Обамагийн хөл алдах америк эмгэнэл

Twitter Print
2016 оны 11-р сар 11-нд 15:21 цагт
Мэдээний зураг,

Америкийн нэрт зохиолч, нийтлэлч Теодор Драйзерийн “Америкийн эмгэнэл” (“An American Tragedy”) хэмээх дэлхий дахинд алдартай нэгэн зохиол байдаг. Энэ зохиолд өгсөн түүний нэрний утга учир харин одоо бүрэн утгаараа Америкт аюул тулгав бололтой. Энэ бол Америкийн түүхэн дэх хамгийн аугаа тэмцэл болох иргэний дайнд хүргэсэн аюул занал бөгөөд цагаан арьстнуудыг ари хэмээн ангилж, бусад өнгө зүсний хүмүүсээс дээгүүр тавьсан үзэл.

Америкийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч Доналд Трамп одоогийн ерөнхийлөгч Барак Обамагийн урилгаар өчигдөр пүрэв гаригт Цагаан ордны Зуйван танхимд зочлохдоо яг ийм үзэл ханхлуулав. Тэрээр тун хүйтэн хөсрий царайлан сууж, төр засгийн одоогийн тэргүүнийг тоомсорлосон янз огт үзүүлээгүй нь үүнийг гэрчилнэ.

Уг нь бол Обама түүнийг хүлээн авч уулзаж, төрийн эрхийг шилжүүлэх асуудлаар ярилцах гэж боджээ. Тэд нэг цаг орчим яриа өрнүүлэх хооронд тэргүүн хатагтай нар Цагаан ордон дотор зугаацаж явсан байна.

Уулзалтын дараа Обама сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Бид сайхан яриа өрнүүллээ. Дотоод болон гадаад бодлогын өргөн цар хүрээтэй асуудлууд хэлэлцсэн” гэж байсан бол энэ бол худал, үнэн хэрэгтээ шинэ хуучин хоёр ерөнхийлөгчийн яриа ноцтой байсныг энэ зураг гэрчилнэ. Уг зураг дээрээс харахад мань хоёрын нүүр царайны төрх нилээд гүн бодлогоширсон, “асуудалтай” байгааг төвөггүй ажиглаж болно.

Харин “харилцан ойлголцол”-ын дараа Обама Доналд Трампад Цагаан ордны гадаах зүлгэн дээр хамтдаа зургаа авахуулах санал тавиад амаа барихад хүрэв. Учир нь сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр тэд хоёул бие биедээ олон ч удаа хатуу үг чулуудаж байсан учир Трамп шүд зуухаар шийдсэн бололтой гөжиж орхисныг улс төр шинжээчид тэмдэглэж байна.

Хамтдаа зураг авахуулах асуудал уг нь Обамагийн зүгээр нэг тал зассан явдал бус уламжлагдаж ирсэн ёс заншил юмсанж. Цагаан ордонд шинээр ирж байгаа болон явж байгаа хоёр ерөнхийлөгч ордны өмнөх ногоон нугад зогсож зургаа авахуулдаг ёс бүр эртнийх байдаг бөгөөд хамгийн сүүлд бага Жорж Буш явахдаа Барак Обаматай эхнэрийх нь хамт зургаа даруулж байжээ.

Гэтэл Трамп энэ заншлаар зураг татуулахыг хүссэнгүй. CNN, BBC, Associated Press... дэлхийн хэвлэл мэдээллийн тэргүүлэх бүх хэрэгслүүд энэ явдалд гайхширсан мэдээлэл хөврүүлж эхэллээ.

Харилцан ярианы дараа ч тэд сэтгүүлчдэд ёс төдий хөндий хуурай мэдэгдэл хийсэн бөгөөд Барак Обама, “улс оронд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд нам болон улс төрийн харьяаллыг үл харгалзан хамтран ажиллах нь бүх хүний хувьд хамгийн чухал. Үлдэж байгаа хоёр сард төрийн эрхийг тайван шилжүүлэх явдал миний эрхэмлэж байгаа гол зорилт. Тиймээс Трамп үүнд идэвхтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна” гэсэн бол Трамп, “бид сайн, муу янз бүрийн асуудлуудыг авч хэлэлцсэн. Би Обаматай дахин уулзаж, ярилцах болно” гээд, өөрийн засаг захиргаагаа бүрдүүлэхдээ түүнээс зөвлөгөө авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч дараагийн сонгогдсон хүнийг сонгууль өндөрлөснөөс ердөө хоёр хоногийн дараа хүлээн авч уулзаж байсан тохиолдол байдаггүй аж. Тиймээс Барак Обама өөрийн байр суурийг баримталж чадсангүй “хөнгөдлөө” гэж хэлэхээс өөр аргагүй. Нэг талаас тэрээр үнэхээр тал засав уу? Учир нь Барак Обама Трампыг удаа дараа хатуу шүүмжилж байсан хүн. Түүнийг ерөнхийлөгч байж чадахгүй, Seven 11-ний хүнсний дэлгүүр ч түүнийг тоож ажилд авахгүй гэж байсан боловч эцэст нь сонгуульд ялсанд баяр хүргэж, эрх мэдлээ шилжүүлэн өгөхөөр ингэж яарсан нь  хачирхалтай.

Обама харин ч өөрөө төрийн тэргүүн байх хүн биш гэдэг нь түүний өнгөрсөн засаглалын үед тодорхой харагдсан. Аль улс орны тэргүүлэгчдийн өмнө тэрээр “хүндээ хөнгөнөөс өгч” орхидог учир их бага хэмжээгээр хариугаа амсдаг.  Тухайлбал, хоёр жилийн өмнө Хятадад зохион байгуулсан Ази-Номхон далайн эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр тэрээр тун таагүй байдалд ороод авсан билээ. Дэлхий дахины улс төр, эдийн засгийн нөхцөл байдал тун эгзэгтэй болж ирэхийг урьдаас харсан Хятадууд түүнд энэ уулзалтын үеэр өөрсдийн бодлогыг шууд тулгасан бөгөөд Хятадын төрийн тэргүүн түүнд нухацтайгаар, бид байнгын хэлхээ холбоотой байж, болоод өнгөрсөн явдлын тухай биш, харин бодлогын үндсэн асуудлаар саналаа илэн далангүй солилцож, бүх талаар гүнзгий ойлголцох шаардлагатай байна. Ингэснээр сая итгэлцэл хүлээж, харилцан хүндэтгэж, стратегийн алдаа гаргахаас зайлсхийж чаддаг. Хоёр тал ажил хэрэгч хамтын ажиллагааг улам илүү шинэ салбарт өргөтгөж, олон улс, бүс нутгийн энх тайван тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд эрчимжүүлэх ёстой гэж хэлж байсан юм. Хятадын удирдагчын энэ үг түүнийг олон олон асуудалд базан зангидаж чимхээд авсан хэрэг байв.

Тэдний уулзалтын үеэр авсан нэгэн гэрэл зураг хэвлэл мэдээллийнхэний хараанаас мултарсангүй. Ялангуяа Америкийн хэвлэл мэдээлэл үүнд асуудалтай хандаж байлаа. Обама, Хятадын даргын өмнөөс  эгцэлж харж чадахгүй гэм хийсэн балчир залуу шиг, харин Си Зиньпин түүнийг хөгшин бурхи шиг өрөмдөн харж байгаа нь тухайн үеийн уулзалтын уур амьсгалыг илт тодорхой харуулсан асуудал байж билээ. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.