Эмэгтэй хүний эрч хүчийг сэргээх 50 хичээл

2017 оны 03-р сар 08-нд 10:03 цагт
Мэдээний зураг,

Ямар ч эмэгтэй хүнд эрч хүч сулрах, сэтгэлээр унах, доройтох үе байдаг. Эмэгтэй хүний эрч хүчийг сэргээх, унаж доройтсон сэтгэлийг тайвшруулах гайхалтай аргуудыг эртний зурхайчид, зөн билэгтнүүд бодож олсон нь одоо ч хэрэглэгдсээр. Хичнээн зуун жил өнгөрсөн хэвээр мөрдөгдөж буй энэхүү зарчмуудыг та ч гэсэн сэтгэл санаа тань таагүй, эрч хүч тань суларсан бол хэрэглээд үзээрэй. Гайхалтай үр дүн гарч, хэсэг хугацааны дараа та эрч хүчээр дүүрэн, баяр баясгалантай, амьдралдаа сэтгэл хангалуун, ажил бүхэн урагштай болсон байх вий.  

1. Массаж буюу иллэг. Үзмэрчид, зөн билэгтнүүд эмэгтэй хүний бие организмийг нөхөн сэргээх массаж буюу иллэг хийлгэх нь хөшсөн бие махбодийг сэргээгээд зогсохгүй унаж доройтсон сэтгэлийг засах илбэ шидтэй гэж үздэг. Сэргэсэн махбодь сэтгэлийг засч, эрч хүчээр сэлбэгдэнэ.  

2. Үсчинд очих. Сэтгэлээ засч өөдрөг болох бас нэг гайхалтай арга бол гаднах байдлаа өөрчлөх тэр тусмаа үсээ сайхан янзлах. Ер нь үс нь хүний дотоод сэтгэлийн илэрхийлэл болдог. Эртний Энэтхэгт үсний заслыг хараад энэ хүн баяртай, гунигтай байна уу гэдгийг мэдэж болдог байсан гэнэ. Тэр байтугай хүний үсний засал, хэв маягийг хараад үзмэрчид тухайн хүний хувь заяа, төөрөг, одоо байгаа байдлыг алдалгүй хэлдэг байсан аж. 

3. Хумсаа янзлуулах. Барууны эрчүүд эмэгтэй хүний энхрий ялдам, арчилгаа сайтай гарыг үнсэх нь хамгийн хүсэмжит зүйлүүдийн нэг гэж тодотгосон нь бий. Гар хуруугаа арчлаад, хумсаа сайхан засч, тод өнгийн будгаар хумсаа будсан эмэгтэй яагаад ч уруу дорой явахгүй. 

4. Бусад бүсгүйчүүлтэй харилцах. Сэтгэл санаа доройтсон үед найз бүсгүйчүүлтэйгээ уулзаж, ярилцаж суух энерги, эрч хүчээ сэлбэх гайхалтай боломжийг өгдөг байх нь. Эрэгтэй хүн өөрийгөө мэдрэх, чагнахын тулд ганцаараа байх хэрэгтэй бол эмэгтэй хүн бусадтай харилцан ярилцаж байж эрч хүчээ сэлбэдэг онцлогтой. 

5. Хүмүүстэй яриа өрнүүлэх болон утсаар урт ярих. Энэ анх сонсоход цаг үрсэн дэмий мэт санагдаж магадгүй. Гэсэн ч та эрч хүчээ буурч, сэтгэл тавгүй болсон үедээ хэн нэгэнтэй сэтгэлээ нээж ярилцаад үзээрэй. Хэрэгтэй хэрэггүй юу ч ярьсан болно. Бид зүгээр чалчих гэж хэлдэг шүү дээ. Хэсэг хугацааны дараа таны сэтгэл дотор байсан муу муухай бодол бүхэн замхран одсоныг анзаарах вий. Харин эр нөхрөө муулах ч юмуу байдлыг улам муутгах сэдэв хөндсөний хэрэггүй. Гэр бүлийн нууц гэртээ л үлдсэн нь дээр гэдгийг та мэдэх байх. 

