Хилийн шалган нэвтрүүлэх үүргийг ХХЕГ-т буцаан шилжүүлнэ

Twitter Print
2016 оны 11-р сар 23-нд 08:15 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах өөрчлөлтүүдийг тусгажээ. Тухайлбал, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хилийн тухай хуульд хэрэглэсэн нэр томъёо бусад хуультай нэр томъёоны хувьд давхардсан эсвэл өөрөөр тодорхойлох зэргээр зөрчилдөж байсныг шинээр тодорхойлсон. Мөн хил дамнасан гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хил орчмын нутаг дэвсгэрт ард иргэдийг гэмт халдлагаас хамгаалах үед тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэх үндэслэл, хэрэглэх журмыг хуулийн төсөлд шинээр тусгажээ.

Түүнчлэн улсын хилийн аюулгүй байдлыг хангахад оролцох төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагуудын чиг үүргийг тодотгож, хил хамгаалахад туслах хүчний зөвлөл, туслах хүчний гишүүн, иргэний эрх, үүргийг нарийвчлан тусгасан байна. Эдгээр заалтууд дотроос хилийн шалган нэвтрүүлэх чиг үүргийг Гадаадын иргэн, харъяатын газраас Хил хамгаалах ерөнхий газарт буцаан шилжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан нь гишүүдийн анхаарлыг татаж байв. Тодруулбал, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, хилийн боомтын аюулгүй байдлыг хангах, боомтод мөрдөх журмыг мөрдүүлэх чиг үүргийг Улсын хил хамгаалах байгууллагад буцаан шилжүүлж, хил хамгаалалтын нэгдмэл тогтолцоог бүрдүүлэхээр тусгасан аж.

Улмаар хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн олонхи буюу 69.2 хувь нь дэмжсэн тул УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Санал болгох