Цэрэг, тагнуулынхны тэтгэмжийг бууруулах төслийг буцаалаа

Twitter Print
2016 оны 11-р сар 03-нд 17:30 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал хураалгаж байна.

Энэ үеэр Цэргийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аас Засгийн газарт буцаалаа. Дээрх хуулийн төсөлд цэргийн албан хаагчид, онцгой, тагнуулынхны тэтгэвэртээ гарахад авдаг нэг удаагийн тэтгэлгийг үндсэн цалинг нь 36 сараар тооцон бодож олгохоор заасан байсан юм. Ингэснээр тэтгэлгийнх нь хэмжээ буурахаар байсныг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд дэмжих боломжгүй хэмээн үзсэнийг УИХ өнөөдрийн хуралдаанаараа хүлээн авч, хуулийн төслийг буцаах шийдвэр гаргалаа.

Мөн УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ахмадуудыг насаар нь ялгаварлаж насны хишиг олгож болохгүй. Эмэгтэй 55, эрэгтэй 60 наснаас тэтгэвэрт гардаг. Иймээс 55 наснаас нь эхэлж насны хишиг олгох саналтай байна, санал хураалгая гэсэн юм.

УИХ-ын дарга М.Энхболд “Дэгийн хуулиараа таны гаргасан саналаар санал хураалгах боломжгүй байна” гэсэн тайлбар хийгээд санал хураалгасангүй.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд: Хүүхдээ алагчлалгүй бүгдэд нь мөнгийг олгох ёстой. Ахмад настнуудаа, компаниа, цэцэрлэгийг ялгаварлалаа. 400 мянган хүүхдийг битгий ялгаварла.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Хүүхдийн мөнгө халамж биш, тэтгэмж биш. Ирээдүйд оруулж байгаа хөрөнгө оруулалт. Бид эрх барьж байхдаа бүх хүүхдэдээ тэгш олгоод ирсэн. 2016 оны хувьд төсвийг нь долдугаар сарын 1-н хүртэл баталсан байсан, төсөвт тодотгол хийх хүрээнд үргэлжлүүлж олгох бодлого барьсан.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: Хэдхэн сарын өмнө та бүхний оруулж ирээд хийж байсан юм. Одоо харин өөрсдийгөө энхийн цагаан тагтаа болгож яриад нэмэргүй. Амьжиргаанд нь түшиглэж байгаад 40 хувийнх нь хүүхдийн мөнгийг хадгалуулъя гэхээр яагаад болдоггүй юм.

УИХ-ын гишүүн Л.Болд: Наад тайлбарыг чинь хүүхдүүд ойлгохгүй харц нь их хурц болж байна. Би саяхан 5 аймгийн 10 гаруй сумдад ажилласан.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 2019 он хүртэл хүүгүйгээр хадгаламж үүсгээд дараа нь аваач ээ л гэсэн. МАН нийгмийн хамгааллын бодлогоосоо ухраагүй. Ийм ч учраас эхчүүдийг 0-3 хүртэлх насны хүүхдээ өсгөх боломжоор хангая гээд бодлогоо яриад явж байгаа. Үг үсгээр хөөцөлдсөн мэдэгдэл хийхээ болъё гэсэн юм.

Ингээд санал хураалгахад нийт хүүхдийн 60 хувьд нь ирэх онд сар бүр 20 мянган төгрөг олгохоор харин 40 хувийнх нь хүүхдийн мөнгийг хадгалахаар болж, санал дэмжигдлээ.

Г.ДАРЬ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.