С.Эрдэнэ: Ам.долларын ханш 400 төгрөгөөр нэмэгдэх ажлыг тэд өөрсдөө л хийсэн

Twitter Print
2016 оны 11-р сар 03-нд 16:08 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь АН-ын бүлгээс мэргэжлийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын Засгийн газар 100 хоногт хэрхэн ажилласан талаар үнэлэлт дүгнэлт өгснөө өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Энэ талаар тус бүлгийн дарга С.Эрдэнэ “Ураг төрөл, давхар дээл, уяачдын Засгийн газар байгуулагдсан. Албан тушаалын наймааны ханш ам дамжин гадуур яригдах боллоо. Үүнд хяналт алга. 2012 оноос хойш ажилд орсон хүмүүсийг шууд халж байна. Бид арай ч ийм байгаагүй. Энэ удаагийн Засгийн газарт манай намын бүлэг онц муу үнэлгээ өгч байна” гэлээ.

Харин тус бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж “УИХ, Засгийн газар хоёрын дунд олон бодлого, шийдвэр орхигдож байна. Засгийн газар өнгөрсөн 100 хоногт ард иргэдийн амьдралд наалдахуйц, орлого олох бүхий ямар ч ажил хийсэнгүй. Ганц хийсэн ажил нь хонины нэхийг 500 төгрөгөөр авдаг байсныг 1000 болгосон байна. Нэг малчин хоёр хонь идшинд хэрэглэсэн байлаа гэхэд 1000 төгрөгөөр л нэхийний үнэ нь нэмэгдэж. Энэ мөнгөөр ганц талх ч авч хүрэхгүй” гэв. 

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Сонгууль бүрийн дараа төрийн албан хаагчдыг хоморголон халдаг. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

С.Эрдэнэ: -Өмнөх Засгийн газар, парламентад ажиллаж байсан хүний хувьд төрийн албан хаагчдыг хоморголон халсан зүйл огт байгаагүй гэдгийг хэлмээр байна. Ялангуяа манай салбар дээр ийм асуудал байгаагүй, өмнө нь ажиллаж байсан албан хаагчид тогтвортой ажиллаж ирсэн. Өнөөдөр бол зөвхөн нийгмийн хамгааллын салбарт л гэхэд 2012 оноос хойш ажилд орсон гэсэн үндэслэлээр маш олон хүнийг халсан. Ийм нөхцөлд Төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчдаа хамгаалах чадваргүй гэдгээ харуулж байна. Тиймээс бид цаашдаа тууштай тэмцэж ажиллана.

Б.Пүрэвдорж: -Яамдаас илүү агентлагуудад олон төрийн албан хаагч ажилладаг. Би 2012 онд Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрын даргаар томилогдсон. 600 орчим албан хаагчтай байгууллагыг удирдаж явсан. МАН-ын албан тушаалтнаас ажлыг нь авч байсан. Ингэхдээ би нэг хүнийг ажлаас халж, гурван хүнийг тэтгэвэрт гаргасан. 2012 онд АН олонхи төрийн албан хаагчдыг олноор халж байгаагүй.

-Эдийн засаг сайжруулах хөтөлбөрийг хэлэлцэж байна. 18 сарын дотор эдийн засгийг сайжруулж чадах уу?

С.Эрдэнэ: -Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөр дотор эдийн засгийн бүтцээ хэрхэн өөрчлөх талаар ямар ч заалт тусгаагүй. Ганц тулгууртай эдийн засгийн бүтцээрээ цаашаа яваад байх юм уу. Барилга, мал аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл гээд эдийн засгийн бусад тулгуур бүтцүүдээ хэрхэн өөд татаж, дэмжих гэх мэт дорвитой өөрчлөлтийн тоо баримт тусгаагүй байна билээ. Тиймээс үр дүнтэй хөтөлбөр болно гэхэд эргэлзэж байна. Том төслүүдээ хөдөлгөнө гэж яриад байгаа. Гэтэл нөгөө нэг тулгуурт бодлогоо л яриад байна. Харин эдийн засгийн бүтцээ өөрчлөх шаардлага байна. Уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай байхад улс орон хөгжихгүй юм байна гэдгийг бид харлаа. Тиймээс бусад салбараа хөгжүүлэхийн төлөө яагаад ажиллахгүй байгаа юм.

-Энэ Засгийн газар ажлаа авахад төрийн данс улайсан байсан гэж Ерөнхий сайд хэлсэн. Та өмнөх Засгийн газарт ажиллаж байсан хүний хувьд ямар Засгийн газар хүлээлгэж өгсөн талаар тайлбар хийх үү?

С.Эрдэнэ: -2016 оны төсвийг 950 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар баталсан. Гэтэл долдугаар сарын 1-нд МАН засаг хүлээж аваад энэ оны тодотголоо өргөн бариад батлуулаад явах ёстой. Гэтэл ямар ч мөнгөгүй байсан гээд зогсож болохгүй. 2016 оны төсвийг баталсан байсан. Тиймээс орлого зарлага нь тодорхой байгаа. Түүнээс данс нь дүүрэн Засгийн газар үлдээгээд явдаг нэг ч төсөв мөнгө байхгүй. Тухайн сар, улиралдаа орлого нь ороод, буцааж зарцуулагдаад явдаг зарчимтай. Мэдсээр байж улаан цайм гуйвуулж, улстөржүүлэх шаардлагагүй. Долдугаар сарын 1 хүртэл хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмж, урсгал зардал, концессын санхүүжилтүүд бүгд хэвийн явж байсан. Гэтэл ажлаа аваад л Монголбанкны гадаад валютын сан хоосон байна гэж Ерөнхийлөгч нь зарлаад валютын ханшийг өсгөсөн. Яг үнэндээ 1.3 тэрбум ам.долларын валютын нөөцтэй үлдээсэн. Сангийн сайд нь ажлаа авмагцаа Монгол Улс дампуурсан, эдийн засаг элгээрээ хэвтсэн байна гэж зарлаад зээлжих зэрэглэлийг бууруулсан. Олон улсын түвшинд Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг навсайтал унагаасан. Ам.долларын ханш 400 төгрөгөөр нэмэгдэх ажлыг тэд өөрсдөө л хийсэн. Зүгээр явж байсан эдийн засгийг эд л ийм болгосон. Хэтэрхий улстөржсөн, өмнөхөө харлуулах гэж улайрсан тэнэг алхмаас болоод өнөөдөр Монголын эдийн засаг ийм байдалд орчихоод байна. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.