа больчих юм уу. Үгүй л байхгүй юу. Тийм утопи юм ярьж болохгүй шүү дээ.

Үнэхээр фракц байхгүй болгоё гээд онолын түвшинд том харж байгаа бол үзэл санааныхаа тунхагийг бий болгож тугийг нь босго. АН-ын гишүүдийн эрхэмлэх үнэт зүйлийг бий болгож өг. Тэгэх юм бол “Би фракц гэхээсээ илүү намынхаа үнэт зүйлийг эрхэмлэх ёстой юм байна. Бид намынхаа үзэл санааны тугийг тойрч нэгдэх ёстой юм байна” гэнэ шүү дээ. Тэгвал нам сая жинхэнэ шинэчлэгдэж байгаа хэлбэр тэр болно. Тэрнээс хэн нэгэн Доржийг Батаар сольсноор шинэчлэгдэхгүй.

Манайхан бол нөгөө л хуучин арга барилаараа лобби хийх, янз бүрийн угшил гарвалаараа бий болсон фракцаараа тулгуурлаад намын Их хурлын гишүүдийн төлөөлөгч дунд янз бүрийн давуу байдал олж авах, ийм байр сууриар хэн олонх болсон намын даргыг сонгож тэрийгээ шинэчлэл гэж нийгэмд харуулах гээд зориод байгаа юм. Үгүй юм аа. Хэрвээ бид намаа шинэчлэх гэж байгаа бол үзэл санааныхаа тунхагийг зарлаж, үзэл баримтлал, онол, намын гишүүний үнэт зүйлийг тодорхойлох ёстой. Түүнийгээ тойроод хэдэн мянган гишүүн нэгдэж, зөвхөн тэр үйлсийнхээ төлөө явдаг болох хэрэгтэй. Мэдээж тодорхой асуудлаар лобби бүлэг, фракц байгуулахыг үгүйсгэх арга байхгүй.

-Их хурлын бэлтгэл ажил хэр байгаа бол. Үүр бүрээс төлөөлөл оруулах ёстой гэдэг шаардлагыг намынхаа удирдлагуудад өгч байгаа тухай хэсэг иргэд мэдээлэл хийж байсан?

Угаасаа бүх үүрүүдээс төлөөлөл орно. 330 гаруй сум, нийслэлийн 152 хорооны үүрүүдээс нэг, нэг төлөөлөл орохоор төлөөллийн квотоо тогтоочихсон.

-Тэгвэл тэр мэдээлэл хийсэн хүмүүс ямар учиртай юм бэ?

Нэг лобби явж байгаа юм билээ. Гэхдээ аливаа байгууллага, нам улс төрийн хүчин тодорхой хязгаартай байх ёстой. Хүн бүрийн хүслээр явна гэвэл аль ч байгууллага, улс төрийн хүчин тогтохгүй шүү дээ. Тодорхой хэмжээ хязгаар, хэм хэмжээн дотроо үйл ажиллагаа явуулах ёстой шүү дээ.

-Арванхоёрдугаар сарын 6-ндаа АН-ын Их хурал хуралдах болов уу. ҮЗХ бол нэлээд олон удаа хойшилдог шүү дээ?

ҮЗХ-ын 200 гаруй хүн цуглуулах, намын Их хурлын 1210 хүн цуглуулах хоёр чинь өдөр, шөнө шиг ялгаатай. Хоёрдугаарт, нийгмийн хүлээлт байна, гуравдугаарт, асар их бэлтгэл ажил хийж байна. Үүнийг хойшлуулах боломж байхгүй.

-АН-ын хувьд ҮЗХ-гоо фракцууд нь багцалдаг. Их хурлын төлөөлөгчдийг багцлах боломжтой юу?

Оролдлогууд бол явж л байгаа шүү дээ. Бүгд л тал талаасаа хийж л байгаа. Гэхдээ үйлдэл болгоныг дандаа хараад Их хурлын үйл ажиллагаанд туслах, дэмжих гэсэн ажлыг хор найрууллаа, лоббидож байна гзж болохгүй. Бас үйлдэл болгоныг зөвшөөрөөд замбараагүй байдалтай болгоод байж болохгүй л дээ.

Тэгэхээр авч гээхийн ухаанаар зөв“ зүйтэй хандах хэрэгтэй. Бидний гол зарчим бол ялангуяа хариуцлага хүлээж байгаа гишүүдийнхээ идэвхтэй оролцоотойгоор намын Их хурлынхаа санхүүжилт, зохион байгуулалт, үйл ажиллагааг явуулна гэж харж байгаа.

