Соёрхын Пүрэвсүрэн - Бүжиг /Өгүүллэг/

Twitter Print
2016 оны 11-р сар 30-нд 11:46 цагт
Мэдээний зураг,

Өглөө эрт Зайсан толгойг ороон нарийхан хигээст гоёмсог дугуйгаа салхи татуулан жийх Жаргалын өргөн мөр, гоолиг нурууг тодотгох бие барьсан нимгэн цамц нэвт хөлөрчээ. Тэр өглөө бүр дугуй унах дуртай. 

Жаргалын нялх хүүхдийнх шиг тунгалаг хар нүднээ ялан дийлэхийн их хүсэл очтон гэрэлтэнэ. Түүний ээж яг л ийм оч цацарсан дүрэлгэр нүдтэй, эцгийн талын испани цус, эхийн талын монгол цус холилдсон далайн эргийн алтлаг шаргал элс лугаа гялтгансан хул шаргал бүсгүй билээ. Урт даашинзны хормой сэгсчин латин америк бүжиг дэвхцэнхэн бүжиглэх дуртай ч хүний л эх болсон хойно ганц хүү Жаргалаа хар багаас нь өндөр боловсрол эзэмшүүлж, үе залгамжилсан дипломат болгохыг хичээнэ. Гэвч Жаргал ээжийнхээ хүслийг үл тоон испани өвгийн халуун цус хатгаж бүжгийн урлагт шунан дурлаж, хорих тусам донтох мэт загнана. Тэрбээр ээжийнхээ царай зүс, гоолиг биеийг өвчиж төрсөн ч эцгийн зөрүүд гэмээр гүжир занг өвлөж авчээ.

Жаргалын ээж Монгол орон, монгол эр хүнийг нөхрөөрөө л төсөөлөхөөс өөрөө ирж үзээгүй, монгол иргэншилтэй харь бүсгүй. Харийн оронд эх орноо төлөөлөн суугаа дипломат гэр бүлүүд хоорондоо ураг барилцах нь бараг заншил болсон ёс ч гэлээ Жаргалын эцэг үл тоох агаад эхнэр нь хүүгийнхээ үеийн охидыг гагц ганцаараа шинжих аж.

Жаргалын аав төрж өссөн Тажгарын нуруу, таана цоргисон Баянгийн нар эрхэлсэн талаа зүүдэлж жаргасан монгол эрийн нэг болохоор ганц хүүдээ монгол ахуй, монгол омогшил, тал нутгийн хараа цуцах хөндий, хурдан хүлгийн нуруунд дарцаглаж өссөн бага насаа байнга дурсан ярьсаар Жаргалд монгол хүн болж төрсөн эх түүхээрээ бахархах сэтгэлд гал асаасан бөлгөө.

Монгол омогшил цээжинд нь дүрэлзсэн, эх түүх, элэнц дээдсээ шүтэн биширсэн Жаргал хүү эх монгол хэлээ эцгээсээ дутуугүй сурч, аавынхаа ажлын өрөөнд Монгол орны тухай бичлэг үзэж, монгол дуу сонсон, худам монгол бичгийн гайхам яруу, уран тансаг татлагыг бүжгийн хэмнэлтэй холбон төсөөлнө. 

Нэг.

...Гитарын аяз, товшуур бүжиг
Гарцаагүй хайрын цоглог болзоо...
Испани эрийн гунигийн дуу
Ихэмсэг бүсгүйн хээнцэр төрх...

Ийм нэгэн шүлгийн мөртүүд аманд нь хүлхэгдэж, өөрөө ч мэдэлгүй дахин дахин үглэсээр Зайсан толгойг өгсөн машины зогсоолд ирж, амьсгаа даран амраад, утаа униарт умбасан их хотын зүг сэтгэл гэгэлзэн зогсов. Тэрбээр энэ намар наадмын дараахан аавтайгаа хамт эх орондоо ирээд ганцаараа үлдчихсэн билээ. 

-Аав аа, би Улаанбаатарт үлдье. Би чинь монгол хүн шүү дээ гэж үнэн голоосоо гуйх хүүгээ харсан дипломат эцэг эргэлзэж тээнэгэлзэлгүй зөвшөөрсөн аж.

