МЧБХ хууль бус ерөнхийлөгчийнхөө эгнээг тэлэх гэж байна

Twitter Print
2016 оны 11-р сар 18-нд 09:42 цагт
Мэдээний зураг,

Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ны албан ёсны вебсайт www.wrestling.mn-д “МЧБХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэнэ” гэх гарчигтай мэдээлэл энэ сарын 10-нд гарчээ. Тус гарчигийг харсан олон хүнд ашгүй удтал яригдсан зүйл сая нэг юм биеллээ олж, хэл ам ихтэй байгаа МЧБХ хэмээх ТББ олон жилийн дараа их хурлаа хийх нь, “Хууль бус ерөнхийлөгч” хэмээх нэр томъёо хүртэл бий болоход чухал үүрэг гүйцэтгэсэн Д.Дагвадорж эр хүн шиг хэлсэн амандаа хүрээд явах гэж байна гэсэн бодол төрсөн нь гарцаагүй. Их спортын төрлүүд дундаас Монголын ард түмний зүрх сэтгэлд хамгийн ойр байдаг нь чөлөөт бөх. Тэртээ 1960-аад онд Монголыг дэлхий мэддэггүй байхад манай бөхчүүд олимп, ДАШТ-ээс медаль хүртэж, эх орноо таван тив даяар сурталчилж байсан бахархам гавьяатай. Тиймээс ч монголчууд энэ спортын төлөө санаа тавьж, баярлаж, гуниглаж байдаг юм. 

Гэвч дээрх мэдээллийг гүйцэд уншсаны өөрийн эрхгүй харамсал, хардлага төрлөө. Сүүлийн хэдэн жил буруу замаар будаа тээсэн МЧБХ-г зөв замдаа орох нь уу гэсэн бодол минь талаар өнгөрөв. Тэд буруу замаараа улам хол явахаар шийдсэн бололтой. Энэхүү мэдээллийн эхний хоёр өгүүлбэрт “Монголын чөлөөт бөхийн холбооны өргөтгөсөн хурал 2016 оны арваннэгдүгээр сарын 19-нд болох тул Холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэнэ. Нэр дэвшигч нь 2016 оны арваннэгдүгээр сарын 16-ны дотор МЧБХ-ны цахим шуудангаар юм уу биечлэн ирж бүртгүүлнэ” гэсэн байлаа. Өргөтгөсөн хурал гэж яг юу билээ. Өргөтгөсөн хурал гээчээр ерөнхийлөгчийг сонгох нь хаанахын ёс вэ. МЧБХ-ны хамгийн сүүлийн их хурал 2009 оны гуравдугаар сарын 13-нд эхэлж, дараагийн өдрөө өндөрлөж байсан. Тэрхүү хурлын төлөөлөгчид МЧБХ-ны дүрмийг шинэчлэн баталж, хууль ёсны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийг сонгосныг бөхийн спорт жаахан гадарладаг хэн ч мэдэж байгаа юмсан. 

Хамгийн сүүлд батлагдсан хууль ёсны тэрхүү дүрмийн 4.2.1-д “Их хурал нь Холбооны удирдах дээд байгууллага мөн”, 4.2.2-т “Их хурлыг дөрвөн жилд нэг удаа, олимпийн наадам дууссанаас хойш 90 хоногийн дотор багтаж хуралдуулна”, 4.2.3-т “Их хурал нь дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ”, 4.2.3.3-т “Үүнд: Дүрмэнд өөрчлөлт оруулах” хэмээн заасан билээ.

Харамсалтай нь “Лондон-2012”-оос хойш МЧБХ-ны дүрэм маш олон удаа ноцтой зөрчигдлөө. Зуны олимпийн XXX наадам Европын цагаар наймдугаар сарын 12-нд, манай цагаар 13-нд хаалтаа хийсэн. Өөрөөр хэлбэл, Л.Чинбатын удирдсан МЧБХ их хурлаа арваннэгдүгээр сарын 11-нээс өмнө зохион байгуулж, нэгэн олимпийн мөчлөгт ажилласан үйл ажиллагаа, санхүүгийн тайлангаа өөрсдийг нь сонгосон хүмүүст тайлагнаж, дүнгээ тавиулах ёстой байлаа. Гэвч тэр цагаас хойш бүтэн дөрвөн жил өнгөрсөн ч их хурал болсонгүй.

