Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалаа нөхөн төлнө

Twitter Print
2016 оны 11-р сар 11-нд 13:27 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөж Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг төслийг хэлэлцлээ. Анхан шатны хэлэлцүүлгээр 45 гишүүн оролцож 88.2 хувьтай дэмжснээр Нийгмийн бодлого боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төсөлд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг Нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх бололцоог олгохоор заасан юм.

Хууль батлагдсан нөхцөлд 491.6 мянган хүн хамрагдах боломжтой бөгөөд нийт малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид бүрэн хамрагдсан тохиолдолд 566.4 тэрбум, 30-аас дээш насныхан бүрэн хамрагдвал 288.2 тэрбум, 35-аас дээш насныхан бүрэн хамрагдсан тохиолдолд 189.0 тэрбум төгрөгийн орлого нийгмийн даатгалын санд төвлөрнө гэж тооцож байна.

Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөлд гишүүд ямар байр суурьтай байсныг хүргэе.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Нийгмийн даатгалын шимтгэлийг 592 мянган хүн нөхөж төлсөн. Үүнээс 113 нь малчид хамрагдсан байгаа юм.  Жил бүр нийгмийн даатгалд ирж байгаа ачалал нь 32 тэрбум төгрөг. Нийгмийн даатгалын санг халамж шиг хараад байдаг. Даатгал нөөцтэй байх ёстой. Өнөөдөр алдагдалтай байна.Нийгмийн даатгалын сангийн орлого 1.2 их наяд мөртлөө 1.3 их наяд төгрөгийн зарлагатай.

Энэ тухай ч Номтойбаяр гишүүн ноцтой ноцтой тоог дэлгэсэн байна лээ. Нийгмийн даатгалын сан нь өнөөдөр улсаас татаас авдаг болчихоод байна. Энэ хууль батлагдаад ирвэл  дахиад Нийгмийн даатгалын санд  ачаалал ирнэ.

Төсвийн урсгал зардалд ДНБ-ний 13 хувьтай тэнцэж байна гэсэн судалгаа байна. Энэ төрийг халамжийн төр гэдэг юм байна. Халамжид зарцуулж байгаа мөнгө дөрөв дахин их болчихлоо.Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүй бол болохгүй нь ээ. Нийгмийн даатгалын санд чинь улаан гэрэл асчихаад байна" гэв.

Харин УИХ-ын гишүүн Н.Чинзориг "Нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөх хугацааг Засгийн газрын журмаар зохицуулна. н.Бадальхан гишүүн Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй малчин нийт хэчнээн төгрөг төлөх вэ гээд асуугаад байгаа юм. Би нэг малчиг яг тэдэн төгрөг төлнө гэж хэлж чадахгүй. Тухайн хүн өөрөө нөхөн төлөх бололцоотой. Нөхөн төлөөгүй хугацааны шимтгэл дотор хэдэн жилийн хугацаанд төлөх вэ гэдгийг Засгийн газрын журмаар зохицуулна. Малчин гэж хэн хэлэх вэ, бүрдүүлэх материалтай холбоотой явцад хэлэлцүүлгийн явцад өөрчилж болно" гэсэн байр суурийг илэрхийллээ. 

Чуулганы үдээс хоших хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.