6. Алхах. Эмэгтэй хүн гэртээ суудаг байлаа ч өдөрт заавал дор хаяж нэг удаа гадагшаа гарч байх ёстой. Гарахдаа заавал дэлгүүр хоршоо гэлтгүй сайхан үзэмжтэй, цэлгэр гудамжаар, эсвэл зүгээр моддын хажуугаар алхахад энерги, эрч хүч дээшилдэг. 

7. Хөгжим. Өдөр бүр боломжийнхөө хэрээр дуу хөгжим сонсч байх хэрэгтэй. Тайвшруулах, сонгодог аль нь ч байж болно. Зүгээр л тааалагдсан хөгжмөө сонс. Жишээ нь өглөө аяга кофе юм уу ногоон цай уунгаа хөгмөө тавьчих, эсвэл бүр намуухан, тайвшруулах аяз байсан ч болно. Өдөр гайхалтай сайхан эхэллээ. Сайн эхлэл ажлын тэн хагас гэдэг шүү дээ.

8. Бусдын гэр бүлд тохиолдсон зовлон зүдгүүр, бэрхшээлийг яаж давах тухай ярианд аль болох гүнзгий орохоос цааргал. Тэр бүхнийг шийдээд өгчих ид шид байхгүйгээс хойш сэтгэлдээ гүн хүлээж авч зовохын хэрэггүй. Дэмий юманд санаа зовох нь эмэгтэй хүн эрч хүчээ ихээр алдах нэг шалтгаан болдог. Ялангуяа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд илүү хамааралтай. Ажил дээр үүссэн хөхцөл байдлаа ямар ч тохиолдолд гэртээ авчирч уур амьсгалыг эвдэх хэрэггүй. Ажил бол ажил, гэр бол гэр. 

9. Тансаг үнэртэй ургамлын ханд бүхий баннд орох. Энэ тансаглал биш, таны зайлшгүй хийх зүйл. Бие цэвэр, сайхан үнэртэй боллоо. Халуун баннд орох сайхан таашаал өглөө. Энэ бүхэн сэтгэлээ сэргээх, бие, сэтгэлээ энхрийлэх нэг ялдам арга юм. 

10. Бясалгал хийх. Энэ бол бие болоод сэтгэлийн алдагдсан энергийг нөхөж авах хамгийн шалгарсан арга юм. Өдөрт хэдхэн минутыг ялангуяа унтахын өмнө өөртөө зориулж бодол санаагаа цэгцлэн бясалгал хийх нь өдрийн ачаалал, сэтгэл зовоосон бүх асуудлаа авч хаях оюун санаагаа цэвэрлэх гайхамшигтай арга юм. Бясалгалыг байгальд хийх нь илүү үр дүн өгдөг. 

11. Дуулах. Дуулах нь хоолойны өнгийг төлөв болгодог. Дуу аялаж байгаа хүнд хүнтэй хэрэлдэх муудах сэтгэл төрнө гэж үү. Дуу аялаж байгаа хүнтэй муудалцахаар ирэх үү. Эртний Спартад эмэгтэй хүнийг магтахдаа "дуу шиг сайхан" хэмээн дуу алддаг байсан гэнэ. Ийм дуу дуулах нь энергийг гайхалтай дээшлүүлдэг ажээ. 

12. Дэлгүүр хэсэх. Дэлгүүр хэснэ гэдэг нь заавал ямар нэгэн юм авахын нэр биш юм. Мөнгөгүй ч гэсэн гоё дэлгүүр орж нүд хужирлана гэдэг эмэгтэй хүнд "эм" болдог гэнэ. Таалагдсан даашинзаа өмсөж үз, өөрийнхөө стилийг тодорхойл, өөрийнхөө хөөрхөн сайхныг харж баяс. Тэглээ гээд ямар мөнгө төлөх биш. Эмэгтэй хүний эрч хүч зөвхөн сайхан юм харж, барьж үзэж сэтгэл баясах, за дараа эргэж ирээд авнаа гэж бодох төдийд л сэргэдэг гэнэ. Эерэг бодол биелэлээ олж та мөнгөтэй болоод та таалагдсан даашинзаа авах сайхан өдөр ирнэ. Мөнгө энергийг дагадаг.

