Японд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас цунами үүсч, зүүн эргийн байдал хүндэрлээ

Twitter Print
2016 оны 11-р сар 22-нд 09:08 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 05 цаг 40 минутын орчимд Японы зүүн хойд хэсэгт Фукушимагийн ойролцоо 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Үүний улмаас цунами болж магадгүй хэмээн Японы телевизүүд ард иргэддээ сэрэмжлүүлэг өгсөөр байна. Энэ үеэр Фүкүшимагийн атомын цахилгаан станцын зарим эд анги автоматаар унтарч зогссон байна. Үүний улмаас цунами үүсч Японы зүүн эргийн байдлыг хүндрүүлж болзошгүй байна. 

Өглөөний 06 цаг 20 минутын үед 1 метр орчим өндөртэй цунами зүүн эргийг чиглэн ирж явааг телевизүүд мэдээлжээ. Мөн Фукушимагийн эрэгт хүрэхдээ 3 метр хүрч болзошгүй хэмээн анхааруулж байна.

Япон улсын Номхон далайтай хиллэдэг аймгууд тэр чигээрээ цунамигийн 2-р зэргэллийн шар өнгөтэй байгаа бөгөөд Фүкүшима аймаг гамшиг болж магадгүй улаан өнгийн зэрэглэлд байгаа юм. 

Газар хөдлөлтийн улмаас гарсан хохирол одоогоор тодорхойгүй байгаа ч хэд хэдэн хүн хөнгөн гэмтэл авчээ. Чичиргээ Токио хотод мэдрэгдсэн ба эргийн дагуу амьдарч байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг анхааруулжээ. Мөн Фукушимагийн боомтоос усан онгоцнуудыг холдуулж байгаа юм байна.

Японы NHK сувгийнхний мэдээлснээр одоогийн байдлаар Фукушимагийн Онахама усан онгоцны буудал орчимд 60 см өндөр давлагаа, Сомад 90 см өндөр давлагаа иржээ. Үүнээс өндөр, том давлагаа ирж болзошгүйг анхааруулсан хэвээр байгаа аж.

Эл нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайд Ш.Абэ иргэддээ хандаж үг хэлсэн байна. Тэрбээр энэ аюул ослоос сэрэмжилж, цунами болж магадгүй бүс нутагт амьдарч байгаа иргэдээ уулархаг газар очихыг зөвлөжээ.

Японы Ерөнхий сайд Ш.Абэ АПЕК-ийн хуралд оролцож, Аргентинд айлчилж байгаа хэдий ч ард түмэндээ хандаж анхаарал болгоомжтой байхыг сануулан, бүх хүчээ дайчлан ажиллахыг чиглэлийн яамд, байгууллагууддаа үүрэг өгч хэвлэлийн хурал хийж байна.

Япон улс нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог бөгөөд дэлхийн 6.0 баллаас дээш газар хөдлөлтийн 20 орчим хувь нь зөвхөн Японд болдог байна. 

2011 онд Японы арлаас 130 км зайд 9 баллын хүчтэй газар хөдлөлт болсноос үүдэн Фүкүшима аралд 10-20 метрийн өндөртэй цунами болж Чернобылийн АЦС дэлбэрснээс хойших хамгийн их хор хөнөөл бүхий цөмийн дэлбэрэлт болсон билээ. Энэхүү байгалийн гамшгаас болж асар их хэмжээний эвдрэл, сүйрэл учирсан ба амь насаа алдсан хүний тоо 19 мянга давсан юм.  Мөн гамшгийн бүсээс 100,000 гаруй хүн орон гэрээ орхин нүүхэд хүрсэн. 

Харин өнгөрсөн 4 сард Өмнөд Кумамотод болсон хоёр удаагийн газар хөдлөлтийн улмаас 50 хүн амиа алдсан билээ. 

Эх сурвалж: https://www.theguardian.com, BBC News Asia

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.