Пак Гын Хэ өмгөөлөгч хөлсөлжээ

Twitter Print
2016 оны 11-р сар 16-нд 16:40 цагт
Мэдээний зураг,

Өмнөд  Солонгосын прокурорын газар Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гээс өнөөдөр байцаалт авахаар төлөвлөж байгаа нь тус улсад дэгдсэн улс төрийн шуугианыг улам дэвэргэж байна. Ингэснээр БНСУ түүхэндээ анх удаа төрийн тэргүүнээсээ байцаалт мэдүүлэг авахаар болж байгаа нь энэ юм. 

Учир нь Өмнөд Солонгосын төрийн тэргүүнийг дотнын найз гэгдэх Чой Сун Сильтэй холбоотой хэргээр байцаах аж. Чой Сун Силь нь эдүгээ шоронд хоригдож байгаа бөгөөд түүнийг төрийн хэрэгт оролцсон, өөрийн нөлөөг ашиглан нэр бүхий олон компаниас хоёр ч дансаараа дамжуулан мөнгө авсан байсныг шалгалтаар тогтоосон байна. 

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ үүнтэй холбогдуулан Хүний эрхийн Үндэсний хорооны гишүүнээр ажиллаж байсан Ю Ён Хаг өмгөөлөгчөөрөө томилсон талаар Өмнөд Солонгосын төрийн тэргүүний засаг захиргаанаас албан ёсоор өнөөдөр мэдээлэв. 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ 40 жил найзалсан найзаараа төрийн нууц бүхий баримтууд, тэр дундаа хэлэх үгээ хянуулдаг байсан талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ. Үүний дараа БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцрохыг ард иргэд нь шаардаж, эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулаад байгаа юм. Түүнийг Хөх ордны мэдээллийг найздаа дамжуулж, зөвлөгөө авдаг байсан гэх хэрэгт буруутгаснаар Ерөнхийлөгчийн суудал нь ганхахад хүрээд буй. 

Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн бямба гарагт Сөүл хотноо болсон төрийн тэргүүнээ огцруулах жагсаалд 800 мянга гаруй хүн оролцсон байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.