13. Сэтгэл судлаачтай уулзах. Заавал шаардлагатай биш л дээ. Гэхдээ олон хүнтэй уулзаж, хүнд байдлаас гарах замын тухай зөвлөж сурсан туршлагатай тул танд ч гэсэн тулгарсан нөхцөл байдлаас хурдан, зовлон багатай гарах аргыг мэдэх ч юм бил үү! Мөн ахимаг насны эмэгтэйчүүдэд амьдралын туршлага гэж нэг агуу зүйл бий. Тэд таны насыг тойроод биш дайраад гараад ирсэн тул хангалттай тус болж чадна. Иймд заавал сэтгэл судлаач гэлтгүй эмээ, өөрийн дотны авга, нагац нартайгаа ярьж зөвлөлдөхөд болно. 

14. Бүжиглэх. Бүсгүйчүүлийн эрч хүч, дур булаам байдлыг нэмэгдүүлдэг хамгийн хүчирхэг эм бол бүжиг. Өөрийнхөө хүссэнээр хэн ч хараагүй юм шиг бүжиглэ гэдэг шүү дээ.  Хамгийн халуухан бүжиг гэгддэг араб болон латин америк маягийн бүжгийн хөдөлгөөн хийгээд үз дээ. Гайхалтай.

15. Йог. Йогоор хичээллэх нь ухаан санааг цэгцрүүлж, сэтгэлийг тайвшруулж эрч хүч нэмдэг. Нэн ялангуяа гэр бүлтэй, шийдвэрлэх асуудал ихтэй эмэгтэйчүүд гэр бүлтэй эмэгтэй дасгалжуулагчтай хичээллэхэд тохиромжтой. Учир нь йог хийнэ гэдэг энергийн солилцоо тул эрэгтэй багш бие махбодид ачаалал өгч чадахаас сэтгэлийн ачаа дарамтыг бууруулж, энерги солилцож чаддаггүй онцлогтой. 

16. Найзуудтайгаа ойр ойрхон уулзах. Олон жил үерхэж зан зангаа авалцсан найзууд гэдэг бие биенээ сайтар ойлгож, зан аашийн онцлогоо мэддэг тул оюунаа суллаж, нервээ амрааж өөрийнхөөрөө байх сайхан амралт болдог. 

17. Цэцэг, ногоо тарих. Гэртээ цэцэг тарих, эсвэл ногоо ургуулах жижигхээн талбайтай байна гэдэг эмэгтэй хүн эрч хүч авч болох сайн арга юм. Цэцэг аль хэр ургах нь тарьж буй хүний сэтгэл, энергиэс ихээхэн хамааралтай тул анхаарал халамж дээд зэргээр шаарддаг. Таны тарьсан цэцгийг хараад хэр зэрэг энергитэй хүн бэ гэдгийг ч мэдэж болно гэж ярьдаг. Цэцэг тань сайхан өндөр ургаж саглайтал цэцэглэж байвал таны энерги эрч хүч их байгаагийн илрэл, гэрийн тань энерги эерэг байгаагийн шинж юм. 

18. Гэр бүлтэй найзуудтайгаа уулзах. Ялангуяа нөхөрт гарахаар бодолтой яваа эмэгтэйчүүдэд их чухал. Зурхайн ухаанд  гэр бүлийн энерги сайн байх нь хамгийн үнэ цэнэтэй баялагт тооцогддог. Тиймд гэр бүлтэй найз нарынхаа цугларалтанд гон бие гэдгээр шалтаглаад очихгүй байх нь дэмий зүйл. Ганц бие эмэгтэйчүүдийн клубт очиж үдшийг өнгөрүүлснээс гэр бүлтэй найзуудынхаа баяр хөөрийг хуваалцах нь эерэг энерги авчраад зогсохгүй сайн нөхөртэй учрах урсгалыг тань руу чиглүүлдэг.

