Б.Чойжилсүрэн: Валютын үнийн өсөлт нь Монгол Улс руу орох валютын урсгал саарсантай холбоотой

Twitter Print
2016 оны 11-р сар 11-нд 13:56 цагт
Мэдээний зураг,

Сангийн сайд Б.Чойжилсүрэн валютын ханшийг тогтворжуулахтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ “УИХ-ын төвшинд зөрүүтэй мэдээлэл байх шиг байна. Монголбанк, Засгийн газар хоёр тийшээ хараад суучихсан юм байхгүй. Тодорхой богино хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээг Засгийн газраас баталсан. Ерөнхий сайдаас Сангийн яаманд үүрэг өгөгдсөн. Тухайлбал, бүх төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх хуулийн хэрэгжилтийг сайжруулах гэх мэтчлэн. Бодит гарц бол валютын урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ чиглэлээр яг одоо хэлэлцээр явж байна” гэлээ.

Мөн ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр обьект барихад хөрөнгө зарцуулахгүй, хуучнаа дуусгах чиглэл барьсан болохыг тодотголоо. Энэ нь төсөв боломжгүй байгаатай холбоотой гэв.

Ирэх онд хувьчлах обьекийн жагсаалтад Төрийн банк, Монголын хөрөнгийн бирж, “Оргил” рашаан “Монгол шуудан” багтжээ. Тодруулбал, Төрийн банкийг 75 тэрбум төгрөг, Хөрөнгийн бирж 20 тэрбум, Оргил рашаан сувилал 7 тэрбум, Монголын цахилгаан холбоо компанийг 7.6 тэрбум төгрөгөөр тус тус хувьчилна гэж Засгийн газраас төсвийн төсөлд суулгасан байна.

Төсөв батлагдах үед дээрх обьектууд дээр хоёр объект нэмж, 50 тэрбумаар нэмэгдүүлэхээр болжээ. Үүнд Монгол шуудан компанийг 20 тэрбум төгрөгөөр, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ компанийг 30 тэрбум төгрөгөөр хувьчилна гэв.

Дараа нь сэтгэлүүчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-“Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хэр хэмжээний хөрөнгө шаардлагатай вэ?

-“Цалинтай ээж” хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг 2017 оны төсөвт суулгаагүй. Засгийн газар дээр хэд хэдэн хувилбараар эх үүсвэрийг нь боловсруулаад явж байна. Магадгүй 2017 оны төсөв дээр тодотгол хийвэл энэ хөтөлбөрийн санхүүжилтийн асуудлыг ярина. 

-Валютын ханш өсч байн. Монголбанктай энэ асуудал дээр ойлголцож чадахгүй байна уу. Засгийн газраас Монголбанканд үүрэг өгөөд биелүүлэхгүй байгаа учраас Сангийн сайдад үүрэг өгсөн гэж ойлгосон. Үүнд тайлбар өгнө үү?

-Засгийн газар Монголбанканд үүрэг өгөх эрхгүй. Монголбанк УИХ-ын харьяа байгууллага. Тиймээс Монголбанк Засгийн газар хоёр хамтран ажилладаг. Валютын ханш сүүлийн өдрүүдэд огцом нэмэгдэж байгаа. Үүнийг Засгийн газар анхааралтай ажиглаж, хяналтаа алдахгүй явж байгаа. Валютын үнийн өсөлт нь Монгол Улс руу орох валютын урсгал саарсантай холбоотой. Өнгөрсөн жилүүдэд 7 их наяд 954 орчим тэрбум төгрөгийг зах зээлд оруулсан. Энэ нь валютын эрэлтийг нэмэгдүүлсэн. Энэ эрэлтийг хангахын тулд Монголбанк валютынхаа нөөцийг шавхсан. Шинэ Засгийн газраас валютын урсгалыг дотогш нь болгох асуудлыг гадаадын санхүүгийн байгууллагуудтай ярьж байгаа. Валютын ханш энэ оны төгсгөл, ирэх оны ихээр жаахан буурах байх.

