Дархлаа дэмждэг хүнсний бүтээгдэхүүн - /Цуврал 3/

Twitter Print
2017 оны 11-р сар 11-нд 09:01 цагт
Мэдээний зураг,

Цитрусын төрлийн жимс

Цитрусын төрлийн жимс нь аминдэм, эрдэс бодис болон эслэгээр баялаг бөгөөд дархлаадэмжих өндөр ач холбогдолтой. Цитрусын төрлийн жимсэнд амтат жүрж, бэрсүүт жүрж, мандарин, нимбэг зэрэг жимс ордог.  

Цитрусын жимс нь С аминдэмийн маш сайн эх үүсвэр болохын зэрэгцээ усанд уусдаг болон уусдаггүй эслэг, кали, кальци, фосфор, магни, зэс, В1, В2, В3, В6 аминдэм,  фолийн хүчил, пантотены хүчил болон олон төрлийн биологийн идэвхит бодисууд агуулдаг тул олон төрлийн өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулдаг. Мөн энэ төрлийн  жимс нь өөх тос, холестерин, натри агуулдаггүй юм.

С аминдэм нь цусны цагаан эсийн үүсэлтийг нэмэгдүүлэх замаар дархлааг дэмждэг. Мөн эдгээр жимс нь хавдрын эсрэг үйлдэлтэй биофлавинойд агуулдаг байна. Флавинойд нь исэлдэлтийн эсрэг үйлдэлтэй тул чөлөөт радикалуудыг саармагжуулж хавдрын эрсдэлийг бууруулдаг. С аминдэм нь бие махбодыг чөлөөт радикалаас хамгаалдаг хүчтэй исэлдэлтийн эсрэг бодис бөгөөд шархны эдгэрэлт болон цусны судас, шөрмөс, мөгөөрс, холбоос эд, ясыг тогтоон барьдаг холбогч эдийн уураг болох коллагены нийлэгжилтэнд чухал шаардлагатай байдаг. Фолийн хүчил нь эсийн хуваагдал, дезорибонуклейн хүчлийн нийлэгжилтэнд оролцдог. Хүний бие махбод С аминдэмийг боловсруулж, нөөцөлж чаддаггүй тул өдөр тутам хоол хүнсээрээ авах шаардлагатай.

Амтат жүрж

Амтат жүрж нь С аминдэм, кали, бета каротинаар баялаг бөгөөд В аминдэмийн эх үүсвэр болдог. Өдөрт нэг ширхэг амтат жүрж идэхэд С аминдэмийн хоногийн хэрэгцээний  80-100 хувийг хангаж чадна.

Мандарин

Мандарин нь энэ төрлийн бусад жимстэй харьцуулахад амтлаг байдаг. С  аминдэм, фолийн хүчил, бета каротин (А аминдэм)-оор баялаг. Хоол боловсруулалтыг дэмжин, шархны эдгэрэлтийг түргэсгэх, таргалах эрсдэлийг бууруулах нөлөөтэй.

Нимбэг

Нимбэг нь нимбэгний хүчил, С аминдэм, магни, биофлавонойд, пектин зэрэг бодисыг агуулдаг бөгөөд нян, вирүсийн эсрэг дархлааг дэмжиж, хоол боловсролтыг дэмжин, биеийн жинг бууруулах нөлөөтэй юм.

Нимбэгэнд агуулагдах уусдаг эслэг болох пектин нь өөх тосны исэлдэлтийг дэмжсэнээр биеийн жинг бууруулдаг байна. Өглөө босонгуут нэг аяга халуун бүлээн усанд нэг зүсэм нимбэг болон нэг цайны халбага (5 г)зөгийн бал хийж уух нь биеийн жин бууруулахад тустай байдаг.

Холбоотой мэдээллийг уншина уу.

-Дархлаа дэмждэг хүнсний бүтээгдэхүүн - /Цуврал 1/ - http://mongolcom.mn/read/42096

-Дархлаа дэмждэг хүнсний бүтээгдэхүүн - /Цуврал 2/ - http://mongolcom.mn/read/42257

-Дархлаа дэмждэг хүнсний бүтээгдэхүүн - /Цуврал 4/ - http://mongolcom.mn/read/42979

-Дархлаа дэмждэг хүнсний бүтээгдэхүүн - /Цуврал 5/ - http://mongolcom.mn/read/43295

-Дархлаа дэмждэг хүнсний бүтээгдэхүүн - /Цуврал 6/ - http://mongolcom.mn/read/44154

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.