УИХ анх удаа төсвийн орлого, зарлагыг бууруулж батлав

Twitter Print
2016 оны 11-р сар 11-нд 09:55 цагт
Мэдээний зураг,

Төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн төслийг УИХ жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-ны дотор баталдаг. Хэрэв энэ хугацаанд багтаан төсвөө баталж чадахгүй бол УИХ өөрөө тарах хариуцлагын тогтолцоотой. Тиймээс УИХ өмнөх жилүүдэд цаг хугацаатай уралдан өдөр шөнөгүй хуралдан байж төсвөө баталдаг байлаа.

2014 оны төсвийг арваннэгдүгээр сарын 15-нд, 2015, 2016 оныхыг 14-нд баталсан байх жишээтэй. Энэ нь УИХ дахь хүчний харьцаа, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой. Эдийн засаг хүнд байна гэж ярьдаг байсан ч гишүүд тойрогтоо хөрөнгө оруулалт татах гэж янз бүрийн санал гаргаж төсвийн хэлэлцүүлгийг удаашруулдаг байлаа. 

Мөн эрх баригч болон сөрөг хүний суудлын харьцаа ойролцоо байсан учраас зөвшилцөх шаардлага их гардаг байв. Харин энэ удаад УИХ 2017 оны төсвийн төслийг богино хугацаанд буюу өчигдөр баталлаа. Бүр төсөв хэлэлцэх хугацааныхаа долоо хоногийг завсарлаж өнгөрүүлсэн ч төсвөө ийм эрт баталсан нь содон тохиолдол болов. Энэ нь мөн л эдийн засгийн нөхцөл байдал УИХ дахь хүчний харьцаатай холбоотой. УИХ-д 65 суудалтай бүдүүн бүлэг хүсвэл ямар ч асуудлыг цаг хугацаанд баригдалгүй баталж болохыг үүгээр нотоллоо. Дээр нь, эдийн засаг хүнд учраас УИХ-ын гишүүд тойрогтоо хөрөнгө оруулалт татах гэж зүтгэсэнгүй.

Өмнө нь УИХ Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийг бараг орвонгоор нь эргүүлж зарлагыг нь нэлээд их хэмжээгээр нэмж, орж ирэх нь тодорхойгүй орлогыг төсөөлөн баталдаг байлаа. Харин энэ удаа ингэе гэсэн ч мөнгө, мөнгө олох боломж хомс байв. Улмаар парламент анх удаа Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөл дэх орлого, зарлагын хэмжээг бууруулан баталлаа. Сангийн сайд 2017 оны төсвийн орлогыг 5.9, зарлагыг 8.5 их наяд төгрөг байхаар тооцож өргөн барьсан бол УИХ орлогыг нь 4.3, зарлагыг нь 6.7 их наяд болгон бууруулж батлав. Төсвийн зарлагыг дотор нь задалбал 250 тэрбум 654.7 сая төгрөгөөр төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг санхүүжүүлэхээр болсон юм. Улсын төсвөөс гадна Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 172 тэрбум 794.9 сая төгрөгөөр төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг санхүүжүүлэхээр боллоо. Мөн өмнөх жилүүдэд концессын гэрээгээр эхлүүлсэн төслүүдийн эргэн төлөлтөд зориулж 71 тэрбум 518.6 сая төгрөг төсөвлөв. Түүнчлэн Төсвийн тогтворжуулалтын санд 2017 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг найман тэрбум 397.8 сая, Ирээдүйн өв санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 221 тэрбум 651.0 саяар баталсан юм.

Засгийн газар ирэх онд ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэх болон БНХАУ зэрэг улс орнуудаас урт хугацаатай зээл авах асуудал олны анхаарлыг татаж байгаа. УИХ 2017 оны төсвийн төслийг батлахдаа үүнтэй холбогдуулан Засгийн газрын ирэх онд нэмэгдүүлэх өр болон өрийн баталгааны дээд хэмжээг хоёр их наяд 336 тэрбум 245.7 сая төгрөгөөр баталлаа.

Төсвийн төсөлтэй хамт Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг батлагдлаа. Ирэх жилд тус санд төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын хэмжээг нэг их наяд 978 тэрбум, зарлагын хэмжээг нэг их наяд 887 тэрбум төгрөгөөр батлав. Мөн Нийгмийн даатгалын сангийн хуримтлалын сангаас Засгийн газрын нэг жил болон түүнээс дээш хугацаатай бонд худалдан авахад зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг нэг тэрбум төгрөгөөр баталсан юм.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.