Хятадын дэлгүүрт анх удаа эрчүүдийн цаг нөхцөөх төв байгуулагджээ

Twitter Print
2016 оны 11-р сар 03-нд 11:49 цагт
Мэдээний зураг,

Хятадад анх удаа эрчүүдийн өдөр өнжүүлэх төв нээгджээ. Шанхай хотын дагуул дүүрэг Миньхан дахь Чибао хотын нэгэн худалдааны төвд нээгдсэн уг үйлчилгээг эрчүүдийн цаг нөхцөөх төв гэвэл зохистой аж. Учир нь эхнэрүүд дэлгүүр хэсэх хооронд эрчүүд юу хийхээ мэдэхээ байдаг тул дэлгүүрийн захиргаанаас цаг нөхцөөх тусгай хэсэг гаргаж өгсөн байна.

Shanghai Daily мэдээлснээр, уг хэсэгт массаж хийдэг зөөлөн буйдан, тухтай сандал, телевизор, сонин сэтгүүл зэрэг эрчүүдийн цаг нөхцөөхөд шаардлагатай бүх зүйлийг байрлуулсан нь хэрэглэгчдэд "зайлшгүй шаардлагатай" зөв зүйтэй санаа болсон гэж олонхи үйлчлүүлэгчид үзэж байгаа аж. Харин нэг хэсэг нь эрчүүдийг ингэж “эрхлүүлэхийн” оронд хүүхэд саатуулах өрөө гаргасан нь дээр гэж үзэж байгаа бол бусад нь эр нөхрөө ийм "насанд хүрэгчдийн ясли"-д үлдээхгүйн тулд сайн сурган хүмүүжүүлэх хэрэгтэй гэж хошигносон байна. Гэвч зарим хүмүүс, эхнэр нь хөндлөнгийн хараа хяналтгүй дэлгүүр хэсэж байгаа тохиолдолд эрчүүд тэнд санаа амар сууж байж чадах уу гэсэн асуулт тавьж байгаа гэнэ.

Эрчүүд дэлгүүр хэсэхээс халширдаг асуудал хэнд ч тодорхой байдаг бол сэтгэлзүйчид үүний шалтгааныг олох олон талын судалгаа явуулж ирсэн байдаг аж. Гэр бүлийн хоёр хамтдаа дэлгүүр хэссэн ихэнх тохиолдолд хэрүүл маргаанаар төгсдөгөөр зогсохгүй эмгэнэлтэй явдалд хүргэсэн хэрэг ч гарч байжээ. 2013 онд Хятадад 38 настай нэгэн эр олон цагаар дэлгүүр хэсэж тэвчилгүй олон давхар худалдааны төвийн дээд давхраас үсэрч амиа хорлосон байна.

Худалдааны төвд эрчүүдэд амрах өрөө гаргаж байсан тохиолдол анх удаа биш гэнэ. Өмнө нь 2011 онд Австралийн IKEA төвд энэ зориулалтын өрөө тасалгаа гаргаж байсан аж.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.