Таних хүнгүй ганцаар үлдсэн Жаргал хийх ажилгүй гиеүрч, буцдаг ч юм бил үү гэж бодож яваад санамсаргүй нэгэн цэнгээний газрын хаалга татжээ. Гэтэл хориод залууст бүжгийн хөдөлгөөн заах багш бүсгүйн эрхэмсэг хөдөлгөөн түүний сэтгэлийг соронзон мэт татаж орхив.

Цав цагаан алчуураар хөлсөө арчин инээмсэглэх багш бүсгүй Жаргал руу дөхөн ирж, 

- Миний дүү хэнтэй уулзах вэ? гэхэд тэрээр үг ч дуугарч чадахгүй сандарч түгдрээд,

-Би бүжигчин, гэснээ нүүр улайн түгдэчив.

Сэтгэл татам инээмсэглэх багш бүсгүй,

-Өө тийм үү. Та орооч дээ. Намайг Халиунаа гэдэг гээд гараа сунгавал Жаргал ухасхийн гар барьж,

-Жаанаа, намайг Жаанаа гэдэг. Жинхэнэ нэр Жаргал. Би Улаанбаатарт ирээд удаагүй байгаа гэж давхцуулан хэлэв. Одоо анзаарвал багш бүсгүй Жаргалаас лавтай тав зургаан насаар эгчмэд аж.

Тэр хоёр бүжгийн тухай, бүжиг дагасан шинэ урсгалын тухай удаан ярилцлаа. Жаргал гэрээдээ яарч шинэ цомог, өөрийн сонирхдог бүжгийн бичлэгээ авчирч, орой болтол хамтдаа бүжиглэв.

Тэд хэн хэндээ таалагджээ. Жаанаа багш бүсгүй Халиунааг өөрөөсөө эгчмэд гэж бодохыг ч хүссэнгүй. Харин гадаад аялгатай гоо залуугийн царайлаг төрх багш бүсгүйн сэтгэлээс гарсангүй. Тэд анхны харцаар дурлацгаасан байлаа.

Хоёр.

...Уйтай намрын гэгэлгэн үдшээр 

Уйтгар үргээн чамтай учирсан

Угтах маргааш учрах зовлонг

Ухаарах сэхээгүй чамдаа тэмүүлсэн

Харц харцнаас халширч бултсан

Хатуу тавилангаас халгаж булзсан

Хайрлаж харамлах эрхгүй шаналсан

Хачин ч юм даа миний нууцхан хайраа...

Дуулан бүжиглэх хос залуус

Дэндүү хайрын нандин болзоо... Ийм нэгэн шүлгийн хэмнэл нэг л мэдэхэд Жаанаагийн аманд урсан орж ирлээ.

Тэрээр халиган цалгилан урсах шүлгийн мөртүүдээ мартахгүйн тулд чанга чанга уншиж, утсан дээрээ бичиж авна. Тэр анхны хайрын гэгээн мөрөөдөлд умбаж, сэтгэл зүрх нь аз жаргалаар бялхаж байв. 

Харин хань ижилдээ хайрлуулахын хав, хардуулахын хал аль алиныг ханатал үзсэн Халиунаагийн сэтгэл анх удаа нууцхан догдлолд автан, ардын дууны аялгуу шиг мэлмэрнэ. Хорин найман нас гэдэг бүсгүй хүний хувьд гоо үзэсгэлэнгээ үнэлж мэдэхээс гадна, сэтгэл зүрхээ чагнаж сурсан нас ч гэлээ Жаанаатай учирсан тэр мөчөөс эхлэн Халиунаагийн сэтгэл үзүүргүй мэт гэгэлзэж, үе үехэн уйтгарлах болов. 

Эрвэлзсэн алаг нүдээрээ инээж, эрчүүдийн зүрхэнд шигтгээ болсон хорь гаранхан насандаа Халиунаа анх нөхөрт гарсансан. Цагийн урсгал залуусын сэтгэлийг мөлийлгөж, амраг нөхөр нь албан тушаал ахих хэнээ, атга дүүрэн олз шүүрэх хүсэл сонирхолд хөтлөгдөн, эмзэг туяхан бүсгүй заяаг эхнэр хэмээх хэвэнд цутгаж, хайрлах хайрлуулахын нандин учраа ханийн журмаар хайрцаглаж, унах унаа, өмсөх хувцасаар бусдын нүдэнд тансаг харагдан, тоолох мөнгө, тохитой гэрээ сайхан амьдрал гэж өөрсдөө итгээд, сэтгэл зүрхээ царцааж орхисоноо Халиунаа сая л ухаарч эхэлжээ.

