Ботулин токсин буюу дэлхийн хамгийн хүчтэй хор ботоксоор тариулсаар байна уу?

2016 оны 11-р сар 27-нд 10:58 цагт
Мэдээний зураг,

Ботулин токсинийг дэлхийн хамгийн хүчтэй хорын нэг гэж үздэг. Могойн хорноос 400 дахин хүчтэй. Нэг грамм аэрозольны ботулин токсин 1,5 сая хүнийг алж чадна. Шинжлэх ухаан ботулин токсиныг практикт сайн талаас нь ашиглах боломжийг эрэлхийлж байна.

Сүүлийн үед гоо сайхны зориулалтаар ботулин токсиныг өргөнөөр хэрэглэх болсон нь бид бүхний мэддэг “Боттокс” юм. Нэг микрограм ботулин токсиныг гоо сайхны эмчилгээний зориулалтаар зөв хэрэглэхэд 5-15 жилээр залуу харагдуулдаг гэж мэргэжлийн эмч нар үзэж байна. Ботулин токсиныг бид гэрийн нөхцөлд хийж давсалсан хүнсний ногоо болон бүтээгдэхүүний банкны тагны доороос хамгийн түрүүн олж болно.

ОХУ-ын нэрт халдвар судлаач эмч АУ-ны доктор, профессор Владимир Владимирович Никифоров ботулин токсины гарал үүсэл, хор уршгийг судлаж, хэрхэн энэхүү хүчтэй хорноос өөрийгөө болон бусдыг сэргийлэх талаар олон зөвлөмж, зөвлөгөө гаргасан нь жирийн иргэд биднийг мэдлэгтэй, болгоомжтой байж, амь насаа хамгаалахад ач тусаа өгч байна. Намар шинэ ургац гарч, жимс ногоо элбэгшихэд айл өрх бүр өвлийн бэлтгэлээ хангаж хүнс ногоогоо дарж, давсалж бэлддэг. Ногоо, жимсээ дарах шилээ угааж, халуун усанд буцалган ариутгаж, цэмцийтэл арчиж бэлдэнэ. Хэрэндээ л усанд чанаж, буцалган, ариутгаж, цэвэрлэсэн байхад банканд ботулотоксин яагаад хэвээр үлддэг байна вэ?

Ботулизмыг үүсгэгч нь агааргүй орчинд амьдрах чадвартай анаэробны буюу агааргүй типийн бактери юм. Жирийн нөхцөлд идэвхигүй спор хэлбэрээр байдаг, агааргүй орчинд маш тэсвэртэй. Жишээ нь бид мөөг түүгээд хичнээн угааж цэвэрлэсэн ч газрын хөрс, шороотой хамт ирсэн спор заавал үлдэнэ. Буцалгах үед бусад хэрэгтэй бактериуд нь үхжиж, харин ботулин токсин үхдэггүй.

Хүчил төрөгчгүй орчинд гал хүртэл унтарч бөхдөг байхад, харин ч, хүчил төрөгчгүй халуун орчин нь ботулин токсины үржиж, өсөх таатай орчин болдог байна. Иймд, гэрийн нөхцөлд давсалж дарсан ногоог технологийн дагуу хийхгүй бол хордох маш аюултай. Бид банктай давсалж дарсан бүтээгдэхүүнийг худалдан авах, сонголт хийхдээ зөвхөн гадна талаас нь ажиглаж хардаг. Хэрэв таглаа нь төвийсөн, хийгээр дүүрсэн мэт байх юм бол муудсан, ботулин токсин агуулагдсан байж болзошгүй хэмээн үзээд авдаггүй. Банкны таглаа төвийснөөр тэнд ботулин токсин байна гэж мэдэхийн аргагүй. Ботулин токсиныг амт, өнгө, үнэрээр ялгаж чадахгүй.

Ботулин токсин тухайн бүтээгдэхүүнд агуулагдсан байна гэж үзэхэд ямар ч чанарын өөрчлөлт бүтээгдэхүүнд харагддаггүй. Өөрөөр хэлбэл биднийг алж болох хэмжээний ботулин токсин бидний хэрэглэх гэж буй бүтээгдэхүүнд байгаа эсэхийг бид үнэртээд ч, амтлаад, хараад илрүүлж чадахгүй. Хэрэв банкны таглаа төвийсөн, хийгээр дүүрсэн мэт байх юм бол энэ нь ботулизм биш, гэхдээ тэнд ботулизм байхыг үгүйсгэхгүй, таг өөр төрлийн бактери, нянгаар үүсгэгдэж хөөнө.