19. Туслах. Хэн нэгэнд хэрэгтэй үед нь туслах, өөрөө хэн нэгнээс тусламж авах нь хязгааргүй таашаал өгдөг. "Би өөрөө" гэдэг зарчмаас татгалз. Энэ бол эрэгтэйчүүдэд илүү зохихоос эмэгтэйчүүдэд ахдах зарчим. 

20. Номын дэлгүүр ор. Номын дэлгүүр бол зүгээр л амралтын газар гэсэн үг. Тэнд дандаа гайхалтай энергитэй хүмүүс очдог. Бас тэнд хүн үймж шуугиж, бусдын сонжсон харцтай тулгарахгүй. Эмэгтэй хүн мэдлэгийг дамжуулагч гэгддэг, харин ном бол мэдлэгийн эх үүсвэр юм. Өөрийгөө хөгжүүлэх ном худалдан ав. Зүгээр үзсэн ч болно. Номын дэлгүүрт ном сонирхон явах нь гудамжинд нүд хужирлаж явахаас ч илүү амралт болдог байна. 

21. Эрчүүлээс тусламж хүсэх. Тусламж хүсмээр байвал эрчүүлээс хүс. Эсрэг хүйсний хүнээс тусламж авч чадах нь сэтгэл санааг өргөдөг, мөн өөрт таашаалтай байдаг. 

22. Унших. Сайхан ном унших сэтгэл санааг өргөж, асуудлаас холдуулдаг. Гайхамшигт хүмүүсийн амьдралын түүхийг уншсанаар өөрийгөө илүү ойлгоход тусалдаг. 

23. Гэрийнхээ ажлыг хэн нэгэнтэй хуваалц. Би өөрөө л хийхгүй бол болохгүй гэдэг зарчмаасаа татгалзаж гэрийнхээ хэн нэгэнтэй үүргээ хуваалц. Түлсэн хоол өглөө ч амтыг нь, сайхан болсныг нь магтан сайшаа. Гадуур таны өмнөөс ажил хөөцөлдөөд бүтэхгүй бол өөрөө явахын оронд дахиад нэг хийгээд үз дээ, би ч бас ингэж байсан гээрэй. Ингэснээр та ирээдүйд итгэлтэй хамтрагчтай болно. 

24. Хоол хийх. Хоолыг гэрийн үүрэг биш таашаал авч хийнэ гэдэг бүхэл бүтэн урлаг, гайхамшигтай амралт болдог. Сайхан хоол хийгээд гэрийнхнийгээ баярлуулах үнэхээрийн сайхан мэдрэмж, өгч сэтгэл санааг сайхан болгодог. Эзний нэрээр орж, эзэгтэйн нэрээр гардаг гэдэг шүү дээ. Сайхан хоол ундтай сайн эзэгтэй байна гэдэг гэр бүл, найз нөхөд ах дүүс дундаа нэр хүндтэй байхын нэр. Иймд сайхан хоол унд хийж чаддаггүй бол сур, чаддаг бол илүү гоё зүйл хийж сур. Ингэх тусам илүү их таашаалтай болно. Хоол ундаа бэлдэхдээ аз жаргалтай, хайраа шингээж хийх нь гэр бүлийг улам их аз жаргалтай, хайртай болгодог гэнэ.  

