“Комплаенс Форум 2016" 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

Twitter Print
2016 оны 11-р сар 08-нд 10:43 цагт
Мэдээний зураг,

ХААН Банк, Монголын Банкны Холбоо болон Монголбанк хамтран “Комплаенс Форум 2016” арга хэмжээг 11 -р сарын 7-ны өдөр ХААН Банк Театрт 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. 

Энэ жилийн форумаар Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба нь Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллагаас манай улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ) тогтолцоонд хийсэн үндэсний эрсдэлийн үнэлгээний тайланг танилцуулж, цаашид анхаарч ажиллах чиглэлийг зөвлөснөөрөө онцлог боллоо. 

Форумын зорилго нь Монгол Улсын арилжааны банкуудын комплаенсийн үйл ажиллагаа, түүний хөгжил ямар түвшинд байгааг ярилцан, гарч буй асуудлуудыг тодорхойлж, аливаа нэгэн шийдэлд хүрэх явдал байдаг. Энэхүү зорилгын хүрээнд тус форумын үеэр Монголын Банкны Холбооны дэргэдэх Комплаесийн мэргэжлийн зөвлөл 2017 онд хэрхэн хамтарч ажиллах ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа. 

Түүнчлэн комплаенсийг хэрэгжүүлсэн туршлагаараа тэргүүлдэг ХААН Банкнаас “Корреспондент банкны харилцаан дахь мөнгө угаалтын эрсдэлүүд” сэдвээр илтгэл тавин, туршлагаасаа хуваалцаж, дэлхийн томоохон аудитын компаниудын нэг болох “PricewaterhouseCoopers” байгууллагаас өөрсдийн комплаенсийн судалгааг танилцуулсан нь нийт оролцогчдод ихээхэн ач холбогдол бүхий мэдээллүүд байв. 

Форумын үеэр Банк санхүүгийн академийн гүйцэтгэх захирал Ш.Алтанцэцэг комплаенсийн олон улсын сертификат олгох сургалтад хамрагдсан Кредит, Голомт, ХААН, Хас, ХХБ, Төрийн банк, УБХБ, ҮХОБ, МИК, Нет капиталын нийт 18 ажилтанд шалгалтандаа тэнцэн олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжилтэн болсонд нь баяр хүргэж үг хэллээ. 

Форумд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, нийт арилжааны банкууд, олон улсын байгууллагууд болон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болох 100 гаруй зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирж, дотоодын болон гадаадын комплаенсийн туршлагыг хуваалцсанаас гадна цаашид комплаенсийг хөгжүүлэх, ингэснээр Монгол улсын банк, санхүүгийн салбарыг олон улсын жишигт хүргэх, түүнд тулгарч буй асуудал болон шийдлүүдийг хэлэлцсэн үр дүнтэй форум боллоо.

 
Комплаенсийг хэрэгжүүлэх нь тухайн байгууллагад учирч болох эрсдэлүүдээс сэргийлдэг учир банкууд өндөр ач холбогдол өгч байна. Ийм ч учраас комплаенсийг дэлгэрүүлэх үр дүнтэй механизм бүхий тус форумыг тогтмолжуулж, зохион байгуулалтыг арилжааны банкууд жил бүр ээлжлэн хариуцахаар боллоо. Тус форумыг 2017 онд Төрийн банк зохион байгуулах юм. 

ХААН Банк, 
Монголын Банкны Холбоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.