Гэтэл мөрөөдөлд л учрах үлгэрийн ханхүү мэт үзэсгэлэн төгөлдөр, дэндүү гэхэд дэндүү сайхан залуухан эр, нэгэн хэвийн уйтгарт амьдралыг нь хөндлөн зурж, тас огтлон гарч иржээ. Тэр түүнд мөнгө амлаагүй, тэр түүнээс юу ч хүсээгүй, эр нөхрийг нь ч сонирхоогүй, эрчүүдийн адил өвөр тэмтчээгүй. Өөрөөс нь өчнөөн дүү гэдгээ бодолгүй, өөрөөс огт өөр ертөнц гэдгээ ухаараагүй, өөрт байгаа сэтгэл зүрхээ өмнө нь сул мэт асгасан. Өөр тэр юу ч хүсээгүй.

Халиунаад бодох зүйл их байлаа. Анх Жаанаатай уулзаж, оройжин хамт бүжиглээд сэтгэл сэргэсэн Халиунаа эр нөхрөө огт өөрөөр харж, эрхлэх гээд налж, найланхайдахад, 
-Цаашаа суу л даа гээд түлхэж орхисон.
Орондоо ороод нөхрөө өдөж, өргөн цээжийг энхрийлэн үнсэхэд,
-Ёоё. Ядарч үхэх шахлаа. Хэнээсээ янз янзын юм сураад байдаг юм гэж хэлж дуусалгүй хурхирч эхлэсэн. Гомдсондоо уйлахад тэр анзаараагүй.

Гэнэ гэнэхэн уйтгарлаж, гэгээхэн мөрөөдөлд автсан Халиунааг гэнэтхэн догдлуулж орхисон Жаргал тэр залуутай бүжиг хэмээх тансаг урлаг холбож байлаа.

-Энд хүрээд зогсъё. Үүнээс цааш алхах газар үгүй гэж Халиунаагийн зөн совин сэм сэмхэн шивнэж байсан бол Жаргалд энэ нь огтхон ч падгүй байлаа.

Гурав.

Хөөрч догдолсон Жаргал хайртай бүсгүй Халиунаагийнхаа утас руу залгаад, 

-Халиунаа би шүлэг зохиосон. Чи битгий шоолоорой. Би уншаад өгье гэтэл,
-Хэн бэ чи. Гөлөг минь дуугараач гээд сөөнгө хоолойгоор ууртай эр бачимдан хашгирав. 

Жаргал дуугарч ч чадсангүй. Цаг хугацаа зогсчих шиг болов. Зүрхийг нь цуу татчих шиг базлан базлан өвдөнө. Хорвоо бүхэлдээ харанхуйлах шиг санагдан гэртээ ирээд, үг сүггүй унаад өгөв. Хэдэн ч цаг хэвтсэн юм бүү мэд. 

Түг, түг... тог, тог... Хаалгыг нь зөөлхөн бөгөөд удаан тогшиход хэвтээд байж чадсангүй онгойлговол тас хар шил зүүсэн Халиунаа хаалгыг нь түлхэн орж ирлээ. Уртаар санаа алдсанаа, нүднийхээ шилийг аваад үсээ сэгсрэн хойш хаяхыг нь харвал нүдэнд нь цус хурж хөх эрээн болсон байв.

Юу болсныг там тум ойлгосон Жаргал сулхан инээмсэглэн харц дальдчаад орон дээрээсээ гитар аван, харь холын цоглог нэгэн ая тоглосоноо, аманд орсон шүлгийн мөртүүдийг намуухан уншив.

