Хэн нь бол?

Twitter Print
2016 оны 11-р сар 07-нд 15:05 цагт
Мэдээний зураг,

Маргааш, арваннэгдүгээр сарын 8-ны мягмар гараг, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр. Энэ улсын шинэ ерөнхийлөгчөөр хоёр сонирхолтой нэр дэвшигчийн чухам хэн нь сонгогдохыг дэлхий дахин онцгой анхаарч байгаа энэ үед америкчууд харин аль алийг нь сонгох сонирхол дундуур байгаа сурагтай. Америкийн хэвлэл мэдээллүүд чухам энэ асуудалд хариулт хайж байгаа бөгөөд хоёр жилийн өмнөхөн гэхэд АНУ-ын Конгрессийн сонгуулиар сонгогчдын оролцоо түүхэндээ байгаагүй хамгийн  доод түвшинд хүрснийг сануулан тэмдэглэж байна.

«Сүүлийн далан жилд тохиолдож байгаагүй ийм бага ирц ардчилалынханд төдийгүй ардчилалд тэр чигтээ муу үр дүн үзүүлсэн билээ. 43 муж улсад нийтдээ хүн амын талаас илүү хувь нь санал өгөхөөс төвөгшөөсөн бол ганц муж улсад ердөө 60 хувийн ирцтэй дүн гарсан төдийгүй Калифорни, Техас, Нью Иорк гурван томоохон муж улсад гэхэд хүн амын дөнгөж гуравны нэг хэсэг нь санал өгсөн байна. Нью Иорк мужид сонгогчдын ирц 28,8 хувиас хэтрээгүй гутамшигт явдал Холбооны сонгуулийн түүхэнд 1942 оноос хойш гарч байгаагүй тохиолодол» гэж тухайн үед The New York Times сонинд бичиж байж, сонирхолтой нь.

Сонгогчид саналаа өгөх сонирхолгүй байна гэдэг сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчдэд итгээгүйтэй холбоотой. Ард иргэдийн итгэл найдварыг тэд биелүүлж чадахгүй гэж үздэг санаа бодол нийгэмд давамгайлсан байдаг ийм үзэгдэл манайд ч мөн ажиглагддаг. Үүнд саяхны сум, дүүрэг, орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд иргэд хэрхэн хандсан жишээ татаж болно. Аргаа ядахдаа зарим дүүрэг сумдад дахин сонгууль явуулж байж арай гэж 50-аас дээш давсан үзүүлэлтээр сонгуулийн ирцийг тооцсон болсон. Гэтэл Америкт бол энэ үзүүлэлт жилээс  жилд буурч иржээ. Тухайлбал,

1992 — 55,24%

1996 — 49,00%

2000 — 51,21%

2004 — 56,70%

2008 — 58,23%

2012 — 54,87%

 

Харин Америкийн өнөөгийн нөхцөл байдалд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн аль нь ч ялж болох эгзэгтэй мөч тулгараад байна. Хэрвээ Америкийн олон нийт «Трампыг хэзээ ч үгүй» гэж шийдсэн нөхцөлд гэрээс гарч сонгууль өгөлгүй хоцрох нь тодорхой болно. Гэвч Клинтонд санал нэмэрлэх учиртай тэд өиөл насны энэ эмэгтэйд архаг хууч өвчин нь төр удирдах боломж олгохгүй гэж үзэж байгаа аж. Зөвхөн эрүүл мэндээр ч зогсохгүй, тухайлбал, Холбооны мөрдөх товчооноос үүний өмнө Клинтоны цахим хуудсыг дахин ул суурьтай шалгах болсон тухай мэдэгдсэнээс хойш Доу Жонсын индекст огцом уналт гарч бүхэл бүтэн 150 пунктээр доошилсон. Учир нь үүгээр Трамп ялах магадлал өндөрсөж ирсэнтэй холбоотой нийгэмд үүссэн хий хоосон сандрал аж.

Гэтэл үүний дээр одоо Америкийн сонгуульд онц чухал ач холбогдолтой муж улсууд хамгийн их эргэлзээ төрүүлж байна. Доналд Трампын хувьд тэдгээр муж улсууд бүр илүү ач холбогдолтой. Хиллари Клинтоны хувьд Колорадо, Пенсильвани, Нью Хемпшир, Виржиниа муж улсууд онцгой чухал бөгөөд энэ муж улсуудаас  тэрээр 272 санал хурааж авч чадвал Америкийн түүхэнд анх удаа эмэгтэй хүн зуйван танхимын эзэн суух болно.

АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль орон даяар явагддаг ч  сонгогчдын нийт саналын тоо сонгуулийн эцсийн дүнд төдийлөн нөлөө үзүүлдэггүй. Энэ нь сонгуулийн коллегийн системтэй холбоотой. Сонгуулийн коллеги нь Конгресс дахь гишүүдийн тоотой /435 төлөөлөгч, 100 сенатор болон гурван сонгогч/ тэнцүү буюу нийт 538 төлөөлөгчтэй байдаг бөгөөд тэднийг муж бүрт хуваан байрлуулсан байдаг. Харин аль нэг муж улсын сонгогчдын тооноос хамаарч төлөөлөгчдийн тоо ялгаатай байдаг бол хамгийн цөөн нь гурван төлөөлөгч бүхий хэдэн муж улс байдаг байна. Гэтэл хамгийн олон төлөөлөгчтэй муж улс бол Калифорни. Тус муж улсад нийт 55 төлөөлөгчтэй. Учир нь энэ муж улсын сонгогчдын тоо их байгаагаас тэр. Тиймээс хоёр нэр дэвшигчийн тэмцэл энэ муж улсад онцгой байсны дээр улам хурцадлаа. Клинтоны сонгуулийн штабын ажилтнууд Филадельфид байхдаа өнгөрсөн баасан гаригийн үдэш нэгэн зоогийн газраар үйлчлүүлэх хооронд үл мэдэх этгээдүүд тэдний автомашины цонхыг хагалж, цүнхтэй гурван нөүтбүк хулгайлсан хэрэг явдалт гарсан бөгөөд тэдгээр компьютерууд дээр Клинтоны сонгуулийн өмнөх кампанит ажлын чухал баримт бичгүүд, ажлын цагийн хуваарь байсан аж. Энэ хэрэг явдалд харин хэний гар хөл оролцсон нь сонирхолтой.

Доналд Трампын хувьд сонгуулийн суулийн үе шатанд илүү их хүч чармайлт тавих шаардлага тулгарч байгаа бөгөөд түүнд тун эргэлзээтэй байгаа муж улсууд, тэр дундаа 1984 оноос хойш Бүгд найрамдах намынхныг дэмжээгүй явж ирсэн Умард Каролина, Невада, Колорадо, Миннесота муж улсуудаас санал цуглуулах ёстой. Учир нь муж улс бүрт сонгуулийн ялагчийг тодруулдаг. Харин ерөнхийлөгчийн сонгуулийн гол онцлог нь “ялагч бүхнийг авна” хэмээх системд тулгуурладаг байна. Энэ нь аливаа муж улсад нэр дэвшигч ердөө ганц саналын зөрүүтэй ялсан тохиолдолд тухайн муж улс дахь бүх төлөөлөгчийн тоог авна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл Калифорни муж улсад Дональд Трамп ялалт байгуулбал тус муж улсад оногдсон 55 төлөөлөгчдийн тоог шууд авна гэсэн үг.

Энэчлэн бүх муж улсад санал хураалт дууссаны дараа эдгээр төлөөлөгчдийн тоог нэмж, дүнг гаргадаг. Харин хоёр  нэр дэвшигч цаг нь болоогүй байхад авсан саналынхаа тоогоор бардамнах болоогүй, сонгогчдын санаа сэтгэлийг урвуулан татах эцсийн тактик хэрэглэж, илт давуу ялж байгаа мэт аашилбал харин ч алдаж мэдэх юм. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд тэмдэглэгдсэнээр, 1948 онд Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Томас Дүи санал хураалт дуусаагүй байхад өөрийгөө ялагчаар зарлаж байсан удаатай. Учир нь тэрээр гол өрсөлдөгч Ардчилсан намын Харри Труманаас таван хувийн саналаар илүү байсан аж. Гэвч санал хураалтын эцсийн дүн гарахад хоёр гаруйхан хувийн санал дутуу авч, Труманд ялагдаж байсан билээ.

Ингээд нэр дэвшигчид 538 төлөөлөгчөөс 270-ыг нь авсан цагт ерөнхийлөгчөөр сонгогдох ёстой.

Сонирхолтой нь АНУ-ын ерөнхийлөгчийн 58 дахь удаагийн энэ сонгуулийн кампанит ажил хөндлөнгөөс харахад үнэндээ бохир болж байгааг улс төр шинжээчид тэмдэглэж байна. Нэр дэвшигчдээс аль аль нь төлөв түвшин байр суурь баримтлалгүй, эгдүүцэл, дургүйцэл төрүүлэм пиар хийсэн нь сонгогчдыг түлхэх нэгэн хүчин зүйл боллоо. Тиймээс  энэ удаагийн сонгуулийн үр дүн шууд сонгогчдоос ихээхэн шалтгаалах учиртай.  

Хамгийн жижиг муж улс гэхэд сонгуульд 3−4 төлөөлөгчдийн санал өгдөг учир 2000 оны сонгуульд Жорж Буш, Альберт Гор нарын тэмцэл сонгогчдын хэдхэн хувийн саналыг зөрүүнээс эрс өөрчлөгдөж байсан удаатай. Үүнд Америкийн залуу үеийн оролцоо онцгой чухал. Гэвч сонирхолтой нь залууст “хөлөөрөө” санал өгөх асуудал тулгардаг байна. Учир нь тэднийг сонгуулийн цэгүүдэд аваачих явдал бэрх. Гэхдээ залуучуудын 60-аад хувь Клинтоны төлөө санал өгөх судалгаа гараад байгааг The USA Today онцолсон байна. Харин маргааш санал хэний талд илүү хураагдсан байх бол?

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.