Селен нь хорт хавдар, үргүйдлээс сэргийлнэ

Twitter Print
2017 оны 10-р сар 06-нд 11:58 цагт
Мэдээний зураг,

Үндэслэл:

Сүүлийн жилүүдэд бичил бодисуудын тэнцэл алдагдах, элементүүдийн илүүдэл, дутлын улмаас хүний бие махбодод илрэх эмгэг өөрчлөлтийн талаар эрдэмтэд эрчимтэй судалж байна. 

Селен нь Менделеевийн үелэх системийн 34-рт байрлах бөгөөд 6 валентай ба валентын хувьд–2 (селенидууд), +4 (селенитүүд) ба +6 (селенатууд) гэж нэрлэнэ. Селен нь байгальд органик (селенметионин, селенцистенин) ба органик бусаар (селенитууд, селенатууд) хэлбэртэй байдаг.  Хүн ба амьд организмын амьдралд маш чухал үүрэгтэй 19 нэн шаардлагатай элементүүдийн нэг нь селен юм.

Селений солилцооны алдагдлын улмаас хүний бие махбодод илрэх эмгэг өөрчлөлт нь газарзүйн байршил буюу хүрээлэн буй орчин ялангуяа ус, хөрс дэх селений агууламжаас шалтгаалдаг болохыг тогтоосон байдаг.

Селений ач холбогдол:

· Селен нь хүний биеийн дархлааг сайжруулж, организмын өөрийгөө зохицуулах процессыг идэвхжүүлдэг.

· Селен нь хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулна.

· Эсийн ДНК-ийн гэмтлээс сэргийлж, эсийн хэвийн өсөлтийг хангаж, гэмтсэн эсийг сэргээнэ.

· Бамбай булчирхайн дааврын ялгаралтанд оролцож, дотоод шүүрлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангана.

· Нойр булчирхайн хэвийн үйл ажиллагаанд тустай.

· Селен нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.

· Тосонд уусдаг аминдэмүүдийн шингэцэд тустай.

· Зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ.

· Нүдний харааг хэвийн байлгахад тустай.

· Селен нь эрэгтэй, эмэгтэй хүний нөхөн үржихүйн үйл ажиллагаанд эергээр нөлөөлж, үргүйдлээс сэргийлнэ. Эрчүүдийн бэлгийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ.

· Жирэмсэн, хөхүүл эх болон нярайн төрөл бүрийн төрөлхийн эмгэг, өвчлөлүүдээс урьдчилан сэргийлнэ.

· Селен нь организмын эрт хөгшрөлтөөс сэргийлнэ.

· Организмд үүсэх хаягдал болон янз бүрийн хорт бодисууд зарим хүнд металлууд (хар тугалаг, мөнгөн ус, цагаан алт)  ба хорыг гадагшлуулна. Зарим эмийн хорыг бууруулна.

· Арьс, үс ба хумсны эрүүл байдлыг хангана.

Селений организмын хэвийн байдлыг хангах хоногт хэрэглэх хэмжээ:

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зөвлөмжөөр: Эрэгтэй хүн хоногт-70 мкг, эмэгтэй хүн хоногт-55 мкг, хүүхэд-нэг кг жинд нэг мкг селен хэрэглэхийг зөвлөж байна. Үүнд:

-Нярай хүүхэд  0-6 сар 10 мкг/хоногт

-6-12 сар 15 мкг/ хоногт 

-Хүүхэд 1-6 нас 20 мкг/ хоногт

-7-10 нас 30 мкг/ хоногт

-Өсвөр насны эрэгтэй хүүхэд 11-14 нас 40 мкг/ хоногт 

-Охид 11-14 нас 45 мкг/ хоногт

-Эрэгтэй 15–18 нас  50 мкг/ хоногт

-19 нас ба түүнээс дээш - 70 мкг/ хоногт

-Эмэгтэй 15-18 нас  50 мкг/ хоногт

-19 нас ба түүнээс дээш - 55 мкг/ хоногт

-Жирэмсэн эх 65-200 хүртэл мкг/ хоногт

-Хөхүүл эх 75-200 хүртэл мкг/ хоногт

-Хэрэглээний дээд хэмжээ 400 мкг–ийг хоногт хэрэглэж болно.

Селений бусад бодистой харилцан үйлчилгээ:

Е-аминдэм ба микроэлемент иод организмд хангалттай байвал селен нь илүү сайн шингэх бөгөөд эдгээр бодисууд нь бие биенийхээ үйлчилгээг идэвхжүүлдэг. Харин сахар болон бусад хагас бэлэн бүтээгдэхүүнүүд нь селений шингэцэд сөргөөр нөлөөлнө. Мөн зарим нэгэн эмийн бэлдмэлүүд (жишээ нь парацетамол) организм дахь селений агууламжийг бууруулдаг.

Селен агуулсан бүтээгдэхүүнүүд:

Селен нь ургамлын болон амьтны гаралтай бүтээгдэхүүнд илүүтэй агуулагддаг. Үүнд: далайн загас болон далайн бүтээгдэхүүнүүд ялангуяа  сельд загас, далайн байцаа, далайн давс, мах, малын дотор гэдэс (элэг, бөөр, зүрх), үр тарианы бүтээгдэхүүнүүд болох улаан буудайн соёолж, бүхэл үрийн ширхэгтэй гурил, хивэг, хар будаа, овьёос, эрдэнэшишд ихээр агуулагддаг байна. Мөн улаан лооль, сармис, дрожж,  мөөг, өндөг, оливийн тосонд ч агуулагдана. Гэвч боловсруулалтын явцад селений хэмжээ буурдаг. Мөн селений хөрсөнд агуулагдах хэмжээнээс ихээр шалтгаална. Харин нярай хүүхэд эхийн сүүгээр дамжуулан селен авах ба эхийн сүүнд үнээний сүүнээс хэд дахин илүүтэй  агуулагдана.

Селений дутал нь :

Селений дутагдал нь янз бүрийн өвчнөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлэн маш хүнд үр дагаварт хүргэж болно. Сул дорой байдал, сэтгэл гутрал, бэлгийн үйл ажиллагаа болон хөдөлмөрлөх чадвар доройтох, арьс, зүрх судасны өвчин, олон төрлийн хавдар, харааны бэрхшээл болон бусад олон өвчин биед селен дутагдлын үр дүнд үүсч болно. Ялангуяа селен дутал эхийн сүүгээр хооллох боломжгүй нярай хүүхэд(ялангуяа хөвгүүд), өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд, агаар, хөрсний бохирдолтой орчинд оршин суугчдад илүүтэйгээр ажиглагддаг.

Селений илүүдэл :                                                                                                          

Селений агууламж ихтэй хүнс хэрэглэснээр селений илүүдэл үүсэх ба ийм тохиолдол маш ховор байдаг. Селен агуулсан биологийн идэвхит бүтээгдэхүүн их хэмжээгээр хэрэглэснээр илүүдэл үүссэн тохиолдол бий. Селен нь цэвэр хэлбэрээрээ маш хүчтэй хор тул селен агуулсан биологийн идэвхит бүтээгдэхүүн, эм бэлдмэлийг эмчийн хяналтан дор хэрэглэх ёстой. Селений илүүдэл нь хордлого болон бусад ноцтой үр дагаварт хүргэж болно.

Иймд селений бэлдмэлийг нэмэлтээр хэрэглэхдээ зөвхөн эмчийн заавраар хэрэглэхийг зөвлөж байна.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.