Н.Алтанхуяг: Хуйвалдааны төрд "битгий давар" гэж хэлцгээе

Twitter Print
2016 оны 11-р сар 09-нд 15:53 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Туушин" зочид буудлын хурлын танхимд цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлаж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан ёсоор зарласан юм.

Тэрээр "МАН Ард түмэндээ амалсан амлалтаасаа буцаж, Монгол Улсын эдийн засаг дахь өнгөтэй өөдтэй бүхнийг сорчлон залгиж, мөнхөд засаглахаар санаархаж байна. Тэд шударга ёсыг сануулсан хүмүүсийг гутаан доромжилж, үнэнийг эрх мэдэл, мөнгөөр хаана гэж бардамнаж байна. Авлигатай тэмцэх нэрээр өрсөлдөгчөө намнах боллоо. Монголчуудын 26 жилийн турш тэмцэж босгосон ардчилал нуран унаж байна. Хуйвалдааны төр иргэдээ алагчилж баялаг бүтээгчдээ дээрэмдэж, хуулийн байгууллагуудын шууд ил тодоор энэ бүхний эсрэг ашиглаж байна. Монгол хүний ухаан заяа их. Монгол орноо нам дамжсан бүлэглэлээс чөлөөлөхийн төлөөллөө өнөөдрөөс эхлэн өргөн фронтоор тэмцэх болно. Хуйвалдааны төрд битгий давар гэж хэлье. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших шийдвэр гаргалаа" гэв.

Мөн өчигдөрхөн түүний гэргийтэй холбоотой асуудал үүссэн талаарх мэдээллийг тодруулахад "Миний эхнэр, хүүхэд эргэн тойрны хүмүүсийн хувьд гарч байгаа янз бүрийн муу мэдээлллүүд бодитой зүйл биш. Намайг Ерөнхий сайдаас буулгахаас эхэлсэн, одоо Ерөнхийлөгчид нэр дэвших гэж байгаа гэдгийн эсрэг хийж байгаа ажлын өчүүхэн нэг хэсэг. Уг нь би Ерөнхийлөгчид нэр дэвших талаар огт бодоогүй байсан юм. Гэвч Монгол улсад амар тайван амьдрах боломжгүй болж байна. Үүнийг би зүгээр хараад сууж, тэвчихгүй болж байна" гэж хариуллаа.

Хэвлэлийн хурлын үеэр түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

Монголчуудаа, эх орон нэгт ахан дүүс ээ.

Миний бие 2 жилийн өмнө Ерөнхий сайдын ажлаа хүлээлгэн өгөх үедээ, түүнчлэн УИХ-ын сонгуулийн өмнө ард түмэндээ сэрэмжлүүлэн мэдэгдэж байсны дагуу улстөрийн үйл явдлууд өрнөж, нам дамнасан хуйвалдааны бүлэглэл сонгуулийн хууль тогтоомжийг өөрсөддөө ашигтай байдлаар өөрчлүүлж, захиалгын УИХ-ыг бүрдүүлэн хуйвалдааны төрийг бэхжүүлэх ажил улам эрчимжлээ. Үүний тод жишээ нь сонгогчдын 40 орчим хувийн дэмжлэг авсан АН  УИХ-д 10 гаруй хувийг эзлэж байхад 40 гаруй хувийн дэмжлэг авсан МАН УИХ-ын суудлын 85 хувийг эзлэж байна.

Ийм үнэмлэхүй эрх мэдэлд хүрсэн Хуйвалдааны бүлэглэл ард түмэндээ амалснаасаа буцаж одоо төрийн бүхий л салбарт хяналтаа тогтоохоор мэрийхийн зэрэгцээ, монгол улсын эдийн засаг дахь өнгөтэй өөдтэй бүхнийг сорчлон залгиж, хуйвалдааны аргаар өөрсдийн болгосноор цөөнхийн ноёрхлыг он удаан жилээр хадгалж, мөнхөд засаглахаар санаархаж байна. Тэд шудрага ёсыг сануулсан хүмүүсийг гутаан доромжилж, дайрч давшлан, үнэнийг эрх мэдэл, мөнгөөр хаана хэмээн бардамнаж байна.

Учир иймд би Богд хаантны хэлснийг ахин сануулъя.

