Д.Эрдэнэбат: Сонгуулиар авсан 104 сум, 3 дүүргийн ялалтыг баталгаажуулах нь зүйтэй

Twitter Print
2016 оны 11-р сар 03-нд 13:04 цагт
Мэдээний зураг,

Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат, СБД-ийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, БЗД-ийн Ардчилсан намын дарга Б.Пүрэвдаваа нар орон нутгийн сонгуулийн үр дүн, сонгуулийн маргааны асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат: Ард түмний сонголтыг санаатайгаар будилаантуулах оролдлого хийж байна

-2016 оны орон нутгийн сонгууль улс орон даяар явагдаж дууслаа. Орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам сумын ИТХ-д нийт 6900 нэр дэвшигч нараас АН-аас 2650 нэр дэвшигч сонгогдож, сонгуулийн үр дүнгээр авч үзвэл 37,9 хувийг сумын ИТХ-д АН-аас нэр дэвшигчид эзэлж байна. Нийслэлийн 9 дүүрэгт нийт 295 нэр дэвшигч дэвшсэнээс АН-аас 98 нэр дэвшигч гурван дүүрэгт ялалт байгуулж, нийт сонгогчдын 33,2 хувийн санал авлаа. Аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль Сүхбаатар аймаг явагдаж, АН ялалт байгуулж, баталгаажууллаа. Нийт 330 сумаас 104 суманд АН ялалт байгуулсан. Нийслэлийн 9 дүүргийн Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт АН ялсан. Ард түмний сонголтыг санаатайгаар будилаантуулах оролдлого гаргаж болохгүй. Гаргах гаргахдаа Сонгуулийн хороог удирдаж буй удирдлага хууль бус шийдвэрээр ард түмний сонголтын тоог өөрчилж болохгүй гэсэн заалт бий. Үүнийг ноцтой зөрчсөн үйлдлүүд гарч байгааг бид буруу гэж харж байгаа. Бид энэ сонгуульд нэг л зарчим баримталж байгаа. Ялсан бол ялсан, ялагдсан бол ялагдсан. Ялж ч чадахгүй, ялагдаж ч чадахгүй байдлыг бий болгож болохгүй. Тэр дундаа АН-ын байр суурь биш. Ард түмний сонголтоор гарч ирсэн төлөөлөгчийг хэн нэгэн хүний шийдвэрээр энэ сонголтыг үгүйсгэдэг байдал ардчилсан улс оронд байж болшгүй зүйл гэж харж байна. Тиймээс энэ асуудалд Ардчилсан нам онцгой анхаарал хандуулах ёстой гэж бодож байна. МАН-ын удирдлагууд ч мөн анхаарах ёстой. Аль аль талдаа ялж, ялагдаж сурах хэрэгтэй. Хэдийгээр өнөөдөр тооны олонхи нь Ардын нам талд байгаа ч гэсэн улс төрийн олонхи энэ эрх баригчдын амлалтаас ухарсан байдлыг дүгнэсэн юм шүү дээ. Тийм учраас улс төрийн олонхи аль талдаа байгааг эрх баригчид мэдрэх учиртай. Нэгэнт гарсан шийдвэрийг хүндэтгэн үзэж, эцэслэн шийдэгдээгүй маргааныг асуудал болгон дэвэргэж, гүнзгийрүүлэх нь яавч бидний эрх ашиг биш. Энэ байдлаа эрх баригчид зогсоох ёстой. Энэ сонгуульд АН эрх мэдэлтэй, үнэмлэхүй олонхитой эрх баригчидтай өрсөлдсөн хэдий ч ард түмэндээ нэг л зүйлийг маш сайн ойлгуулж чадсан. Энэ юу гэвэл эрх баригчид амлалтаасаа ухарч бодлогогүй үйл ажиллагаагаа хэрхэн явуулсныг ард түмэнд ойлгуулж чадсан нь сонгуулийн нэг том ач холбогдол. Өнөөдөр эрх баригчдын үйл ажиллагааны 100 дахь хоног дуусаж байна. Маргаашаас 1000 дахь хоног эхэлнэ. Бид эрх баригчид гарсны дараа амлалтыг чинь өдөр болгон сануулна гэж хэлсэн. Орон нутгийн сонгуулиар бид эрх баригчдын амлалтыг сануулсан. Сонгуулиар авсан 104 сум, 3 дүүргийн ялалтыг баталгаажуулах нь зүйтэй гэж харж байна. Цаашид Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ сонгуулиар Ардчилсан нам үндэсний хэмжээний нам болох юмаа гэдгээ дахин нотлох, Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах орон зай бидэнд үлдэж байна.

БЗД-ийн Ардчилсан намын дарга Б.Пүрэвдаваа: Шүүхийн шийдвэр гараагүй байхад 6 хүний нэрийг хуул бусаар хассан