25. Гэрээ ариун байлга. Гэр бол зөвхөн бидний амьдардаг оромж, газар гэхээсээ илүү хамгийн ариун дагшин газар байх ёстой. Хүний энерги ямар байхаас гэрийн энерги шалтгаалдаг. Өөрийнхөө энергийг сайхан байлгая гэвэл гэрийнхээ энергийг сайхан байлгах хэрэгтэй. Чахарсан хаалга, нугас нь салсан шүүгээ, ус дусалсан гоожуур энэ бүхэн гэрт муу энерги авчирдаг. Иймд гэрээ бүрэн бүтэн, хагархай цоорхойгүй, цэвэр цэмцгэр байлгах нь энергиэ бүтэн байлгах шалгарсан арга. Гэрт ийм таагүй зүйлүүд байх нь сайн энергийг авч одон сөрөг энергийг дуудаж байдаг. 

Эдгээр зүйлийг заавал эр нөхрөөрөө хийлгэх гэсний хэрэггүй. Хийж чадах хүнээр нь хийлгээд харин "чамайг ажил ихтэй болохоор" хүнээр хийлгэлээ гэх нь дээр. Эрчүүд өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдах дургүй байдаг. Харин нөхөр чинь ийм нөхцөлд засч сэлбэхийн оронд шинийг аваад тавьчихья гэх бий. 

26. Төлөвлөх. Ямар нэг зүйлийг хийж гүйцэтгэж дуусахгүй орхих, эргэлзэх зэрэг нь сэтгэлд сэвтэй байдаг. Энергиэ хадгалахын тулд аливаа зүйлийг нарийн нягт төлөвлөх хэрэгтэй. Ялимгүй зүйлийг ч төлөвлөөд хийгээд сурчихвал эрч хүчээ дэмий зүйлд алдахаас сэргийлж буй явдал юм. Дараа нь бүр том зүйлийг төлөвлөх, бүтэн жилийн дараах төлөвлөгөөгөө гаргаж сурах хэрэгтэй. Ингэснээр амьдрал хялбар болно. Ингэхэд та маргааш орой юу хийхээ төлөвлөсөн үү? 

27. Зочлох. Гэртээ ах дүү, ээж ааваа ч юм уу, найз нөхдөө урьж баярын ширээ засаад дайлах. Сайхан хоол унд бэлдээд, шинэ бүтээлгээр ширээгээ бүтээн лаа асааж, халбага сэрээгээ байршуулах гайхалтай мэдрэмж төрүүлдэг. Өөрийгөө ч өрөөл бусдыг ч баярлуулна гэдэг эрч хүчийг асар нэмэгдүүлдэг. Аяга тавгаа угааж байхдаа ч баяр хөөр бялхаж байх вий.  

28. Хүүхдүүддээ зааж сургах. Эх хүн хүүхдүүдтэйгээ ямар нэгэн зүйлийг хийнэ гэдэг өөрөө аз жаргал. Хүндхэн бодлогыг хэдэн цаг сууж бодсоны дараа ирэх баяр эх үр хоёрт ямар байхыг төсөөлөхийн ч аргагүй. Хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөх нь маш их эерэг энерги, эрч хүч өгдөг. Хүүхдүүдтэйгээ тоглох, зурж, уншиж, дуулж, бүжиглэж сурахад нь туслах нь сэтгэлийг тайтгаруулж баяр хөөр нэмдэг. 

29. Агаарт гарах. Найз нөхөдтэйгөө агаарт гарч хоол унд бэлтгэн, уул хаданд гарч байгалийн сайхныг бишрэх нь эрч хүчээ сэлбэх бас нэг гайхалтай арга юм. 

30. Гоёх. Гэртээ байхдаа ч өөртөө арчаатай байж, үс зүсээ янзалж, сайхан хувцаслаж, харагдах нь нөхөрт маш их таалагддаг. Нөхөр тань таныг магтах нь бас нэг урамтай сэтгэл сэргээсэн явдал мөн. Даашинзыг заавал үдэшлэг уулзалтанд зориулж авдаггүй. Хамгийн хайртай хүндээ зориулж авдаг гэж үг бий. 

