Цас цэвэрлэхэд цэрэг, оюутан, ахлах ангийн сурагчдыг дайчилна

Twitter Print
2016 оны 11-р сар 21-нд 12:54 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар нийслэлийн Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Өнгөрсөн хугацаанд томилогдсон дүүргийн Засаг дарга нарыг хуралдааны үеэр товч танилцуулав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэл, дүүргийн хөгжлийн төлөө Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр болон дүүргийн хөгжлийн төлөө намчирхалгүй хамтарч гар нийлэн ажиллана гэдэгт итгэж байна” хэмээгээд Засаг дарга нарт ажлын амжилт хүслээ. Баянзүрх дүүргийн ИТХ энэ долоо хоногт албан ёсоор хуралдаж, асуудлаа шийдвэл бүх дүүрэг удирдлагатай болох юм.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ ажлын талаар товч танилцуулсан. Энэ сарын 17-18-нд шилжих шөнө нийслэлд зарим газраар 23 см хүртэл цас орсон. Засаг даргын уриалгын дагуу нийслэлийн болон харьяа байгууллагуудын бүх албан хаагчид ажиллаж хуваарьт газруудаа сайн цэвэрлэсэн гэдгийг тэрээр онцлоод өнгөрөгч бямба гаригийн шөнө нийслэлийн төвийн 6 дүүргийн ТҮК-ийн 97 машин, 300 хүн гол замуудаа цэвэрлэсэн. Хэдий бид цэвэрлээд байгаа ч шөнө нь цас хялмаалаад хальтиргаа гулгаа нэмэгдэж байна гэлээ.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд өнгөрсөн 14 хоногийн төлөв байдлын талаар танилцуулсан. Тэрээр “Өнгөрсөн сартай харьцуулахад булаалт болон дээрмийн гэмт хэрэг өсч байна. Бид төвийн чиглэлээр 70 хүн нэмэлтээр эргүүл хийлгэж байгаа” гэлээ. Мөн Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж “Өнгөрсөн 14 хоногт харьцангуй тайван байсан. Энэ их цасны улмаас дуудлага нэмэгдсэн. Цас орж, хальтиргаа гулгаа үүссэний улмаас замын ачаалал нэмэгдэж, хөдөлгөөний эрчим суларсан. Хайлаастын, шинэ Гэмтлийн гээд зарим өсгүүр газарт гулгаа их үүсч автомашины хөдөлгөөнд их ачаалал үүсгэсэн. Мөн галт тэрэгний тээвэрлэлт нэмэгдсэн нь хөдөлгөөний эрчмийг бууруулахад нөлөөлж байна” гэлээ.

“Энэ сарын 17-18-нд орсон цас зарим газраар 16-21 см хүрсэн. Хот орчмын зам, даваа хаагдаж боогдсон газар байхгүй. Хэдийгээр зам, даваа хаагдаагүй ч хальтиргаа, гулгаа нэмэгдсэн” гэдгийг НОБГ-ын дарга, Онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр танилцууллаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлд нөхцөл байдал хүндэрч буйг дурьдаад “Байгалийн давагдашгүй хүчин зүйл бий болсон тохиолдолд дахин бүх нийтийг хамарсан арга хэмжээ авна” гэлээ. Мөн ирэх 14 хоногт хийх ажил болон яаралтай авах арга хэмжээнүүдийн талаар үүрэг чиглэлийг холбогдох газар, хэлтсийн дарга нарт өглөө. Хотын төв болон нийслэлээс гадагш гарах зам давааны цас мөсийг арилгах, холбогдох байгууллагуудтай нь ярилцаад цас цэвэрлэгээнд цэргийн алба хаагчид, оюутнууд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг хамруулах зэргээр энэ 7 хоногт гудамж талбайн цасаа цэвэрлэж дуусгахыг үүрэг болголоо.

Цасаа цэвэрлээгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл хариуцлага тооцно

Аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчныхоо 50 метр талбайн цасаа цэвэрлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд ААН-үүдэд хариуцлага тооцно. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас олгож буй “Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх гэрчилгээ”-г түдгэлзүүлэх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газар эзэмших эрхийг түдгэлзүүлэх, цуцлах болон удаа дараа шаардлага биелүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлэх юм.

Ингэснээр ААН байгууллагуудын цас, мөс, хог хаягдлын цэвэрлэгээг хэвшүүлэхэд чухал аж.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран мэргэжлийн хяналтын улсын байцаагчид болон дүүрэг, хороодод ажилладаг 150 гаруй олон нийтийн байцаагч нар энэ ажилд хяналт тавих юм байна.

Мөн нийтийн эзэмшлийн зам талбайд унаж бэртсэн бол гомдлоо нутгийн захиргааны төв байгууллага болон мэргэжлийн хяналтын байцаагчид хандах боломжтой аж.

Мэргэжлийн хяналтын байцаагч иргэний гомдлыг Иргэний хуулийн 505,1 болон Хог хаягдлын тухай хуулийн 24,1 дэх заалтыг үндэслэн  гарсан зардлуудыг нөхөн олгох юм байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.