Засгийн газар Хятад, Солонгос, Япон, Энэтхэг улсуудаас албан ёсоор зээл хүсчээ

Twitter Print
2016 оны 11-р сар 16-нд 09:55 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат засгийн газрын 100 хоногоо сэтгүүлчдэд тайлагнах үеэрээ гадны хэд хэдэн улсаас зээл авах асуудлаар хүсэлтээ уламжилсан гэж тодотгож байсан. Засгийн газрын зүгээс БНХАУ, БНСУ, Япон, Энэтхэг улсуудаас албан ёсоор зээл хүсээд байгаа аж.

Одоогоор тухайлсан улсуудаас ямар хэмжээний зээл авахаар хүсэлтээ уламжилсан талаар тодорхой мэдээлэл алга байна. Ямартай ч урд хөршөөс 4.2 тэрбум ам.долларын зээл авах хүсэлт тавьсан нь тодорхой болсон. Уг зээлийг 20 жилийн хугацаатай хоёр хувийн хүүтэй авна гэгдэж байсан ч урд хөршөөс зээлийн  хүүгээ 5-7 хувьд хүргэх асуудлыг тавьсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгч буй. Харин Япон улсын хувьд ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж, макро эдийн засгийн түвшин тогтворжиж эхлэх үеэр зээл олгох асуудлыг ярьж болно гэсэн шийд өгсөн байна.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Батбаяр олон улсын зах зээл дээрээс 7-9 хувийн хүүтэй зээл босгох боломжтой болсон гэж онцолсон байдаг. Манай улсын хувьд  өмнө нь Чингис бондыг 4.1-5-1, Самурай бондыг 1.52 хувийн хүүтэйгээр босгосон. Харин сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засаг саарч буйтай холбогдуулан засгийн газрын зээлжиж зэрэглэл -В рүү ороод байгаа юм. Зээлжих зэрэглэл буурсантай холбоотойгоор гаднаас зээлийн эх үүсвэр татахад хүү нь 10 гаруй хувьтай гарахаар эдийн засгийн шинжээчид онцолсоор байгаа юм.

ОУВС-гийн техникийн багийнхан энэ сарын эхээр манай улсад ажиллаж, Монголбанк, Сангийн яамны удирдлагууд болон УИХ-ын байнгын хорооны дарга нартай уулзалт хийхдээ “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахын зэрэгцээ гадны орнуудаас хөгжлийн зээл авах асуудлыг дэмжсэн гэх мэдээллийг эрх баригч намаас өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, эрх баригч нам ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө гаднаас зээл авах замаар засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан тодорхой ажлуудыг эхлүүлэх асуудлыг намын удирдлагын түвшинд чухалчлан ярьж байгаа аж.

Ж.Мядагбадам

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.