Л.Өлзийтөгс - Жүжигчин, зохиолч хоёр

Twitter Print
2015 оны 02-р сар 19-нд 12:44 цагт
Мэдээний зураг,

“Оросын уран зохиолын сонгодгууд бүгд үхсэн. Одоо ганц л хүн үлдэж дээ. Тэр хүнийг яг одоо харуулъя” гээд өвгөн багш маань цонхоор шагайв. Оюутнууд бид дэрхийн босоод, гүйлдэн очиж цонхоор хартал нэгэн хижээл эр сургуулийн хашаанд хөглөрөх навчийг зөөлөн шүүрдэж зогсов. Хажуугаар нь дайрчих шахаад л, тоохгүй өнгөрдөг “цэвэрлэгч” маань Константин Паустовский байсныг бид ер мэдээгүй...”

Горькийн сургуулийн оюутан байхад нь болсон энэ явдлыг хожим өөрөө өвгөн профессор болчихоод дурсан ярьсан хүн бол Аюурын орос багш. 

Өчигдөр нэг сайхан зурагтай өгүүлэл олж үзээд нөхрийнхөө ярьсан дээрх түүхийг гэнэт санасан учир бичвэрийнхээ эхэнд дурдлаа. Харин одоо зурагт анхаарлаа хандуулна уу! Домогт жүжигчин Марлен Дитрих өвдөг дээрээ сөгдөн, өвгөн “цэвэрлэгч”-ид мөргөж буй агшин.

Зургийн түүх ийм:
Марлен Дитрих Зөвлөлтөд айлчлан ирэхэд юу үзэх хүсэлтэй байгааг нь асуужээ.
-Кремль үү, Мавзолей юу, Их Театр уу?
-Би Паустовский зохиолчтой уулзахыг л хүсч байна. Өөр хүсэх юм алга. Энэ миний олон жилийн мөрөөдөл...
Намуухан дуугаар хэлсэн энэ хариултыг сонсоод оросууд гайхсандаа таг болжээ. Дэлхийн ОД (“оддын од” гэгддэг байж) Марлен ердөө өвгөн Паустовскийтэй л уулзахыг хүслээ гэж үү?

Ингээд зочинд зориулсан үдэшлэгт Паустовскийг заавал ирүүлэх ёстой болов. Гэтэл өвгөн тэр үед эмнэлгийн орон дээр, бараг л “үхлүүт” хэвтэж байжээ. Түүнд урилга гардуулахаар очтол эмч “Босч болохгүй, бүр хөдөлгөж ч болохгүй шүү!” гэж хатуу анхааруулав гэнэ. Гэвч төлөөлөгчид элдэв арга хэрэглэн, яаж ийгээд аваачихыг л хүслээ. Гэвч өвгөн өөрөө ч зөвшөөрсөнгүй. Шаардаж, сүрдүүлж, элдэв юм болсны эцэст “Улсынхаа нэрийг бодоод ганц л босчих” хэмээн хичээнгүйлэн гуйв...

Танхим нам гүм боллоо. Өвгөн зохиолч удаан алхсаар тайз руу гарч очив. Гэтэл аугаа Хэмингуэй, алдар суут Ремаркийн амраг явсан, дэлхийд цуутай, ОД бүсгүй өвгөнийг угтан гүйж очоод шууд өвдөг дээрээ сөгдөх нь тэр ээ! Чингээд өвгөн зохиолчийн гарыг хайрлан үнсч, хацартаа наагаад уйлжээ.

Бүсгүй тэгэхэд бариу даашинзтай байв. Ийн сөгдөж суухад хувцас нь үнэхээр тохирохгүй, эзэндээ эвгүй, хэцүү байгаа нь илт атал ер тоосонгүй. Оёдол нь энд тэндээсээ ханзраа л байлгүй, даашинзных нь чулуун шигтгээнүүд чимээ гарган унаж, тал тал тийшээ үсчиж эхлэхийг бүгд сонсч, харжээ. Танхим дүүрэн үзэгч хэрхэхээ мэдэхгүй таг болж, амаа ангайн, хэсэг чив чимээгүй суув. Ингээд гэнэт нэг нь сэхээ авч ухасхийн өндийхөд, бусад нь дагаж босоод нижигнэтэл алга ташлаа. 

Паустовскийг буцаж суусны дараа Марлен Дитрих ийн ярьжээ. “Олон жилийн өмнө би нэгэн түүврээс “Цахилгаан” (“Телеграмм”) гэдэг өгүүллэгийг санаандгүй олж уншсан юм. Тэгээд л энэ зохиолыг бичсэн хүний гарыг үнсэхсэн гэж олон жил хүссэн дээ. Хүсэл минь биеллээ, одоо би жаргалтай байна...” (эх сурвалж: Евгения Эвоян)

Константин Паустовскийн цөөнгүй өгүүллэг соц үед монгол хэлээр орчуулагдсан. Залуу уншигчид сонирхвол номын сангаас олж уншина биз ээ. Тухайн үедээ манай зарим зохиолчид ихээхэн нөлөөлсөн нь мэдрэгддэг л юм. Сталины үед гадуурхагдан амьдарч, Горькийн сургуулийн хашааны цэвэрлэгч явсан ч “сахалт” удирдагчийг үгүй болсноос хойш алдаршиж, тэр л сургуульдаа багшлан, семинар удирдах болсон тэрээр дээрх явдлаас хойш нэн удалгүй бурханы оронд оджээ. Паустовский шударга, үнэнч сайхан сэтгэлтэй хүн учир Зөвлөлт засгийн үед гадуурхагдсан авьяаслаг зохиолчдыг хэнээс ч юунаас ч айлгүй өмөөрч, хамгаалан ил захидал бичдэг, олны хайртай уран бүтээлч байсан гэнэ билээ.

Харин Марлен Дитрих тухайн цагийнхаа гоо үзэсгэлэнг тодорхойлогч байв. Гэхдээ түүнээс илүү хөөрхөн, илүү гоо бүсгүй өчнөөн байсан биз ээ. Гэвч тэдний дундаас өөрийг нь ялгаруулж, бусдаас ОНЦГОЙ гэдгийг мэдрүүлж, ГАРГАЖ ИРСЭН зүйл бол Марлены УХААН л байж дээ. Яасан сайхан мөрөөдөлтэй, дэврүүн, гэрэлтэй бүсгүй байгаа вэ! 

Дээрх түүхийг уншмагцаа “Тайзан дээр цацран унаж буй үнэт чулуун шигтгээнүүд, тэр шигтгээнүүдийн эзэн үзэсгэлэнт бүсгүй, тэр гоо бүсгүйг өмнөө сөхрүүлсэн хатингар өвгөн гурвын хэн нь (аль нь) илүү гэрэлтэж харагдсан бол доо, тэгэхэд?” гэж догдлон бодлоо.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.