Ботулин токсин бол булчин, мэдрэлийг гэмтээдэг хор юм. Ботулин токсиноор хордсон өвчтөн ямар ч мэдрэмжгүй болж булчингийн үйл ажиллгаа нь саарч бүүр хөдөлгөөнгүй болдог. Ялангуяа ярих, нүдээ нээх чадамжгүй болж нүүрний хөдөлгөөн тэр чигээрээ алга бодог. Ийм өвчтэй хүний хамгийн анхны шинж тэмдэг бол ам аргана, аманд дотор ямар ч шүлсгүй хуурай болж, дараахан нь нүд юм харахгүй бүрэлзэж эхэлнэ. Хэрэв ийм төрлийн шинж тэмдэг илрэх юм бол яаралтай эмчид хандах хэрэгтэй. Энэ нь уг өвчний эхлэл бөгөөд яаралтай зохих арга хэмжээ аваагүй тохиолдолд цаашид хүнд хэлбэрлүү шилждэг. Дараа нь мэдээгүйжилт улам даамжрана. Дээрээсээ доошоо мэдээгүй болоод байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Энэ байдал нь толгойноос эхэлнэ. Эхлээд нүд нээгдэхээ болино, хэл хөдөлгөөнүй болж, ярьж чадахаа больж улмаар залгих булчингууд ажиллагаагүй болон амьсгалж чадахаа больсноос амьсгалын дутагдалд орж хүн нас бардаг. Тэгэхлээр, энэ байдлаас ажиглахад хэдийгээр бид гэрийн нөхцөлд өөрсдөө ногоогоо дарж идэх нь эдийн засгийн хэмнэлттэй, мөн үндэсний бүтээгдэхүүнийг бий болгоход дэмжлэг үзүүлж байгаа боловч буруу, стандартын дагуу хийгдээгүй бол үүнээсээ илүү хор хөнөөлтэй болохыг харуулж байна. Зөвхөн та, танай гэр бүлийнхэн хордоод зогсохгүй, таны бүтээгдэхүүнийг худалдан авсан хүн бүр ийм өвчинд нэрвэгдэх аюултайг сануулах нь зүйтэй гэж бодож байна.

Намар болохоор бид үндэсний бүтээгдэхүүнээ дэмжих, банклаж, дарсан ногоонууд, жимснүүдийг эх орныхоо байгалийн үр шимийг хүртэх зорилгоор, мөн бидэнд тэр их үр шимээс хүртээж байгаа хөдөмөрч бусдынхаа зүтгэлийг үнэлэн худалдан авч гэртээ байлгаж байгаад гамнан иддэг. Тэгэхээр, хэдийгээр сайхан сэтгэл, хөдөлмөр шингэсэн ч стандарт, эрүүл ахуйн норм, зөв технологийн дагуу хийгдээгүй бол хүний эрүүл мэндэд хөнөөлтэй гэдгийг аль аль талдаа гомдож, гоморхолгүй уужуу ухаанаар тунгаан ойлгох ёстой. Үүнийг үнэн зөвөөр нь эмч бид нар шударгаар хэлж өгөх үүрэгтэй. Яагаад гэвэл манай улсын Эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл бол нийгмийн эрүүл мэнд. Нэн тэргүүнд авах арга хэмжээ бол урьдчилан сэрийлэлт. Өвчилсөн хойно нь биш, өвдөхөөс нь өмнө арга хэмжээ авах явдал юм.

Тэгэхээр, үйлдвэрийн нөхцөлд дарж хийсэн бүтээгдэхүүнийг худалдаж авах нь аминд өлзийтэй. Яагаад гэвэл тэнд заавал автоклавд оруулж, тусгай технологоор ариутгадаг. Түрүүчийн нийтлэлээрээ би та бүхэнд хүнсний аюулгүй байдлын талаар товч мэдээллийг өөрийн амьдралд тохиолдсон ши гуан дээрээс үндэслэн өгсөн. Эрүүл мэндийн салбар бүгдийг зохицуулах боломжгүй. Салбар болгон хариуцлагатай байж, иргэн болгон сонор сэрэмжтэй, эрүүл мэндийн мэдлэгтэй байх учиртай.

Ботулин токсин нь булчин, мэдрэлийг хордуулдаг хүчтэй хор гэж түрүүн тайлбарласан. Сүүлийн үед ботулин токсиныг зохих хэмжэээгээр гоо сайхны эмчилгээнд хэрэглэдэг талаар би дурьдсан. Ботулин токсиныг “Боттокс”-ийг булчинд тарьсны дараа хэсэг хугацаанд тухайн булчинг агшаадаг мэдрэлийг булчинтай нь гэмтээдэг учраас агшилт өгөгддөггүй. Нэгэнт булчин агшихгүй болсон учир хэсэг хугацаанд үрчлээ үүсэхгүй, арьс тэнэгэр байдаг.

Гэхдээ хор үйлчилж дууссаны дараа дахин булчин агшиж үрчлээ бий болох учир байнга энэхүү хорыг сайн дурааараа хийлгэх нь зүйтэй юу гэдэг дээр манай охид, бүсгүйчүүд бодно биз. Эрүүл байх нь иргэн бидний өөрсдийн хүсэл эрмэлзэл, мэдлэгээс асар их шалтгаалах билээ.

Ж.ЦОЛМОН, АУ-ны доктор, профессор

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.