31. Өөртөө цэцэг бэлэглэх. Энэ бол сэтгэл санааны байдлаа дээшлүүлэх хамгийн шалгарсан арга. Би уйтгар гунигтай байна гээд дэрэндээ толгойгоо "шаагаад" уйлахын оронд өөртөө дуртай цэцгээ худалдаж ав. Тэр сайхан цэцгийг хараад дахиад л уйлна гэж үү.

32. Даашинз, банзал өмс. Эмэгэй хүний биеийн галбирыг тодорхойлж, хүйсийн давуу талыг хүчтэй илэрхийлж байдаг ийм төрлийн хувцас өмсөх нь эсрэг хүйстэндээ маш их таалагддаг төдийгүй эмэгтэй хүний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Эмэгтэйлэг хувцасласан сайхан эмэгтэй шиг хүчирхэг зэвсэг ер нь хаана байна даа. Эр хүний харцыг булааж, хайрыг татахыг хүсвэл аль болох өмднөөс татгалз гэсэн алтан дүрэм бас бий. Тэгээд ч байнга өмд өмсөх нь бүсгүйчүүлийн биеэ эмэгтэйлэг авч явахад эсрэг нөлөө үзүүлдэг байна.  

33. Бусдыг хоолло. Бусдыг хайрлаж энэрнэ гэдэг сарны энергийн өөртөө нөлөөлөх нөлөөллийг ихэсгэдэг шинж чанар юм. Бүх хүнд туслах албагүй л дээ. Та тэр хүнд тусалснаараа өөртөө гайхалтай мэдрэмж төрүүлж чадах хэн гэнэг танд олдож л таараа. Жишээ нь, "дэлгүүр орлоо, танд хэрэгтэй зүйл бий юу" гээд ганц бие, өндөр настай хөршөөсөө асуугаад үз дээ. Танайд орж ирсэн хэнд ч болов аяга сайхан цай уулгаад амттанаар дайлаад гарга даа. Тэр хүний талархсан сэтгэл, харц лавтайяа таныг баярлуулж урмыг сэргээнэ. 

34. Романтик кино үз. Найзуудтайгаа хайр дурлалын сэдэвтэй романтик кино үз. Эсвэл инээдмийн кино байсан ч болно. Гарч ирэхэд бүх уур уцаар, гомдол тайлагдсан байх вий. 

35. Урсгал ус харах. Гол мөрөн, далай тэнгисийн эрэгт амрах нь уснаас энерги эрч хүч авах хамгийн гайхалтай арга юм. Дэлхий дээр ус хамгийн их энергитэйд тооцогддог. Усны энергид эмэгтэй хүний энергийг тэтгэх асар их чадал оршдог бөгөөд сөрөг энергийг авч оддог. Эртний Грекд залуу бүсгүйчүүдийг голын усанд оруулж ариутгаад нөхөрт гаргадаг байсан нь учиртай. Голын урсгал усанд орж хэвтэх нь бие болоод сэтгэлдээ хурсан сөрөг энергиэс салах хамгийн хялбар арга юм. 

36. Дасгал хөдөлгөөн хийх. Таны эрч хүч суларсан бол дасгал хөдөлгөөнөөр эрч хүчээ буцааж авах арга бий. Заавал финнес гэлтгүй өглөөдөө гүйх, хөнгөн дасгал хийхэд ч стресс тайлагддаг. Хөгжим сонсоод бүжиглэх дасгал хийх нь гайхамшигтай амралт болдог. Найз залуугаасаа салсан бүсгүйчүүдийн ихэнх нь бүжиглэж уйтгар гунигаа хаясан байдаг гэнэ. 

37. Хог новшноосоо сал. Хуучны дурсамж сэргээсэн эд хогшил, хуучин олон жил хэрэглэсэн эд юмс хүний энергийг сулруулдаг. Иймд хуучин зүйлсдээ баяртай гэж хэлээд шинэ амьдралдаа "сайн уу" гээрэй. Ийм сонголт хийх нь шинээр төрсөнтэй ижил мэдрэмж төрүүлдэг. 

