Доналд Трамп гэмт хэрэгт холбогдсон 168 мянган цагаачийг эхний ээлжинд нутгаасаа гаргана

Twitter Print
2016 оны 11-р сар 23-нд 14:54 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Доналд Трамп ажлын эхний 100 хоногтоо хийж хэрэгжүүлэх ажил, төлөвлөгөөгөө даваа гарагт танилцууллаа.

Тэрбээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хөндөж байсан гол гол асуудлуудаа эхний 100 хоногт хийж эхлүүлэх ёстой ажлынхаа төлөвлөгөөнд багтаажээ. Тухайлбал, 12 оронтой байгуулсан Транс-Номхон далайн хамтын ажиллагааны гэрээг цуцалж, “Obamacare” буюу Барак Обамагийн санаачлан хэрэгжүүлж буй эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хүчингүй болгосноор эдийн засгийн өсөлт саарсан энэ үед төсвийн алдагдлыг бууруулна гэж үзэж байна. Мөн Обамагийн хэрэгуүүлсэн энэхүү хууль нь хууль бус цагаачдын тус улсад амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж буй бас нэг үзүүлэлт гэж үзэж байгаа юм. 

Трампын дараагийн хэрэгжүүлэх ажил нь Исламын улс бүлэглэлтэй тэмцэх, хууль бус цагаачдыг албадан гаргах. АНУ-д бичиг баримтгүй 11 сая орчим цагаач иргэд оршин сууж буй тооцоо бий. Гэхдээ ийм тооны хүнийг нэгэн зэрэг улсаасаа гаргаснаар АНУ-ын эдийн засаг хүндэрч, огцом хямралд хүргэж болзошгүй байгаа тул зөвхөн гэмт хэрэгт холбогдсон цагаачдыг гаргана хэмээн хатуу бодлогоо зөөлрүүлснээр энэ тоо 168 мянга болтлоо багасах бололтой.

Түүнчлэн Доналд Трамп Америкт эрчим хүчний эх үүсвэрийн олборлолттой холбоотой болон ажлын байрыг бууруулсан хоригуудыг хүчингүй болгож, америкчуудын ажлын байрыг цагаачид булаах эх үүсвэр болж буй бүх төрлийн визийн хөтөлбөрийг буруугаар ашиглаж  байгаа асуудлыг  мөрдөн шалгах  тушаалыг холбогдох албаныхан, байгууллагуудад үүрэг болгоно гэлээ. 

Мөн  тэрээр  АНУ-ын кибер халдлагаас  хамгаалах  төлөвлөгөөг боловсруулах үүрэг өгөхөө амлалаа. Үүний зэрэгцээ лоббитой  тэмцэх  төлөвлөгөөг хэрэгжүүлж  эхлэхээ  мэдэгдсэн юм.  

Түүний эдгээр шийдвэр нь Конгрессийн зөвлөлөөр орсноор эцэслэн баталгаажих юм. Гэхдээ Сенат болон Доод танхимын аль алинд Трампын нэр дэвшсэн Бүгд найрамдах нам ялалт байгуулсан тул харьцангуй хориг, эсэргүүцэл бага байх төлөв харагдаж байна.

Доналд Трамп цагаачдын тухай хатуу бодлогоо хэрэгжүүлж, Мексикийн хил дагуу хана босгоно гэж мэдэгдсэн. Гэвч эхний 100 хоногт хийх ажлын төлөвлөгөөнд энэ ажил дурдагдаагүй. Тэрбээр сонгуулийн компанит ажлынхаа үеэр АНУ, Мексикийн хил дагуу өндөр хэрмэн хана барьж, зардлыг нь мексикчүүдээс гаргуулан, нэвтрэх хураамж авдаг болгохоо мэдэгдэж байсан. Юутай ч энэ ажлыг яаравчлан эхлэхгүй нь бололтой. 

Даваа гарагт хийсэн хоёр минут гаран үргэлжилсэн энэхүү мэдэгдэлдээ Трамп “Машины жижиг эд анги, дугуй үйлдвэрлэсэн ч бай, эсвэл шинэ загварын машин зохион бүтээж, өвчинг илааршуулах ямар ч ажил байсан шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж, агуу эх орондоо баялгийг бүтээж, америкчуудад ажлын байрыг ихээр бий болгох болно” гэлээ. 

Эх сурвалж: CNN

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.