...Догшин хөгжмийн цоглог ая
Товшуур бүжгийн айзам хэмнэл
Уухайлж дэвхэцсэн үзэгч олон
Уурлаж дошгирсон сүрлэг бух
Ур чадвараа гайхуулсан испани бүжигчин
Улаан даашинзтай партнёр бүсгүй
Хайраар гэрэлтэх хосын харц
Хатуу дарс шиг бүжгийн цомнол... гэж шүлэглэхүй нулимс мэлмэрүүлэн инээмсэглэх Халиунаа цонх онгойлгон салхи оруулаад,

-Ийм л юм болчихлоо дүү минь. Надад зохиж байна уу гээд алаг нүднээ дүүрэх, гомдлын нулимсаа дур зоргоор нь урсгав.

Гэвч гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр хоёр биенээ харж чадахгүй нүд халтичсан залуус нэгэн зэрэг төгөлдөр хуурлуу хараад уралдан ухасхийв. Бүжгийн багш "Paso dablе" испани бүжгийн цоглог аялгууг зүрх сэтгэлээрээ тоглоход Жаргал гитараар хослон, чичирч сандачсан хоолойгоор уянгалуулан шүлэглэнэ.

...Улангассан бухны үхлийн тулаан
Улаанхан даашинзны хөнгөн эргэлт
Уул нураам хөгжмийн хэмнэл
Урт илдний огцом хатгалт
Удирдаачийн дохиураар намсхийв
Улаавтар гэрэл бүүдэсхийв.
Алдаа гаргавал хайраа алдах
Амжиж чадвал ялалт авчирах
Буцаах аргагүй эцсийн мөч
Бух хүн хоёрын халз тулаан
Урт илдтэй ихэмсэг эр
Уухичих бухны сүүлчийн дайралт 
Улаан даашинзтай бүсгүй дунд нь... 
Улаан цайм харц тулгаралт...
...Нам гүмийг гэнэт цочоон
Нир хийн хөгжим пижигнэв
Навтас хийн бух унав.
Нэлс хийн гэрэл тодров.
Найрал хөгжмийн цоглог аянд
Найган найган хосууд бүжиглэв
Амьсгаа даран түгшсэн зритель
Алгаа ташин суудлаасаа босов.

-Wow! Гайхалтай хоёул яг энэ шүлэг, энэ аялгуугаар бүжгийн цомнол хийж, үзэгчдэд хүргэе. Жаанаа чи шүлгээ хариуц, би хөгжим талыг нь зохицуулъя. Хоёул хослон бүжиглэе. Бас манай дугуйлангийн залуусыг оролцуулна. Маргаашнаас хоёулаа манай дугуйлан дээр дүр энэ тэрээ гаргая. Мэргэжлийн багш нараас зөвлөлгөө авна. Халиунаагийн нүд нь гялалзаж, онгод нь орсон байлаа. Тэр гомдлоо ор тас мартсан байв.

Хүсэл сонирхол нэг цэгт огтлолцсон хос залуус, сэтгэлдээ босгосон хориг саадыг тасар татан, тэврэлдэж бие биендээ шунан дурлаж, үнсэн үнсэн эргэлдэв. Тэд хорвоог мартсан мэт байв.

Дөрөв.

Хайрлаж ханамгүй харцаар хоёр биенээ ширтэн, нэгэн цогц болтлоо цэнгэл жаргалаар сүлжилдэж, холдож салахын аргагүй хорвоог мартсан залуусын зүрх сэтгэлийн уянгыг зад цохих шиг, түгжээтэй хаалгыг цөм татан, улангассан бухных шиг эргэлдсэн улаан нүдээр хайрын нууцхан аялгууг хэмх өшиглөн, орж ирсэн эрхэм бол бүжигчин бүсгүйн нөхөр байлаа...

Тав.

...Уяхан хөдөлгөөн уянгалаг аяз
Ухаарал хайрлах жүжгийн төгсгөл
Үдшийн болзоо хаалтын тоглолт
Үнсэх эрхгүй гунигийн үргэлжлэл... гэж шивнэн өргөн ороолтоор гараа сойж, толгойгоо маарлиар боосон Жаргал онгоцны цонхоор их хотын зүг ширтэн зүрхэндээ уйлж байлаа. Гэхдээ Жаанаа ааваа дуурайсан зөрүүд ааштай, ээжээсээ өвлөсөн халуухан цустай билээ. Тэр эргэж ирнэ ээ.

Соёрхын Пүрэвсүрэн, "Он цагийн сүлжээс" номноос

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.