Шинэ Засгийн газар зөв бодлого барьж ажиллавал Монголын эдийн засаг 3 жилийн дараа сэргэнэ гэв

Twitter Print
2016 оны 11-р сар 22-нд 14:11 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизүг нутаг буцах болсонтой нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Манай хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд 40 орчим жилийн үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа дипломатч, нэртэй монгол судлаач түүний үүрэгт ажлаа гүйцэтгэсэн таван жилийн хугацаанд Монгол Японы Стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжсөнд сэтгэл ханамжтай байгаагаа Ерөнхий сайд хэллээ. Мөн энэ хугацаанд хоёр орны хооронд дээд, өндөр түвшний айлчлалын давтамж тогтмолжиж, олон чухал түүхэн үйл явдал болсон. Мөн өнгөрсөн аравдугаар сард Ерөнхий сайдын хувиар Японд хийсэн айлчлалыг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлснийг нь онцоллоо.

2011-2016 онд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ манай улсад 3 удаа, Монгол Улсын Ерөнхийлөгч тус улсад хоёр удаа, УИХ-ын дарга гурван удаа, Ерөнхий сайд 4 удаа айлчилсан. Хоёр улсын эдийн харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд энэ оны зургадугаар сараас хүчин төгөлдөр хэрэгжиж буй Монгол Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр түүхэн чухал алхам болсныг тэмдэглэлээ.   

Монгол Улсад өчигдөр ирээд маргааш буцах гэж байгаа юм шиг л сэтгэгдэл төрж байгаа гэж Элчин сайд Т.Шимизү хэллээ. Монгол Улс энэ хугацаанд хөгжих боломж байсан, энэ боломжоо бүрэн ашиглаж чадаагүй. Шинэ Засгийн газар зөв бодлого барьж ажиллавал Монголын эдийн засаг гурван жилийн дараа сэргэнэ гэж харж байгаа гэлээ. Мөн шинээр ирэх Японы Элчин сайдыг дэмжиж ажиллахыг Ерөнхий сайдаас хүслээ.

Т.Шимизү Монголд элэгтэй, Монголын дотны анд нөхөр гэдгийг Ерөнхий сайд тодотгож байлаа. Хэдийгээр нутаг буцаж буй ч Монгол Улсыг сурталчлах, хоёр орны бизнес эрхлэгчдийг хамтран ажиллахад зуучлах, хөрөнгө оруулалт татахад тусалж, дэмжих ажлаа үргэлжлүүлэн эргэх холбоотой байна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Элчин сайд, ноён Т.Шимизүд хэлээд цаашдын амьдралд нь сайн сайхныг хүслээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.