-БЗД-т байдал хурцадмал байгаа. Ардчилсан нам 22 суудал, Ардын нам 19 суудал авсан эцсийн дүн гарсан. Үүнийг СЕХ, нийслэлийн Сонгуулийн хороо зарласан байдаг. Гэтэл дүүргийн сонгуулийн хороо ямар нэгэн шалтгаангүйгээр 6 хүний нэрийг хассан байдаг. Энэ удаагийн Сонгуулийн хуулийн гол өөрчлөлтөөр маргааныг сонгуулийн хороо биш, шүүх шийдвэрлэдэг болсон. Сонгуулийн хуулийн 3.1.7-д “Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон гэж Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг хэлнэ” гэж байгаа. Эцсийн маргааныг шүүх шийдвэрлэнэ гэсэн эрх зүйн зохицуулалттай байгаа. Гэтэл БЗД-ийн Сонгуулийн хорооны дарга н.Бат-Өлзий гэдэг хүн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, нарийн бичгийн дарга Сонгуулийн хорооны дарга хоёулаа гарын үсэг зурж байж хүчин төгөлдөр болдог тогтоолд дан ганц өөрийн гарын үсгийг зурж, тогтоол үйлдэж 6 хүний нэрийг хассан байгаа юм. Энэ бол хүчин төгөлдөр бус шийдвэр. Хоёдугаарт Сонгуулийн хороо сүүлийн тав хоног ажлаа хийсэнгүй. Нэр дэвшигчид Сонгуулийн хорооны ажлыг хүлээсэн байдалтай байна. Дүүргээс анхдугаар хуралдааныг зарласан. Ингэхэд тав хоног олдохгүй байсан Сонгуулийн хорооны дарга гэнэт гарч ирээд л алга болчихсон. Шүүхийн шийдвэр гараагүй байхад 6 хүний нэрийг хасаж болохгүй. АН, МАН-ын нэр дэвшигчид хуралдаандаа ирэхэд хурлыг хийлгэхгүй, индэрийг нь булааж аваад, хэвийн ажиллах нөхцөл байдлыг алдагдуулаад байгаа. Ардын намынхан иргэдийнхээ сонголтыг хүндэтгэж, ажлаа явуулах ёстой юм гэдгийг л хэлмээр байна.  

СБД-ийн Ардчилсан намын дарга Д.Баттулга: Дүүргийн Сонгуулийн хороо хуулиа зөрчиж, шүүхийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг болчихож    

-Сонгуулийн хуульд сонгуулийн хорооны ажилтан, албан хаагчид сонгуульд оролцож байгаа аль нэг нам, эвслийн нэр дэвшигчдийг дэмжих, аль эсвэл эсэргүүцсэн арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон байдаг. Нөгөө талаар хуулиар хориглосон аливаа үйлдлийг гаргах, оролцохыг хориглосон байдаг. Энэ хуулийн заалтуудыг СБД, БЗД-т ч тухайн дүүргийн сонгуулийн хороо уландаа гишгэж, олон үйлдлээрээ зөрчиж байна. СБД-т нэр дэвшиж байгаа 2 хүнийг илт хууль бусаар нэр дэвшихээс нь татгалзсан. Эдгээр асуудлыг бид сонгуулийн сурталчилгааны явцад шүүхэд өгсөн. Анхан болон давж заалдах шатны шүүхээр энэ нь хууль бус юм гэдгийг тогтоосон. Тухайн тойрогт дахин сонгууль явуулах асуудлаар шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Мөн дүүргийн 7-р тойрогт манай нэр дэвшигч н.Нармандах, н.Оргил нар нэмэлт санал хураалт явуулах нөхцөл байдал бүрдсэн байхад сонгуулийн хороо ирц хүрсэн гэж илтээр гуйвуулж, Ардын намын 2 хүнийг баталгаажуулсан. Үүнийг бид шүүхэд өгсөн. Шүүх хэрэг үүсгээд явж байгаа юм. Сонгуулийн хуулийн үзэл баримтлалаар үр дүнг сонгуулийн хороо тэр чигээр нь өргөн барих учиртай. БЗД-т 41 хүн, СБД-т 35 хүнийг л өргөн барих ёстой бол тэрийг л өргөн барих учиртай. Энэ үеэр гарсан маргаан зөрчил зөвхөн шүүхээр л шийдвэрлэгдэнэ. СБД-ийн 11-р хороонд 1000 гаруй хүнээр илүү санал авсан АН-аас нэр дэвшигч н.Батжаргалыг баталгаажуулаагүй. Шүүхээр шийдвэрлээгүй байхад сонгуулийн хорооны дарга н. Бат-Эрдэнэ өөрийн итгэл үнэмшлээрээ хассан гэдгийг нь ойлгохгүй байна. Энэ хүн сонгуулийг будилаантуулсныхаа дараа СБД-ийн Нийгмийн даатгалын даргаар томилогдсон байгаа. Энэ бол шагнал нь байх. Иймээс бид үүнийг тогтоолгохоор шүүхэд хандсан байгаа. Сонгуулийн хороод хуулиа ойлгодоггүй юм уу, ойшоодоггүй юм уу, өөрсдөө шүүхийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг болчихож. Энэ их буруу тогтолцоо. СЕХ, Нийслэлийн Сонгуулийн хороо шийдвэрээ зарлачихаад байхад дүүргийн Сонгуулийн хороо шийдвэрийг өөрчилж болохгүй. Бид шүүх болон АТГ-т өгчихөөд байна. Эрх баригчид ард түмний сонголтыг хаан сонголт гэж хэлж байсан. Хаан сонголтыг АН хүндэтгэсэн. Гэтэл Ардын намынхан уландаа гишгэж байна. Ардчилсан нам энэ хууль бус асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ. Үүний төлөө тэмцэх болно гэв.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (202.179.23.101) 2017-02-22 10:43
      • 0
      • 0

      Battylgaa chi beree hyyli bysaar gvvrgiin darga bolgochood Uy gej hytsaad baigaa uym be

      Хариулах

    • Зочин

      (87.89.22.38) 2016-11-07 03:07
      • 0
      • 0

      Улс орныг сүйрүүлсэн АН сонгогдож гарч ирэх гэж хэрүүл хийгээд яанам. Зүгээр л идэж ууж хулгайлж баллаж баллуурдсан ажилаа шалгуулахдаа л бэлдэж байвал барав.ч

      Хариулах