Хайр минь, хайр минь... /Богино өгүүллэг/

Twitter Print
2019 оны 03-р сар 21-нд 17:06 цагт
Мэдээний зураг,

Энэ хүнийг бодохуйяа өөрийн эрхгүй хүч чадал орно. Энэ хүний амьдралд чухаг өдөр бүрийн элдвийн ажлууд, дэмий баахан нөхөрлөл холбоог нь ч төвөгшөөж нэгээхэн ч бодолгүй амжуулахыг хичээн зүтгэнэ. Энэ хүний төлөө ялимгүй жаахан ичгүүрийг ч нулимсаан нууж байгаад тэвчихийг хүснэ. 

Өглөө, орой харж дассан энэ хүн, өглөө оройд ямар нэгэн шинийг мэдрүүлэх энэ хүн. Зон олон энэ хүнийг томоос том эр хүн хэмээнэ. Чингэвч надад яг л жаахан хүүхэд мэт санагдана. Ийн хэлэх намайг ч бас энэ хүн хүүхдээрээ хэмээн эв хавгүй харан талимаарна. Хоёул нүдээ бүлтгийлгэн хүний хорвоогийн ээдрээт давалгааг сөрөн давж ирсэн өнгөрсөн бүхнээ бодон гайхан сууна.

Яав гэмээр хоёул дуугаан хураагаад зарим үес бүтэн өдрөөр ч ганц үг ган хийлгүй өнгөрүүлнэ. Тийм авч сэтгэл зүрх холбоогүй байсан өдөр нэгээхэн ч үгүй. Энэ хүний, хар даа хэмээн нүдээрээ заах хашаанд орох анхны цас, энэ хүний чихээ тавин чагнах дээврийн болжморын жиргээг ч би мөн адил мэдрэн уярч сууна.

Идэр залуу цагт хичнээн ч эр энэ хүнд ялагдаад миний өмнөөс холдон одсон юм бэ. Бодвоос, чамгүй их гэм нүгэл үүрч яваа энэ хүн. Тийм авч энэ хүний өнөөгийн энэхүү нам гүм болсныг хараад үзэн ядах хүн үгүй болсон биз ээ. Энэ хүний намайг өмгөөлөн хамгаалсаар ирсэн урт удаан он жилийг тэр хүмүүс хараад өшөө хорсол нь арилан одсон биз ээ. Хэдийнээ хэдэн ч хүүхдийн эцэг болоо биз ээ. Хэрэвзэ дахин уулзах аваас тэр хүмүүс энэ хүнтэй инээмсэглэн гар барих буй за. Нээрэн ийн бодохуйяа би ч гэсэн энэ хүнийг ямар их өмгөөлж тэвчсээр ирсэн юм бэ. Бодвоос, хүйтэн цэвдэг мөс ус болон хайлан урсах урт удаан он жилүүд. Тэр он жилүүдийн төлөө нулимс минь дуслан бөмбөрөх шиг болно.

Энэ хүн нэг кимоно өмсвөл хэдэн ч өдөр хамаагүй түүнийгээ үргэлжлүүлэн өмсөнө. Европ хувцас өмсвөл мөн л дуугүй өмсөөр байна. Энэ хүн хааяа тэнэг ч юм шиг. Тэгсэн хэр нь миний хувцсанд ихэд санаа тавина. Эрээн цоохор кимоно өмсөх бол баярлана. Заримдаа годгор жаахан охин өмсмөөр кимоно худалдан авч ирнэ. Би асууна: – Яагаад ийм гэж? Энэ хүн хариулна: – Манайх охингүй болохоор чамд өмсгөе. Тэгэхгүй бол гэрт минь өнгө, туяа дутаад нэг л уйтгартай юм байна шүү дээ. 

Хичнээн хэлэвч энэ хүний надад огт буцааж өгдөггүй юм нь Францын унтлагын хувцас. Европоос бид буцах үед Парист орхиод ирсэн хүү минь надад юу ч өгөөгүй мөртлөө эцэгтээ авч өгсөн унтлагын хувцас. Зузаан, тэмээний ноосон эд. Үүнийг энэ хүн өвөл зунгүй өмсөнө. Зун биед тань муу гэж хичнээн хэлэвч хүний үгийг ер үл сонсоно. Тэгээд унтахдаа ийн хэлнэ: – Хүү минь яаж яваа бол доо.

Хүүгээн бодохуйяа би ч мөн адил шөнийн турш нойр хулжин санагалзсан нь хичнээн өдөр билээ. Би гэдэг бүтэлгүй эхийн өсгөсөн ганц хүү. Надаас зөвшөөрөл аван үсээ тайрсан хүү минь, хамтдаа европ явсан хүү минь, том хүн шиг кофе хийж өгөхдөө хэдэн саахар хийх вэ гэж асуусан хүү минь, Францаас Англид бидэнтэй уулзахаар ганцаараа ирсэн хүү минь, Парист гарыг минь атган шарсан махтай хоолонд орохдоо баярласан хүү минь.

Орхиод Япондоо ирсэнээс хойш хүүгээсээ ирэх захидлыг л сэтгэл догдлон хүлээн суух бидэн хоёр өвлийн сүүмгэр гэрэл гэрт асах оройн цагаар тэрэнд тааруулах гэсэн юм шиг бүүдгэр Парисын зурагтай ил захидалд нутгаан үгүйлэн санагалзсан хүүгийн захидал ирэхүй би шуудхан энэ хүнийг сэрээнэ. Унтчихвал ер босож ирэх нь үгүй энэ хүн дуртайяа гэгч нь босон ирнэ. Тэгээд нүдний нь үзүүрт нулимс хуран, цай ууж, шөнө орой болтол хүүрнэн сууна. Гадаа өвлийн эхэн сарын хүйтэн салхи үл мэдэг исгэрэн үлээнэ.

Окамото Каноко, 1933 он, Япон

Орчуулсан Д.Алтанцэцэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.