Андрей Фомочкиний баатарлаг үйлдлийг үнэлж, байр бэлэглэжээ

2016 оны 11-р сар 24-нд 08:48 цагт
Мэдээний зураг,

Олон улсын пара-олимпийн хороо, Спортын арбитрын шүүх, Олон улсын сэргээшийн агентлаг хавсайдан “Пара-олимп-2016” наадамд оросын багийг оролцуулаагүйг эсэргүүцэн тус олимпийн наадмын нээлтийн ёслолд ОХУ-ын төрийн далбааг барьж жагсаж Оросын пара-олимпийн тамирчидтай эв санааны нэгдлээ илэрхийлсэн Беларуссын спортын зүтгэлтэн Андрей Фомочкиний баатарлаг үйлдлийг үнэлж ОХУ-ын “Сапсан” группийн ерөнхийлөгч Сергей Шмаков түүнд Москва хотын ойролцоох Зеленоград хотоос хоёр километрийн зайтай орших орон сууцны “Мелодия Леса” хороололд орон сууц олгосон гэрчилгээг өчигдөр Москва хотод хэвлэлийн бага хурал хийн гардуулжээ.

“Сапсан” группийн ерөнхийлөгч Сергей Шмаков сэтгэгдлээ ярихдаа “Андрейг олимпийн наадмын нээлт дээр манай улсын далбааг барьж жагсаж байгааг хараад маш их баярлаж түүний хатан зоригоор бахархсан, тэр үед түүнд байр худалдан авч бэлэг болгон өгч талархлаа илэрхийлэх бодол толгойд төрсөн” гэжээ.

А.Фомочкин хариу талархал илэрхийлээд “Олон улсын пара-олимпийн хорооноос пара-олимпийн наадмын нээлт дээр ОХУ-ын Төрийн далбааг барьж жагсах зөвшөөрөл олгохоос татгалзсан учир манай баг ОХУ-ын 5 Төрийн далбааг цэнгэлдэх хүрээлэн рүү авч очсон, 2 далбааг нь би биендээ нуусан, хамгаалалтын албаныхан намайг нэгжиж 1 далбааг нь хурааж авсан, тэгээд манай баг индрийн ойролцоо ирэх үед би үлдсэн 1 далбааг нуруундаа нөмөрч цэнгэлдэх хүрээлэнгийн замын бараг дөрөвний нэгийг туулсан, тэр үед хамгаалалтын албаныхан ирж далбааг хураан авсан, нээлтийн дараа би далбааг буцаан авсан. Олон улсын пара-олимпийн хорооноос намайг хоригийг зөрчсөн гэж олимпийн тосгоноос хөөсөн” гэсэн тайлбар хийж пара-олимпийн наадмын нээлт дээр барьж жагссан ОХУ-ын Төрийн далбааг Оросын пара-олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Лидия Абрамовод ах дүү Беларусс-оросын ард түмнүүдийн спортын салбарын эв нэгдийн билэгдэл болгон гардуулан өгсөн байна. А.Фомочкин цааш нь ярихдаа “Манай оронд Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийг бусдаас 55 ам.доллараас илүү үнэтэй бэлэг авахыг хориглосон байдаг, иймд би энэ асуудлаар хуулийн мэргэжилтнүүдэд хандаж зөвлөлгөө авна” гэжээ.

53 настай Андрей Фомочкин нь Минск мужийн Хүүхэд, залуучуудын спортын уран чадварын дунд сургуулийн багш, Спорт, аялал жуулчлалын сайдын туслах, тус яамны Үндэсний шигшээ багуудын албаны даргаар ажиллаж байсан, ЗХУ-ын Бүх ард түмний спартакиадын 1986 оны аварга, өвлийн олон төрөлтөөр ЗХУ-ын дээд амжилтыг тогтоож байсан, олон улсын хэмжээний мастер цол хүртэж байжээ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.