“Аливаад цаггүй нь үгүй, тусгаарлах цаг нь иржээ” хэмээх түүний үгээр 1911 онд монголын цогт эх орончид, үндэс язгуураа өмгөөлөн тэмцэгчид жигүүрлэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж авч байсан тэр цаг өнөөдөр ахин ирж байгааг би анхааруулж байна. Монголчууд хуйвалдааны зохион бай­гуу­лалттай, явцуу эрх ашгаар нэгдсэн нам дамжсан бүлэглэлийн санаархлыг тас цохиж, Монгол төрөө хуйвалдагсдаас тусгаарлах, чөлөөлөх цаг нь ирсэн. Би “Ард түмнийхээ язгуур эрх ашгийг эцсээ хүртэл хамгаална” гэсэн үгэндээ эзэн болж, бодит ажил болгохын тулд Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдлээ.

Яагаад ийм шийдвэр гаргав гэхээр:

Улам бүр үнэгүйдэн алдарч буй шудрага ёс, хуулийн засаглалыг сэргээн тогтоож нийгэмд нүүрлэсэн худал хуурмаг, дарангуйлал түрэмгийлэл, улстөрийн явцуу зорилготой бүлэглэлийг нэн даруй таслан зогсоох шаардлагатай боллоо. Өнөөдөр авлигатай тэмцэх гэдэг нь улстөрийн өрсөлдөгчөө намнах хэрэгсэл төдий зүйл болон хувирч, хуйвалдааны бүлэглэл өөрсдийн олон хууль бус үйлдэл, илэрхий авлигыг ариун шудрага зүйл, гавъяа мэтээр ил тод сурталчилж байна. Үүнд цэг тавья.

Монголчуудын 26 жилийн турш тэмцэж, босгож ирсэн ардчилал нуран унаж байна. Хүний эрх, эрх чөлөөний төлөөх бидний тэмцэл хоосон үг болон үлдэх бодит аюул нүүрлэж, хуйвалдааны төр иргэдээ алагчлан, баялаг бүтээгчидээ дээрэмдэж нийгмийг айдас хүйдсээр залуурдахыг эрмэлзэхдээ хуулийн байгууллагыг ил шулуун ашиглах боллоо. Монголын ардчилаланхны зорилго, эрмэлзлэлээ ахин сэргээж, эрх чөлөө, Хүний эрхийг дээдлэсэн чинээлэг дундаж иргэд бүхий нийгмийн төлөөх тасалдсан тэмцлийг залгуулах, хуйвалдагчдаас эрх, эрх чөлөөгөө хамгаалах бодит хэрэгцээ шаардлага үүслээ.

Монголын минь заяа их. Монгол хүний ухаан уужим, хараа хол. Хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн тод ялган харж байгаа. Цаг иржээ. Монгол орноо нам дамжсан хуйвалдааны бүлэглэлээс чөлөөлөх ариун тэмцлийг өнөөдрөөс өргөн фронтоор эхлүүлье. Барьцаалагдсан, хэн нэгний дохио зангаагаар ажилладаг, өөрийн толгойгүй утсан хүүхэлдэйнүүдээс салах цаг болсон. Бид ахин хэлье. Хуйвалдааны төрд “БИТГИЙ ДАВАР” гэж хэлцгээе.

Хүнд бэрх цаг үе тулгарахад эх орон, ард түмнийхээ төлөө бүхнээ зориулах хүмүүсээр бидний Монгол үеийн үед дутагдаж байгаагүй юм. Хуйвалдаан, хувааж идэлтээр энэ улсыг, энэ төрийг бөхөөх гэсэн нам дамнасан бүлэглэлийн хүслийг гүйцээж болохгүй. Эрх чөлөөт Монгол, тусгаар тогтносон Монгол улс цаашид ч оршино. Бид эх орныхоо хувь заяаг өөрсдөө мэдэж, өөрсдөө удирдах ёстой.

Ард түмний язгуур эрх ашиг гэдэг бол монголчуудын эв нэгдэл, харилцан ойлголцол, эрх чөлөөнд суурилсан үнэт зүйлс, ирээдүйд итгэх итгэл юм. Энэ итгэлийг сэргээж, хамгаалж, бэхжүүлж байж л бидний хойч үе сайн сайхан нийгэмд амьдрах болно. Энэ бол миний ард түмэн, хойч үеийнхээ өмнө хүлээх үүрэг, зүтгэх зүтгэл.

Тэмцдэггүй ард түмэн мөхдөг, урсдаггүй гол ширгэдэг. Монголчуудаа, сэрэх, нэгдэх, сөрөх, тэмцэх, сэргээн тогтоох цаг ирлээ.

Би ард түмнийхээ язгуур эрх ашгийг эцсээ хүртэл өмөөрнө, өмгөөлнө, хамгаална. Эх болсон эх орон минь дуудаж байна. Эх орныхоо төлөө эцсээ хүртэл зүтгэнэ ээ.

Бидний Монгол үүрд мандан бадраг ээ!

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.