Ерөнхий сайд Тавантолгойнхонд хатуу үүрэг өглөө

Twitter Print
2016 оны 11-р сар 07-нд 11:50 цагт
Мэдээний зураг,

Тавантолгойн нүүрсний ордын бассейнд “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”, орон нутгийн “Тавантолгой” гэсэн гурван компани олборлолт, экспорт хийдэг. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдгээр гурван компанийн удирдлагыг зэрэгцүүлж суулгаж, бас тус бүрийнх нь тайлбарыг сонссоны дараа маш тодорхой үүрэг өглөө гэж Засгийн газрын хэвлэлийн албаны дарга мэдээлж байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүрэг даалгавар өгөхдөө ийн өгүүлсэн байна. “Хэн олборлож байгаагаас үл хамаараад Тавантолгойн нүүрс бүхлээрээ Монголын ард түмний өмч. Ашгийг нь улсаараа, ард түмнээрээ хүртэх ёстой. Гэтэл олборлолт явуулж байгаа гурван компаниуд хоорондоо үл ойлголцолтой, бие биеийнхээ үнийг унагаж хэдэн жил явлаа, Үр дүнд нь нүүрсний экспорт Монгол Улсад ашиггүй, нөгөө талдаа ашигтай явж байна. Одоо энэ байдлаа цэгцэл, танай гурван компани хоорондоо хямд үнээр өрсалдөх бус, гурвуулаа нийлж байгаад "Монголын нүүрс" гэдэг нэг брэндээр, нэг эрх ашгаар гадаадынхантай өрсалдөх ёстой. Үүний тулд, бүгдээрээ баяжуулаад гаргадаггүй юмаа гэхэд дотооддоо нэг ам, нэг үнэтэй байх хэрэгтэй. Одоо ойлголц, нэг бодлого, нэг үнэтэй бол, тэр саналыг чинь Засгийн газар төрийн шийдвэр болгоод өгье. Би та нарт тодорхой хугацаа өгье. Энэ хугацаанд ойлголцож нэгдэж чадахгүй бол нүүрсний экспортын нэг цонхны бодлого, ялангуяа үнийн зохицуулалт дээр төр оролцож эхэлнэ шүү гэдгийг хатуу хэлье гэсэн байна.

Төр, хувийн хэвшлийн хэн олборлож байгаагаас үл хамаараад Тавантолгойн нүүрс Монголын ард түмний баялаг. Үнэ нь зах зээлийнхээ зарчмаар, зохицуулалт нь баялгийн нийт эзний эрх ашигт нийцэж явах ёстой гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн дахин дахин санууллаа.

Д.ЦЭЭНЭ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.