Атаа таван тэнгэр

Twitter Print
2017 оны 09-р сар 13-нд 11:08 цагт
Мэдээний зураг,

Атаа таван тэнгэр

Монголчууд Лха таван тэнгэр, Атаа таван тэнгэр хэмээн алдаршсан Говийн Лха /Гови-тав, Лха-тэнгэр/ бурханыг хүний аж амьдрал, ажил үйлс, нас буян, аз жаргалыг тэтгэгч хэмээн эрхэмлэн шүтэж ирсэн. Говийн Лхаг аливаа хүн төрөхөд хамт төрж тэр хүнийг насан турш даган тэтгэн дэмжиж байдаг, айл гэрийн ноён нуруу заяа буяныг дэлгэрүүлэгч гэж үздэг. Дээр үеэс Говийн Лха бурханыг Охин тэнгэр, Амин тэнгэр, Эр тэнгэр, Орны тэнгэр, Дайсны тэнгэр гэх буюу Амьдруулагч тэнгэр, Сахигч тэнгэр, Аврагч тэнгэр, Нөхөрлөгч тэнгэр, Заяагч тэнгэр гэж нэрлэдэг уламжлалтай байжээ.

Мо Лха буюу охин тэнгэр

Тэргэл саран мэт тунгалаг царай, тэгш гоолиг лагшинт залуу бүсгүйн байдалтай, цагаан өнгөтэй, баруун мутартаа таван өнгийн хадаг яндар бүхий сум, зүүндээ толь барьсан, хөх торгон хувцас өмссөн бөгөөд эм буга хөлөглөсөн байдлаар оршино. Мо Лха нь хүний оюун билэг хүч тамир, өнгө зүсийг сайжруулах бөгөөд хүний зүүн суганд оршиж тэтгэдэг. Элдэв ариун бус хийгээд янз бүрийн шалтгаанаар Мо Лха холдвол оюун билэг, өнгө зүс буурах тул Мо Лхаг баясган шүтдэг.

Срог Лха буюу амин тэнгэр

Цагаан өнгөтэй, баруун мутартаа жад барьсан, зүүндээ цалам барьсан, хуяг өмссөн баатар эрийн байдалтай бөгөөд хар морь хөлөглөсөн байна. Срог Лха нь хүний зүрхэнд оршиж нас, буян хишгийг арвижуулна.

По Лха буюу эр тэнгэр

Цагаан өнгөтэй, амирлангуй байдалтай, баруун мутартаа зэндмэнэ эрдэнэ барьсан, зүүндээ эрдэнээр дүүрсэн таваг барьж цагаан морь хөлөглөн оршдог. По Лха нь хүний баруун суганд оршиж ажил үйлсийг бүтээн тэтгэнэ.

Юл Лха буюу орны тэнгэр

Цагаан өнгөтэй, баруун мутартаа сум, зүүндээ нум барьсан хөө хуяг өмссөн баатрын байдлаар цагаан морь хөлөглөн оршино. Хүний орой дээр оршиж хүнд сүр хүч, аз жаргалыг өгнө.

Да Лха буюу дайсны тэнгэр

Амирлангуй цагаан өнгөтэй, баруун мутартаа жад, зүүндээ цалам барьсан, цагаан морь хөлөглөж оршино. Хүний баруун мөрөнд оршиж хийморь цог заль, зол жаргалыг дэлгэрүүлдэг юм.

Эрт дээр үеэс Монгол айл өрх бүр жилийн жасаа хурал, засал номоо уншуулахдаа Говийн Лха бурханаа заавал тахиулдаг уламжлалтай байжээ. Говийн Лха бурханаа тахиулж буй айл гэрийн эзэд сэтгэл итгэмжлэл үүсгэн анхаарч мэдвэл зохих зарим зүйлийг товчлон үзүүлбэл: Говийн Лха бурханы хөрөг дүрийн өмнө дөрвөн устай тахил, цагаан дөрвөлжин балин, сан сэржим тэргүүтэн бэлдэнэ. Мөн ядам нь Сандуй, Жигжид, Дэмчигийн аль нь ч байж болно. Мөргөл тахилыг зохимжтой үйлдсэний дараа наманчлал үйлдэнэ. Бурханы лагшин, зарлиг, таалал лугаа харшилсан, тангараг доройтсоны гэмийг наминчлан бүгд ариусан ариллаа хэмээх сэтгэлийг сайтар үүсгэнэ. Дараа нь аливаа барчид саад, өвчин зовлонг амирлуулах, ажил үйлсээ даатгаж тахил балин өргөх, довог хийх тэргүүтнийг үйлдэнэ.

Ийнхүү үйлдсэнээр муу нөхцөл, саад тотгор, цаг бусын үхэл, уурын дайсныг буцаах тэргүүтнийг урвуулна. Эдгээрийг сэтгэлдээ ургуулан бодоод эрхэм таван нөхөд сэлтэд магтаал, зориулга ерөөл дэлгэрэнгүйг үйлдэн баттай оршихын соёрхолыг тавьдаг ёстой.

Говийн Лха бурханы хүрд зүүх ёс

Хүрдийг ёсчлон бүтээвээс нас буян дэлгэрэх хийгээд үл зохилдох бүхэн амирлан яруу алдар ихдэн хийморь дэлгэрч алин хүссэн эрхэнд хурах бөгөөд агуу хүч тэргүүтнийг зүүснээр мэдмүй. Увидас үүнийг өөрөөс бусдад үл үзүүлэгтүн, үл арвитгагтүн, зүрхэнд хүл, мянган лан алтаар ч бүү арилж хэмээн "Говийн Лха-н хүрд бүтээх ёс хэрэгтэй бүхэн гарах сэтгэгчлэнгийн эрдэнэ"-ээс номложээ.

Говийн Лха бурханы тухайд тавдугаар Далай лам "Заяаны таван тэнгэрийн тахилга буяны цогийг үүсгэгч" номдоо дэлгэрэнгүй айлдсан ажээ.

www.budda.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.