38. Муу зуршлаасаа салах. Эмэгтэй хүний энерги, эрч хүчийг сулруулж, гоо үзэсгэлэнг гутаадаг муу зуршлууд жишээ нь тамхи татах, оройтож унтах, уур уцаартай байх, байнга хэрүүл шуугиан дэгдээх, хүн муулах, утсаар дэмий чалчих, залхуурах, бохир заваан суух зэргээсээ ангижрах хэрэгтэй. Өөртөө өөрчлөлт хийсний дараа гайхалтай сэтгэгдэл төрнө. 

39. Шүлэг бичих. Сайхан яруу найраг уншаад өөрөө ч гэсэн мөр холбох гээд үзээрэй. Энэ нь анхаарлаа төвлөрүүлж, алжаалаа тайлах, мөн сайхан үг эзэмдэх урлагт суралцах боломж гэж үздэг. 

40. Уурлахгүйгээр ярьж сурах. Хичнээн уурлаж байлаа ч хашгирч нервтэлгүйгээр үгээ хэлж сур. Ингэх нь өрсөлдөгчөө айлгадаг бөгөөд ингэж хэлсэн үг нөгөө хүндээ хүчтэй сэтгэгдэл төрүүлж, нөлөөлдөг. Нөхрөө хэрэлдээд байвал тайван амгалан хариулж, тайван амгалангаар хэлэх гэсэн зүйлээ хэл. Эцэст нь ялалт таны талд.  

41. Сонсох чадвараа дээшлүүл. Уур уцаар, хэрүүл уруулыг эсрэг хүнээ хүлээцтэй сонсох замаар зөөлрүүлж өөрийн талд эргүүлж болдог. Хариу хэрүүл хийхгүй, сонсоод суугаа хүнтэй хэрэлдэх дур хүсэл дорхноо алга болж тайвширдаг. Тэр байтугай түрүүлж "намба алдсан"-даа гэмшиж эхэлдэг. Хэлж ярьж байгаа үгтэй нь та санал нийлэхгүй байлаа ч тэвчиж чадсанаар одоо тайван үгээ хэлэх боломж танд олдох нь. Ялалт бас л таны талд.

42. Ариун цэврийг сахих. Гэр орон, биеэ цэвэр ариун байлгах, түүгээр ч зогсохгүй бодол санаагаа цэвэр байлгана гэдэг хамгийн чухал зүйл. Цаг тухайд нь бохирдсон зүйлээ цэвэрлээд яв. Гэрээ сайхан цэвэрлээд бүлээн шүршүүрт орж өөрт хуримтлагдсан бүх муу зүйлийг бүгдийг урсга. Цэвэр байдал хүч чадал авчирдаг гэдгийг та мэдэх үү.

43. Сэтгэлээ хайр энэрэлээр дүүргэ. Ингэх нь зөвхөн өөрийгөө баярлуулаад зогсохгүй эр нөхрийг тань аз жаргалтай болгодог. Сэтгэлээс нь хайр ундарч байгаа хүний дэргэд яаж аз жаргалгүй байх билээ. Үр хүүхэд, эр нөхөр аз жаргалаар бялхаж гэр тань аз жаргалаар бялхана. Хайр энэрэлгүй эхнэр зөвхөн эр нөхрийнхөө энерги, хүчийг сорогч болж хувирдаг. Ийм ханьтай эр хүний ажил, амьдрал бүтэлгүйтэж, амжилт нүүрээ буруулж, өвчинд ээрэгдэж, дампуурч унан доройтдог. Иймд амьдралын эх үүсвэр болсон гэрийнхээ ноён нуруу эр хүнийг хайраар ундаал. Эмэгтэй хүн хайр түгээгч байдаг. Хайраа түгээхийн тулд өөрийгөө хайраар дүүргэ. Хаана хайр байна, тэнд амжилт байна.  

