Нярай хүүхдийн хамар битүүрээд байвал

Twitter Print
2018 оны 08-р сар 08-нд 15:35 цагт
Мэдээний зураг,

Нярай хүүхдийн хамар битүүрээд байвал аав ээжүүд минь амаараа сорж авч болохгүй. Иймэрхүү хандлага нэлээд ажиглагддаг тул бүр аминчлан захиж байна. Ингэж цэвэрлэхэд хүүхдийн нус амархан сугарч гардагч хамрын саласт, мөгөөрсөн нуруунууд гэмтэж хожим том болохоороо хамар нь дандаа битүүрээд байдаг эсвэл дандаа битүү хамартай явдаг.

Нярай хүүхэд байнга хэвтээ байдалд байдаг учраас хөдөлгөөн нэлээд дутагддаг. Энэ нь ч бас хамар битүүрэхэд нөлөөлдөг. Мөн өрөө тасалгаа хэт халуун байх, хүүхэд их гулигаад байвал хамар нь бас битүүрээд байдаг. Тиймээс та хүүхдийнхээ өрөөний дулааныг 23-25 хэмээс хэтрүүлэхгүй байлгаж өвлийн улиралд утаа униар багассан өдрийн цагаар урин дулаан цагт салхивчаа онгойлгож, агаар сайн оруулж байх хэрэгтэй.

Яагаад хамар битүүрдэг вэ?

Хүүхдийн хамар ханиад томуу тусаагүй байхад юунаас болоод битүүрч байгааг ажиглаж мэдэхийг хичээ. Хоёр сар хүрэхээрээ нярай хүүхэд баасаа хурааж, янцаглаж, гулгих нь ихэсдэг. Энэ нь хүүхэд тань мяраалж байгаагийн нэг хэлбэр юм. Харин ингэж гулгихаараа хэвтэж байгаа хүүхэд дээшээ харж байвал хамар луу нь ордог. Ингэж хамарт орсон сүү нустай холилдон хатаж амьсгалах замыг хаадаг.

Мөн өрөө тасалгаа хэт халуун, хуурай, тоосонцортой байгаагаас хүүхдийн хамар битүүрдэг. Яагаад гэвэл хүүхдийн хамар гүйцэт хөгжөөгүй өөрөөр хэлбэл хамар дотор нь үс ургаж амжаагүй байгаагаас элдэв тоосонцорыг шүүлгүй шууд хүлээж авдаг.
Мөн хамар нь их битүүрдэг хүүхдийн чих өвдөх нь их байдаг.

Хамрын битүүг хэрхэн цэвэрлэх вэ?

Хүүхдийнхээ хамарт буцалсан бүлээн ус 1-3 дуслыг хамрын нуруу ханыг дагуулан дусааж өгнө. Энэ нь хамрыг бүрэн чийглэж өгнө. Хэрэв шууд гэдийлгэж дусаах юм бол хүүхэд цочихоос гадна хамар гүйцэт чийглэгдэхгүй. Ингээд хэсэг хэвтүүлж байгаад хүүхдийг түрүүлэг нь харуулэн эргүүлж хэвтүүлнэ. Хүүхэд хэсэг хэвтээд тийчилж магадгүй уйлна. Бага зэрэг уйлуулсандаа ч гэмгүй. Ингээд хүүхдийн нус бултайж гарч ирэхэд эрчилсэн нарийн хөвөнгөөр хамрыг цэвэрлэнэ. Савх болон хатуу зүйл хэрэглэж хэрхэвч болохгүй. Хамрын нүхийг ээлжлэн цэвэрлэх хэрэгтэй.

Зарим ээжүүд хүүхдийнхээ хамарт хөхнийхөө сүүг дусааж харагддаг. Энэ буруу. Яагаад гэвэл сүү уураг ихтэй учраас бүр ч амархан хатаж битүүрдэг.

Хүүхдээ сэрүүн байхад нь хамрыг нь цэвэрлэж байх хэрэгтэй.

Бага зэргийн дэр дэрлүүлэх.

Мөн хүүхдийнхээ хэвтэрийг аль болох амьсгалахад чөлөөтэй биед нь эвтэйхэн байхаар бага зэрэг хажуугаар нь хэвтүүлж байх.
Мөн зарим ээжүүд хүүхэд тэврүүлээд сурчихна гээд бараг авдаггүй. Энэ нь байнга хэвтээ байдалд байгаа нярай хүүхдэд тийм ч таатай зүйл бишийн дээр хамар битүүрэхэд ч нөлөөлдөг. Иймд хүүхдээ ялангуяа хооллож хөхүүлсэний дараа хэсэг хугацаагаар //5-10 мин/ заавал босгож тэврэх, нурууг нь илж, хурууны өндөгөөр тогшиж өгөх хэрэгтэй.

Өдөр болгон усанд оруулж, зөв асаргаатай байгаа хүүхдийн хамар тэр бүрий битүүрээд байдаггүй.

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.