"Бөгтгөр" хүн хэзээ ч баяждаггүй

Twitter Print
2017 оны 01-р сар 23-нд 14:05 цагт
Мэдээний зураг,

Бид бүгд баяжихыг хүсдэг ч бүгдээрээ үүний төлөө тэмцдэггүй. Зарим хүмүүс баяжих нь үнэхээр хүнд хэцүү зүйл гэж итгэсэн байдаг учир зорилгынхоо төлөө тэмцэхээс, үнэн сэтгэлээсээ тэмүүлэхээс айдаг.

Болгарын нэг зүйр үг бий “Хэтэрхий их ажиллах нь таныг бөгтөр нуруутай болгоно уу гэхээс баян болгохгүй”.

Ядуу хүмүүс баян газрын эздэд боолчлогдон, бага хөлс авдаг байсан үеэс энэ зүйр үг үүсэлтэй. Тэр үед хичнээн шаргуу ажиллаа ч нуруу нь улам бөгтийж, бие муутай болохоос биш ядуу дорд гаралтай хүмүүс баян болох боломжгүй байжээ. Одоо цагт ч гэсэн бид том, жижиг компанид ажилчнаар орж сарын цалингаас цалингийн хооронд цаг наргүй ажиллаж л байна.

Илүү цагаар ажиллаад, өндөр цалинтай ажилд орлоо гээд та БАЯЖИХ болов уу?

Магадгүй л юм. Танд амжилт! Ихэнх тогтмол орлоготой, амьдралаа болгоод байдаг хүмүүс баяжихын тулд хуримтлал үүсгэдэг. Мэдээж хуримтлал муу зүйл биш. Санхүүгийн баталгаатай болоход маш их хэрэгтэй.

Хуримтлал таныг хэр хол аваачих вэ? 

Хэрэв баян амьдрал руу авирах олс байдаг бол тэр нь лав хуримтлал биш. Хуримтлал бол зүгээр л циркийн хамгаалах тор.

Харин ЧАДВАР бол мөнөөс мөн. Та нэг сая төгрөгний цалин авдаг байлаа гэж бодъё. Үүнээс 200 мянга төгрөгийг нь сар бүр хадгаллаа гэхэд 5 сарын дараа л сарын цалинтайгаа адил хэмжээний мөнгө цуглуулна. Гэвч та ажилгүй боллоо гэхэд энэ мөнгө нэг сарын турш л хүрэлцэнэ.

Дараа нь яах вэ?

Үнэхээр хангалттай их хуримтлал үүсгэлээ ч энэ нь хязгаартай. Тиймээс таны үргэлж найдаж болох найз бол ЧАДВАР. Хоёр залуу ойд урт аялал хийхээр болжээ гэж бодъё. Нэг нь бие султай, нөгөө нь эрүүл чийрэг, булчин шөрмөстэй залуу.

Сул биетэй залуу аялалд гарахаасаа өмнө хангалттай их хоол хүнстэй цүнх, аяны хөнжилтэй гарсан бол нөгөө залуу нь хэд хоног хүрэлцэх л хүнс авчээ.

Бие султай эхний залуу хангалттай их хоол хүнстэй учир байгаа зүйлдээ сэтгэл ханаж санаа амар байлаа. Гэхдээ түүний хоол хүнс дуусвал тэр өлсөж үхнэ. Харин хоёр дахь залууд санаа зовох зүйл бий. Тэрээр өөрийн чадвараа ашиглаж эртхэн хоол хүнс, идэж уух зүйл олохгүй бол болохгүй гэдгээ мэдэх учир ойд өөрийн чадвараа ашиглан ан хийж, хоол хүнсний зүйлсээ бэлджээ. Мөн түүнд аяны хөнжил байхгүй ч мод мөчрөөр дулаахан урц хийж чадсан байна. 

Хэн нь энэ урт аялалаас амьд гарч чадсан бол?

Чадвар гэхээр дан ганц ажил мэргэжлийн талаар яриад байгаа хэрэг биш. Үүнд бусадтай харилцах чадвар, өөрчлөлтөд уян хатан байж чаддаг зан чанар, өөрийн хүсэл зорилгынхоо төлөө тэмцэж чадах тэсвэр тэвчээрийн талаар ярьж байна.

Тиймээс зорилгодоо хүрэхэд туслах бүх чадваруудаа тодорхойл, түүнийгээ хөгжүүл. Үүндээ хөрөнгө оруулалт хий.

Т.Дөлгөөн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.11.195.18) 2016-11-08 11:05
      • 0
      • 1

      "Тэр үед мянга шаргуу ажиллаа гээд" - ядаж сэтгүүлчид нь норматив хэл найруулгаараа бичиж баймаар юм уу. "Мянга ажиллана" гэдгийг гудамд өсвөр насны хүүхдийн амнаас сонссоноос биш сэтгүүлчийн мэргэжлийн бичвэрээс олж уншина гэж бодсонгүй. Одоо бүгд "ажилгүй нусаа хацартаа нааж байхад", "мөнгөгүй будаа болж байхад" гээд бичиж эхлэвэл .... гээд боддоо!

      Хариулах