44. Хүнд сайхан үг хэлж магтаж бай. Өөрийгөө сайн зүйл хийлээ гэж магтахын зэрэгцээ бусдыг ч магтаж урам хайрлаж бай. Сайхан үг хамгийн хүчтэй сэтгэл засал болдог. Хүнд магтаалын үг хэлж чаддаггүй бол ядаж сайхан инээмсэглэж талархаж байгаагаа илэрхийлж сур. Ингэснээр ирээдүйд хадам ээжтэйгээ, охинтойгоо ойлголцох алхамаа зөв тавилаа гэсэн үг. 

45. Хайраа илэрхийл. Хайраа илэрхийлэхгүй, сэтгэл хөдлөлөө нуух нь харилцааг улам муутгадаг. Ямар ч цагт, ямар ч үед үнсмээр бол үнсэж, хайртай гэдэг үгийг хэлж чаддаг байх ёстой. Хайртай хүмүүсээ тэвэр, үнс. Цугтаа байхдаа жаргалтай байдаг гэдгээ хэл. Тэр байтугай нар сар, урьхан салхи, цэвэр агаар, бороо гээд таалагддаг бүхэндээ сэтгэлийнхээ үгийг хэлж, сайхныг нь гайхан бишир. Сөрөг бүхэн холдон одно.

46. Өөртэйгөө байх. Гэртээ ганцаараа үлдэж бодлоо цэгцлэх нь заримдаа хамгийн сайн гарц байдаг. Уйлж, инээж, үглэж, дуулсан ч хэн ч чамайг шоолохгүй. Энэ ганцаараа байх хормыг сайн ашигла. 

47. Сарнаас энерги авч сурах. Гадаа гарч сарны саруул гэрэлд зогсох нь энергиэ нөхөн сэргээх маш хүчтэй засал болдог. Мөн сарны гэрэлд усыг энергижүүлээд энергижсэн усаа баннтай усандаа бага зэрэг хольж энергиэ нэмж болдог. Сар луу харж зогсоод өөрийн мөрөөдөл хүслээ шивнэхэд биеллэг гэдэг дом эртнээс нааш эдүгээ хүртэл домог дамжин иржээ. Сарны гэрэлд голын усанд орсон эмэгтэй ариун байдаг гэдэг ч яриа бий нь сарны энерги ямархуу хүчтэй болохыг харуулж буй хэрэг юм. 

48. Үснийхээ хэв загвар, өнгийг өөрчил. Амьдрал чинь нэгэн хэвийн уйтгартай санагдаад байна уу. Эхлээд өөрөөсөө эхлэн өөрчлөлт хий. Хамгийн түрүүнд юу хийнэ гээч, үснийхээ загварыг өөрчилж, өөр өнгөөр будаад үз. 

49. Сайхан үнэртэн түрх. Сайхан үнэртэй бүсгүй зөрөөд өнгөрөхөд эргэж харахгүй залуу хаана байх билээ. Эмэгтэй хүн бол өөрөө анхилам үнэрт цэцэг юм. Үүн дээр өөрт таалагддаг анхилуун үнэрт ус хэрэглэвэл хүч чадал бүр ч нэмэгдэж, сэтгэл сэргэлэн цовоо өөртөө итгэлтэй болно. Өөрт таалагддаг үнэр бүсгүйн сэтгэлийг тайвшруулах увидастай. 

50. Өөрийгөө дээд зэргээр хүндэл. Өөрийгөө дахин давтагдашгүй гайхалтай эмэгтэй гэдэгт итгэ. Өөрийгөө хүндэл. Өөрийгөө хүндэлдэг эмэгтэй хэзээ ч аахар шаахар зүйлд бухимдаж, хэрүүл ам хийж явдаггүй. Эмэгтэй хүн гэдэг бол дэлхий ертөнцийн хамгийн гайхалтай уран тансаг бүтээл. Та бол гайхалтай дур булаам сэтгэл татам эмэгтэй! 

Эх сурвалж: http://www.tayni-mirozdaniya.ru/

Орос хэлнээс орчуулсан:

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.