УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал: Өнөөдрийн хувьд АН-ын амин чухал асуудал бол намын дотоод ардчилал байна

Twitter Print
2016 оны 11-р сар 16-нд 16:22 цагт
Мэдээний зураг,

Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх хорооны энэ удаагийн хуралд ирцийг чухалчлахгүй бөгөөд өнгөрсөн долдугаар сард хуралдсан ҮЗХ-ны ирцээр хуралдаан эхэллээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн асан А.Бакей, Ш.Түвдэндорж нар хуралдааныг даргалж байна. Энэ удаагийн хуралдаанд УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, Б.Болор, Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, С.Эрдэнэ, Л.Болд нарын ҮЗХ-ны гишүүд иржээ.

ҮЗХ-ны хурлаар намын үндсэн дүрмийн ажлын хэсэг, Их хуралд бэлтгэх ажлын хэсгийг тус тус байгуулах аж. Түүнчлэн Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулахад гарын үсэг зурсан гэх АН-ын зарим гишүүдэд хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байсан ч Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр уг мэдээллийг үгүйсгэсэн юм. 

УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал хэлэхдээ "ҮЗХ-гоо шинэчлэх хэрэгтэй байна. УИХ ч юм уу, орон нутгийн сонгуулиар автоматаар ҮЗХ нь шинэчлэгдэж байдаг механизм байвал зүгээр байгаа юм. Манай өнөөгийн дүрэмд яг тийм юм байхгүй учраас бүх насаар нь дархалчихсан юм шиг ҮЗХ байгаад байдаг зөрчил гарч ирээд байна. Өнөөдөр АН-ын хамгийн тулгамдсан асуудал бол намын дотоод асуудал байна. Магадгүй жилийн дараа өөр асуудал ярьж болно.

Өнөөдрийн хувьд АН-ын амин чухал асуудал бол намын дотоод ардчилал байна. Намын дотоод ардчиллыг бэхжүүлэх арга зам юу вэ, энд үг хэлж, шүүмжилж байгаа хүмүүс энэ өнцгөөс нь хандаасай гэж хүсэж байна. Өнөөдрийн ҮЗХ-ны хурлаар намын дүрэм шинэчлэгдэх ёстой гээд нэг хувилбар гаргаж ирээд нийт гишүүдээрээ хэлэлцүүлээд, явуулбал болж байна. Намын Их хурлыг хуралдуулах, бэлтгэх ажлын хэсгийг байгуулчих юм бол  өнөөдрийн хурлын үүрэг болж байгаа юм" гэв. 

Мөн Хурлаар намын даргын асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан юм.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.