МЧБХ-ны алдаа завхрал энэ мөчөөс ёстой улаан цагаандаа гарчихлаа. Энэ бүх бантанг улам дэвэргэх үйл явдал 2013 оны тавдугаар сарын 1-нд болж, МЧБХ-ны Удирдах зөвлөл ерөнхийлөгчөөрөө Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь аварга Д.Дагвадоржийг сонгосон юм. Ном журмаараа бол 2009 оноос хойш өдгөөг хүртэл үйлчлэх дүрмийн 3.1.4-т байх “Ерөнхийлөгчийг Холбооны их хурлын нийт төлөөлөгчдийн ердийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар, дөрвөн жилийн хугацаатай сонгоно” хэмээх маш чухал заалтыг ийнхүү хөсөр хаяв. МЧБХ-ны удирдах дээд байгууллага болсон их хурлын төлөөлөгчдийн итгэлийг хүлээн сонгогдсон Л.Чинбат дөрвөн жилийн ажлаа тайлагнах ёстой хүмүүст нь тайлагналгүй зугтан одсон нь харамсалтай. Тэр Монголын чөлөөт бөхийг увайгүй, ёс зүйгүй хүмүүсийн гарт үлдээснээр энэхүү спортын төлөө байгуулсан өөрийн бүх гавьяаг хараар будаж орхисон юм. Тухайн үед Монгол чөлөөт бөхийн хүрээнийхэн Д.Дагвадоржийг сайн мэддэггүй байсан болоод ч тэр үү мань эрийн нэр хүнд тийм ч муу биш байсан санагдана. Хэрвээ их хурал хийсэн бол түүний ялалт байгуулах магадлал өндөр байв. Харин одоо нөхцөл байдал, боломж яг эсрэгээрээ байна.

МЧБХ-ны албан ёсны вебсайтад нэг дүрэм тавигдсаар удаж буй. Даанч тэр нь хамгийн сүүлд болсон 2009 оны их хурлаар батлагдсан дүрэм биш болохоор хууль бус л даа. Тэрхүү дүрэм гээчийн толгойд нь “МЧБХ-ны үүсгэн байгуулагчдын 2013 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн хурлаар хэлэлцэн батлав” гэх өгүүлбэр бий. Цааш сонирхвол 4.1-т “Удирдах зөвлөл нь МЧБХ-ны удирдах дээд байгууллага мөн”, 4.3-т “Удирдах зөвлөлийн даргыг гишүүдийн ердийн олонхийн саналаар сонгоно”, 4.4-т “Удирдах зөвлөлийн дарга нь МЧБХ-ны ерөнхийлөгч байна” гэх мэт хөөрхөн зүйлс байх ч “Их хурал” гэх үг огт дурдагдсангүй. Хаанаас нь ч харсан удирдлагадаа хэт үйлчилсэн энэхүү дүрэм үнэхээр хууль ёсных мөн байгаад 2013 оны тавдугаар сарын 1-нээс өмнө хэрэгжиж байсан бол Д.Дагвадоржийг МЧБХ-ны хууль ёсны ерөнхийлөгч гэж үзэхсэн. Гэвч энэ дүрэм хууль бусаас гадна МХБХ-ны ерөнхийлөгчийг сонгосноос хойш хагас жилийн дараа хэлэлцэн батлагдсан нь гайхалтай хэрэг. Өөрөөр хэлбэл МЧБХ-ны Удирдах зөвлөл 2013 оны тавдугаар сарын 1-нд хуралдахдаа зургаан сарын дараа хэлэлцэн батлагдах дүрмийн дагуу шийдвэр гаргаж, ерөнхийлөгчөө сонгосон болж таарлаа. 