-Ирэх жилийн төсвийн алдагдлыг 2.5 их наяд төгрөгөөр тооцсон байсан. Ер нь манай улс хэзээнээс төсвөө алдагдалтай баталдаг болчихсон юм бэ?

-Төсвийн алдагдлыг 2.5 их наядаар баталж байгаа нь өндөр хувь мөн. Энэ жил төсвийн хүрээний мэдэгдэд 9.1 хувьд байх ёстой. Ирэх жил 7 хувь, 2019 онд 5.5 хувьд хүргэж 2020 оноос төсвийг алдагдалгүй батлах зорилт тавиад ажиллаж байна. Төсвийн алдагдлыг хэт огцом бууруулбал дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөнд огцом нөлөөлнө. Тиймээс огцом буулгах бололцоогүй байна. Хэрвээ буулгах юм бол төрийн албан хаагчдын цалин руу орохоос өөр арга байхгүй. Бусад зардал шахагдаад дууссан. Төсөвт байгууллагуудын үйл ажиллагааны зардал 1.4 их наяд төгрөг болсон. Өнгөрсөн жилүүдэд төсвийг худал зохиож, төлөвлөж ирсний үр дүн ийм нөхцөл байдлаар гарч ирж байна.

-Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдвал ирэх жилийн төсөвт тодотгол хийх үү?

-Валютын сангаас манай улс хөтөлбөр авъя гэдгээ илэрхийлсэн. Өнгөрсөн аравдугаар сарын 4-өөс энэ сарын 4-ны хооронд хэлэлцээр хийсэн. Валютын сангийн төлөөлөгчид Монголд ирээд Монголбанк, Сангийн яамны бүх суурь тоог шалгаж баталгаажуулаад явсан. Манай оронд ирсэн төлөөлөгчид очоод удирдлагуудтайгаа зөвшилцөнө. Магадгүй 2017 оны нэгдүгээр сардаа багтаж валютын сангийн хөтөлбөр манай улсад хэрэгжэх эсэх нь тодорхой болно. Хэлэлцээр эцэслэгдвэл тодотгол хийх байх. Ингэж байж эдийн засгийн нөхцөл байдал, бүтцээ өөрчлөхгүй бол манай эдийн засагт хэрэглээ нь давамгайлсан, нэмүү өртөг бүтээх салбартаа харьцангуй сайнгүй байна. Тэгэхээр бүтцийн өөрчлөлтийг хийхээс өөр аргагүй.

-Валютын өсөлтийг зогсоох ямар арга хэмжээ авч байна вэ?

-Бодит гарц бол Монгол Улс руу орох валютын урсгалыг нэмэгдүүлэх. Энэ хөтөлбөрийн хүрээнд Хөрөнгийн зах зээлд бонд босгох ажлыг эхлүүлээд байна. Хэлэлцээр ид дундаа явж байна. Энэ сардаа юм уу, ирэх сардаа асуудал тодорхой болох байх. Урд хөршөөс хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлээч гэсэн асуудлыг тавьсан. Энэ сарын 29-нд эхний уулзалтыг БНХАУ-ын талтай хийнэ. Энэ хүрээнд хамтран ажиллах зөвлөл байгуулсан. Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Хятадын цагаан сар нэгдүгээр сарын 28-нд болох юм байна. Цагаан сараас өмнө амжиж эдгээрийг шийдвэрлэх шаардлагатай.

-Төсвийн алдагдлыг 9.9 хувиар оруулж ирээд 9.1 хувиар баталлаа. Орлогоо нэмсэн үү эсвэл зарлагаа хасав уу?

-Орлогоо нэмсэн. Засгийн газраас Тогтворжуулалтын санг 2017 онд ашиглана гэж төсвийн төсөл дээр оруулж ирээгүй. УИХ дээр Тогтворжуулалтын сангийн 300 орчим тэрбум төгрөгийг эх үүсвэр талдаа ашигла гэсэн. Мөн өмч хувьчлалын орлогыг 50 тэрбумаар нэмэгдүүлэхээр болсон. “Монгол шуудан” компанийг 20 тэрбум төгрөгөөр, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” компанийг 30 тэрбум төгрөгөөр хувьчилна гэх мэт өөрчлөлт орж ирсэн.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас гадна бусад улс орноос зээл авахаар ярьж байгаа. Зээлийн эх үүсвэрийг юунд зарцуулах вэ?

