Метилийн спиртийг хүнсний ногоо нийлүүлдэг Хятад эмэгтэй зарсан нь тогтоогджээ

Twitter Print
2016 оны 11-р сар 29-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-ийн хэсэг залуучууд үл мэдэгдэх шингэнд хордож дөрвөн хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Хэргийн талаар тодруулбал, үл мэдэгдэх шингэнд хордсон 26-43 насны иргэдийн гурав нь эмнэлэг хүргэх замд, нэг нь эмчлүүлж байхдаа нас баржээ. Одоо аймгийн Нэгдсэн эмнэлэгт 12 хүн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний амь насыг аврах тусламж үйлчилгээг Улаанбаатар хотоос очсон нарийн мэргэжлийн эмч нарын баг үзүүлж байна.

Эл хэргийн талаар ЭМЯ болон Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс өчигдөр мэдээлэл хийсэн. Тэдний мэдээлснээр тус компанид ажилладаг 200 гаруй ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулж, асуумж тандалт судалгаанд оруулсан байна. Тандалт судалгаанаас эдгээр хүмүүсээс 18 хүн уг шингэнийг 2-8 балгаар хэрэглэсэн гэжээ. Харин уг шингэн нь хаана байсан, ямар шингэн болох талаар ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодруулахад, тэрбээр ""Петрочайна Тачин тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” компаний ажилчид махны агууллахад байсан шингэнийг архи гэж андуурч найруулж уусны улмаар эдгээр иргэд хордсон. Одоогийн байдлаар энэхүү шингэнийг уусан байх магадлалтай 23 хүн байна. Урьдчилсан байдлаар мителийн буюу техникийн спирт уусан байх магадлалтай гэсэн дүгнэлт гарсан" гэдгийг онцлон хэлсэн юм. 

Тэгвэл дээрх иргэдийг хордуулсан бодис нь метанол гэх химийн хортой бодис байсан нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ. Харин эл бодисыг хүнсний ногоо нийлүүлдэг Хятад эмэгтэй оруулж ирсэн нь шалгалтаар тогтоогдож, тэрээр хэргээ хүлээсэн гэх мэдээлэл байна.

Хордсон ажилчид анх ирэхдээ хараа бүдгэрсэн, хавантай байсан гэнэ. Харин одоо Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж буй хүндэвтэр хордлоготой таван иргэний биеийн байдал тогтвортой байгаа аж.

Хэргийн газарт Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн захирамжаар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр, МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү нар Дорнод аймагт ажиллаж байна. 

Ажлын хэсэг газар дээр нь очиж хориг арга хэмжээ авах, хордлогын шалтгааныг судалж тогтоох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, эмнэлгийн тусламж үзүүлэх зэргээр цаг алдалгүй шуурхай ажилласнаар байдлыг хяналтанд авч тогтворжуулсан байна.

“Зөв боломж” ХХК дур мэдэн үйл ажиллагаа явуулж байжээ

"Зөв боломж” ХХК-ийг 2016 өнгөрсөн аравдугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй, ажиллагсдын нийгмийн баталгаа, эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг зөрчсөн хэмээж МХЕГ-ын ажлын хэсгийн дүгнэлтээр түр хаагаад байжээ. Гэвч “Зөв боломж” ХХК дур мэдэн үйл ажиллагаа явуулсаар өнөөдрийг хүрсэн байж. Иймд “Петрочайна Дачин Тамсаг”, туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-д Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хариуцлага тооцохоор болсон байна.

Метанол /метиллийн спирт/ - Хортой бодис!

Метилийн спирт буюу модноос анх гаргаж авсныг үндэслэн модны спирт гэж нэрлэдэг химийн энэ бодисыг хүнс, эм, гоо сайхны үйлдвэрлэлд огт хэрэглэдэггүй хорт бодис юм.

Уг спирт нь өнгөгүй шингэн, дарвигнасан амттай, спирттэй төстэй үнэртэй төдийгүй амьсгалын замаар, залгих эсвэл арьсанд нэвчиснээс үхэлд хүргэх хортой юм байна. Метилийн спиртийн хэрэглээ олон салбарт нэвтэрсэн бөгөөд формальдегид, анилины будгийн үйлдвэрлэл, үл хөлдөгч, тэсрэгч холимогийг бэлтгэх, лак, олифийн уусгагч болгон өргөн ашигладаг байна.   

Метанолын хордлого ганц нэг хүмүүст эсвэл нийтийг хамарсан байдлаар тохиолддог аж. Гол төлөв этилийн спирттэй андуурч хэрэглэх юмуу эсвэл санаатайгаар этилийн спирттэй хольж хэрэглэснээс хорддог байна.

Архины хордлогоор нас барагсдын 76 хувь нь эрэгтэйчүүд

Архины хордлогын үед:

-Ухаан алдах, 

-Биеийн дулаан алдагдах (арьсны өнгө хөхрөх, цайх), 

-Огиж бөөлжих, 

-Таталт өгөх, 

-Амьсгал удаашрах (1 минутанд наймаас доош), 

-Амьсгал тасалдах (амьсгал хоорондын зай 10 секунд болон түүнээс дээш) зэрэг шинж тэмдэг илэрнэ. Архины хордлого аминд халтай учир дээрх шинж тэмдэг илэрвэл түргэн тусламж дуудах хэрэгтэй. 

Архины хордлогын шинж тэмдэг илэрвэл яаралтай 103 дуудахыг зөвлөе.

1.png

3.png

2a.png

4.png

 
Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.