“МЧБХ-ны үүсгэн байгуулагчдын 2013 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн хурлаар хэлэлцэн батлав” гэх толгойг нь инээдтэй гэх үү, эмгэнэлтэй гэх үү. ЗХУ-ын Днепропетровск хотын төмөр замын дээд сургуулийг 1958 онд төгссөн инженер Дамбын Дамдинсүрэн 1960 оны сүүлчээр Төмөр замын соёлын ордны спортын тэнхимд Төмөр замын техникумын сурагчид голлосон 16 хүнтэй чөлөөт бөхийн дугуйлан хичээллүүлснээр Монголын чөлөөт бөхийн түүх эхэлсэн билээ. МБТСЭ-ийн Төв зөвлөл дараа оных нь тавдугаар сард тушаал гаргаж, БНМАУ-ын нэг, хоёрдугаар шигшээ баг байгуулсан түүхтэй. Тухайн үеийн шигшээ багт үндэсний бөхийн амжилт нь ид өсч явсан залуучууд багтаж байв. 1961 оны намар дасгалжуулагч Ц.Дамдин, тамирчин Б.Сүхбаатар, О.Цэрэндагва, Ж.Мөнхбат, Ч.Бээжин, С.Цэрэн, Ө.Эрдэнэ-Очир, Ц.Санжаа нар Болгарт болсон хамтарсан бэлтгэлд оролцож, чөлөөт бөхийн анхны цагаан толгойг заалгасан болоод ч тэр үү МЧБХ-ны түүхийг тэр жилээс эхлэн тооцдог. Харин Л.Чинбат, Д.Сумъяабазар нар МЧБХ байгуулагдсанаас хойно төрснөө, 2011 онд энэхүү байгууллагын 50 жилийн түүхт ойг нижгэр тэмдэглэж, тухайн үеийн FILA буюу Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо (Одоогийн UWW буюу Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо)-ны “Алтан од” шагналаар энгэр цоолж байснаа ямар хурдан мартана вэ. МЧБХ-ны их хурлын 2009 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 03 дугаартай тогтоол гээч бий. “Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон Л.Чинбат, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Сумъяабазар нарыг холбооны үүсгэн байгуулагч болохыг баталсугай" хэмээх энэхүү тогтоолд хурлын дарга Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Баянмөнх гарын үсэг зурсан байна. Гэвч энэ бүхэн сүүлд нөхөж хийгдсэн хууль бус зүйл. Долоон жилийн өмнөх тэрхүү хуралд МЧБХ-ны үүсгэн байгуулагчийг томилох, сонгох асуудал огт яригдаагүйг төлөөлөгчөөр оролцсон 180 гаруй хүнээс асуугаарай. Басхүү Х.Баянмөнхийн гарын үсгийг МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх дуурайлган үйлдэж, өөрийнхөө гарын үсгийн О үсгийг Х болгон өөрчилсөн нь илэрхий байна. О.Баянмөнхийн балаг үүгээр дуусахгүй бөгөөд Азийн АШТ-д оролцох тамирчдын визийг хуурамчаар үйлдсэнийг нь шүүх жилийн өмнө тогтоож, гэмт хэрэгт тооцсон билээ. Хамгийн инээдтэй нь 2009 оны тэрхүү тогтоолд 2011 оны хавраас хэрэглэх болсон шинэ тамгаа дарж орхижээ. 

