С.Эрдэнэ: Олон мянгаар нь хомроглон халж буй асуудлаар шаардлага хүргүүлнэ

Twitter Print
2016 оны 11-р сар 28-нд 11:59 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдлаа. Бүлгийн хурлаар 2017 оны улсын төсвийн талаар мэдээлэл сонссон аж. Мөн орон нутгийн сонгуулийн үед ямар зөрчил гарсан талаар мэдээлэл сонсч, асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ, дэд дарга Д.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар оролцсон байна. 

З.Нарантуяа: “Ирэх оны төсвийг батлахдаа алдагдал багатай, зарлагыг танасан, орлогыг боломжоор нь шавхсан байх ёстой гэсэн шаардлагыг Ардчилсан намын бүлгийн зүгээс тавьсан. Гэсэн ч ДНБ-ий 6.8 хувьд бууруулж батлах боломжийг ашиглаж чадаагүй. 9.9 хувийн алдагдлыг 9.1 хувь болгож бууруулсан. Энэ төсвийн алдагдлыг ойрын хугацаанд хурдан бууруулахгүй бол гадаад зах зээлд манай улсын эдийн засгийг үнэлэх үнэлэмж буурсаар байна. Тиймээс бүх боломжоороо энэ Засгийн газар өдөр, шөнөгүй ажиллах ёстой.  

Улсын төсвийн зарлагууд ерөнхийдөө танагдсан ч санасан хэмжээнд хүрсэнгүй. Бүх төсвийн Ерөнхийлөн захирагчийн багцыг таван хувиар бууруулах санал өгсөн ч дэмжигдээгүй. Нэг хувиар бууруулж баталсан. Төсөв бүх боломжийг ашиглаж чадсангүй. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр болж 5,8 тэрбум төгрөгийн эх үүсвэр нь суугдсан. Төсвийн урсгал зардлыг бууруулах, үрэлгэн зардлыг гаргахгүй байх ёстой гэсэн байр суурийг манай бүлэг илэрхийлсээр байгаа” гэв.

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-МАН-ын нэр бүхий гишүүдийг Хөгжлийн банкнаас зээл авсан гэсэн мэдээллийг дэлгэж байсан. Энэ зээлэнд нь ямар учир байгаа юм бэ. Хууль зөрчсөн асуудал байгаа юм уу?

-С.Эрдэнэ: Нэгдүгээрт эргэн төлөлтийн асуудал байгаа. Хуулийн хугацаандаа, гэрээнийхээ дагуу төлөгдсөн үү үгүй юу, хоёрдугаарт Хөгжлийн банкаар дамжиж олгогдсон төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг дан ганц Ардчилсан нам аваад хэрэглэчихсэн мэтээр ярьж, хэт улстөржүүлж байгаа нь худлаа шүү гэдгийг нотлох баримт бол энэ байгаа юм.

-Д.Пүрэвдорж “Ардын намын Их хурлын гишүүдтэй холбоотой, тэдэнтэй хамаатай компаниудын заримых нь нэр ил болоогүй. Тэд баярлаад суугаад байх хэрэггүй.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийг энэ долоо хоногт хэлэлцэнэ гэсэн. Ямар өөрчлөлт орж байгаа юм бол?

-С.Эрдэнэ: Энэ хуулийг яаж ч боловсронгуй болгоод оруулж ирсэн хэрэгжих боломжгүй. Яагаад гэхээр энэ хуулийг цогц хуулийн хүрээнд боловсруулсан. Эрүү, зөрчлийн хууль батлагдаагүй байгаа нөхцөлд энэ хууль хэрэгжих боломжгүй. Олон түмний нүдийг хуурах гэсэн, тархийг угаах гэсэн арга хэрэглэж байна.

Мөн Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад шаардлага хүргүүлэх юм байна. Тухайлбал, “орон нутгийн сонгуулийн үр дүнгээр хоёр аймаг, нэг дүүрэгт томилгоо хийгдээгүй байна. Улс төрийн сонголтод хүндэтгэлтэй хандах тал дээр эрх баригчид хойрго хандаж байна, олон мянгаар нь хомроглон халж байгаа зэрэг асуудлаар тодорхой шаардлага хүргүүлнэ гэв.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.