-ОУВС-тай хэлэлцээр хийж байгаагийн зэрэгцээ ОХУ, БНХАУ, АНУ, Япон зэрэг том эдийн засагтай орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлээч гэсэн хүсэлтээ тавьж байна. Хугацааны хувь 20 жилээс доошгүй, хоёр хувийн хүүтэйгээр дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Зээлийн хэмжээний хувьд тохироо эцэслэн хийгээгүй. Хэрэв зээл авсан тохиолдолд зээлээ дахин санхүүжүүлнэ. Тодруулбал, манай авсан зээлүүд жилийн 10.8 хувийн хүүтэй. Тиймээс тэр өндөр хүүтэй зээлээ бага хүүтэй зээлээр солихгүй бол зээлийн хүүгийн дарамтад орно. Бодлогын түвшинд өөрчлөлт оруулж чадахгүй бол 2017 онд 1.3 их наяд төгрөгийг, 2018 онд энэ тоо 2 их наяд руу орж ирнэ. Гарцаагүй байдлаас ийм зохицуулалт хийхээр болоод байна.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдвал хэр хэмжээний зээл авахаар ярьж байгаа вэ?

-Одоо ярьж байгаа хэлэлцээрээр манай улсад ОУВС-гаас гурван жилийн хугацаанд валютын нөөцийг нэмэгдүүлэхэд 400-500 орчим сая ам.долларын зээл өгөх боломжтой. Мөн ОУВС-тай нэг сагсанд байдаг гэдэг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гэх мэт бусад байгууллагууд тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ мэдэгдсэн. Хэлэлцээр дуусаагүй байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

-УИХ Засгийн газарт өрийн хэмжээг хэдий хэрээр нэмэгдүүлэх эрх олгосон бэ. Засгийн газрын баталгаа нь тэрэн дундаа орж байгаа юу?

-Ирэх жил шинээр 2.5 их наядын үнэт цаас гаргах эрхийг УИХ Засгийн газарт өгсөн.

-Төрийн албан хаагчдын тэтгэвэртээ гарахад олгодог 36 сарын тэтгэмжийг 36 хүртэл сар гэж тусгасан гэсэн. Тэгэхээр 36 сараас доош байж болох уу. Өмнө нь ямар байсан бэ?

-Өмнө  байсан эрх зүйн орчинг нь буцаагаад сэргээсэн. Өмнө нь төрийн албан хаагчдад тэтгэвэрт гарахад нь нэг удаа 36 сар хүртлэх хэмжээний тэтгэмж өгч байсан.

-Ерөнхий сайд “Оюу толгой”-гоос нэмэлт роялти авна гэж байсан. Гэтэл одоо мөрдөгдөж байгаа Татварын тухай хуулиар Монгол Улсын Засгийн газар 34 хувиасаа татгалзсан тохиолдолд нэмэлт роялти авах боломжтой гэсэн?

-2009 оны “Оюу толгой”-н хөрөнгө оруулалтын гэрээгээр татваруудыг баталгаажуулаад олон улсын гэрээ болгон баталсан юм байна лээ. Үе үеийн Засгийн газар “Оюу толгой”-н өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийж байна. Манай Засгийн газар ч энэ асуудлыг хэлэлцээд явж байна. Гэхдээ 2009 онд хийсэн гэрээ байгаа учраас хэлэлцээр тийм ч амжилттай биш байна.

-Ирэх оны төсөвт ам.долларын ханшийг хэд байхаар тооцсон бэ?

-Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа өргөн барих үе буюу есдүгээр сарын 30-ны ханшаар төсвийн төслийг боловсруулсан. УИХ батлахдаа батлагдсан өдрийнх нь ханшаар тооцсон.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.