-Их хурлаараа намын дүрэм, үзэл баримтлалаа тогтоод намын даргынхаа асуудлыг шийдэх үү?

Шинэ үндсэн дүрмийн хүрээнд намын даргын сунгаа зарлах юм.

-Сунгаа зарлана гэхээр бүх гишүүдийн саналыг авна гэсэн үг үү?

Шинэ дүрмийн дагуу намын бүтэц зохион байгуулалтууд байгуулагдана. Түүн дээр суурилсан намын даргын сунгаа явна. Намын даргын сунгааг зохион байгуулах тусгай журам батлагдана. Тэр журмын дагуу л явна гэсэн үг. Тодруулбал, Их хурлын дараа шинэ дүрэм батлагдангуут анхан шатнаасаа эхлээд аймаг, дүүрэг, дунд шатны намын хороод байгуулагдана.

Бүх шатны намын шинэ дарга нар сонгогдоно. Тэрний суурин дээр аймаг, дүүргийн намын хороод хуралдана шүү дээ. Энэ хурлуудаар намын даргад нэр дэвшсэн хүмүүс тойроод санал хураалт зохион байгуулаад явах юм. Тэндээс хэн олон санал авсан нь шинэ намын даргад нэр дэвших боломжтой болж байгаа.

-Хэдэн ч хүн болно?

Одоогоор журам нь гараагүй болохоор би яг хэлж чадахгүй байна.

-Намын дарга нь сонгогдож гарч ирээд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах уу?

Шинэ намын даргыг батламжилна. Тэгээд шинэ намын дарга батламжилсан хурлаар дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

-Зарим хүмүүс намын дарга, Ерөнхийлөгчид нэр дэвшихээ илэрхийлээд байгаа?

Дүрмээрээ АН-ын гишүүн бүр намын болон уяс төрийн бүх албан тушаалд нэр дэвшүүлэх, сонгох, сонгогдох эрхтэй. Хэнд ч нээлттэй. Гэхдээ эцсийн шийдвэрийг нам гаргана шүү дээ.

-Намаа эрс шүүмжилж байгаа гишүүд элбэгшиж байна л даа. УИХ- ын гишүүн ч тэр дотор явж байгаа. Энэ хүмүүсийн тухай юу хэлэх вэ?

АН-ын гишүүд маань намынхаа шинэчлэлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой. Намын шинэчлэлийг илүү өргөн утгаар хармаар байгаа юм. Батыг Доржоор солихоор харж байгаа бол намын шинэчлэл биш гэдгийг хэлсэн. Нэгдүгээрт нам үзэл санааны тугаа босгож ирэх ёстой. Хоёрдугаарт намын анхан, дунд шатны байгууллага бүх гишүүдийн оролцоог нээлттэй болгох ёстой. Ингэж байж жинхэнэ АН-ын шинэчлэл хийгдэнэ гэдгийг зориуд хэлмээр байгаа юм. Хэн нэгнийгээ элдэв янзаар хэлэх доромжлохдоо гол нь байгаа юм биш.

Нам руугаа янз бүрийн үг чулуудаад, янз бүрээр хэлээд байгаа хүн бол шударга сайхан болж харагдахгүй. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Намаа муулж байгаа хүн бол өөрөө цэвэр шударга хүн болж харагдаж үлдэнэ гэж бодож байгаа бол үгүй шүү дээ. Нийт намын нэр хүнд л унана. Тийм учраас аливаа зүйлд авч, гээхийн ухаанаар хандаж хэлэх, хэлэхгүй үгээ бодож явах ёстой.

Шүүмжлээд байвал хэн ч чадна шүү дээ. Хоёр зүйлийн туйлыг зөв ойлгож байх хэрэгтэй. Шүүмжлэхийн туйл бол хамгийн хялбархан, амархан байдаг. Харин ажил хийж асуудлыг авч явж шийднэ гэдэг бол нөгөө туйл юм. Тэр бол хамгийн хэцүү. Асар их хариуцлага дагуулдаг. Тийм учраас асуудал шийдэх, хариуцлага хүлээх болон шүүмжлэх, үгүйсгэх гэдэг хоёрыг ялгаж салгаж харах ёстой л доо. Шүүмжилж байгаа болгон шударга сайн хүн биш шүү дээ. Мөн шүүмжлүүлж асуудлын гарцыг олоод шийдэх гэж явж байгаа нь бас муу хүмүүс биш юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.