Сэтгүүлч миний бие 2009 оны Их хурлаар батлагдсан хууль ёсны болон 2013 оны үүсгэн байгуулагчдын хурлаар батлагдсан гэх хууль бүс гэсэн хоёр дүрмийн тухай яриад байгаа. Хэрвээ олон нийтийн сайн мэдэхгүй бас нэг дүрэм байгааг дуулгавал уншигч та битгий гайхаарай. “Булавч бултайна, даравч дардайна” гэж үнэн үг юм. Энэхүү байгууллагын өнөөгийн удирдлагууд “МЧБХ-ны Удирдах зөвлөлийн 2013 оны арваннэгдүгээр сарын 25-ны хурлаар хэлэлцэн батлав” гэсэн толгойтой дүрмийг УБЕГ-т өгч бүртгүүлснийг нь саяхан олж мэдлээ. “Балжинням, Дашнямтай өдөр” гэдэг шиг 2013 оны арваннэгдүгээр сарын 25-нд нэгэн зэрэг хоёр дүрэм хорвоод мэндэлсэн болж таарах нь. Хэдийгээр энэ хоёр дүрэм “ихэр” ч гэсэн хоорондоо адилгүй. УБЕГ-т бүртгэгдсэн хэрнээ вебсайт дээр тавигдаагүй дүрэмд хэд хэдэн онцлох заалт байна. Олноос онцгойлон нуусан энэхүү дүрмийн 1.9-т “Монголын чөлөөт бөхийн холбоо 2009 оны гуравдугаар сарын 15-нд байгуулагдсан болно”, 4.1-т “Бөхийн чөлөөт, сонгомол барилдааны дэмжигч, тамирчин, дасгалжуулагч, судлаач, үзэгчдийн төлөөлөл тав хүртэлх хүн МЧБХ-ны үүсгэн байгуулагч байна" гэх мэт хачин жигтэй зүйлс бий. Монгол Улсын Төрийн бус байгууллагын тухай хуулийн 7.3-т “Төрийн бус байгууллагын эрх бүхий байгууллага нь түүнийг татан буулгасан тухай шийдвэрээ 21 хоногийн дотор нийтэд мэдээлж улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бичгээр ирүүлэх бөгөөд энэхүү шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлээс хасна” хэмээн заажээ. Уншигч та “МЧБХ-г татан буулгалаа” гэсэн үгийг урьд өмнө нь сонсч байсан уу. Монгол Улсын төрийн бус байгууллагын тухай хууль 1997 онд батлагдсан. Олон нийтийн байгууллага статустай байж байгаад хууль тогтоомжийн заалттай нийцүүлэхийн тулд 19 жилийн өмнө ТББ болон өөрчилсөн МЧБХ-г татан буулгах шийдвэр өнөө хэр гараагүй. Гэвч УБЕГ МЧБХ хэмээх дахин нэг ТББ-ыг бүртгэж авсан нь ямар учиртайг шинэ үеийн үүсгэн байгуулагчид нь мэдэх биз ээ. УБЕГ бас нэг байгууллагын хоёр өөр дүрэм хүлээж авах учиргүй. Гэвч МЧБХ-ны вебсайт дээр тавигдсан дүрэмд УБЕГ-ын тамга дарагдсан нь гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

МЧБХ өнгөрсөн хугацаанд энэ мэт олон ажил санаачилж хийсэн болохоор надад хардлага төрөх нь аргагүй. МЧБХ-ны албан ёсны вебсайтад гарсан ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэх тухай тэрхүү мэдээлэлд өргөтгөсөн хурал гээч нь хаана, хэрхэн болох тухай тодорхой дурдаагүй. Төгсгөлд нь “Хурал болох байрыг жич зарлана” гэсэн ганц өгүүлбэр байсан. Өргөтгөсөн хурал гээч нь хоёрхон хоногийн дараа болох гэж байхад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тодорхой мэдээлэл огт өгөхгүй байгааг юу гэж ойлгох вэ. Эх сурвалжаас МЧБХ-ны их хурал бямба гаригт Төрийн ордонд, цөөн хүний хооронд, хэвлэл мэдээллийнхнээс хаалттай болох сураг сонсогдлоо. Л.Чинбат, Д.Сумъяабазар, А.Сүхбат нар 2009 оны их хуралд төлөөлөгчөөр оролцохдоо “Их хурлыг нээлттэй, ил тод хийе. Энэ хаалганы цаана зогсч байгаа чөлөөт бөхийн төлөө амьдралаа зориулсан, энэ спортод зүрх сэтгэлтэй хүмүүсийг оруулах ёстой” гэж дайрсаар байгаад санасандаа хүрч байсан санагдах юм. Гэтэл тэд одоо яагаад ил тод, нээлттэй байж чадахгүй байна вэ. Л.Чинбат гурван жил хагасын өмнө МЧБХ-ны тамга тэмдгийг Д.Дагвадоржид зүгээр л шилжүүлж өгөөд баларсан. Харин одоо өнөөх хууль бус ерөнхийлөгч нь хурал нэртэй хуйвалдаан хийгээд тамга тэмдгээ дамжуулах гэж байна уу. МЧБХ-ны хууль ёсны дүрэмд ерөнхийлөгчийг их хурлын нийт төлөөлөгчдийн ердийн олонхийн саналаар сонгох тухай тэнэг хүн ч ойлгохоор заачихаад байхад өргөтгөсөн хурал гээч юм зохион байгуулж, ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэж байгаа нь ямар учиртай юм бэ. Бямба гаригт болох найруулсан жүжгээс сонгогдсон хүнийг “Өргөтгөсөн хурлын ерөнхийлөгч” гэх үү. Ямартай ч МЧБХ хууль бус ерөнхийлөгчийнхөө эгнээг тэлэх магадлал өндөр байна.

Д.НАНЖИД

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.