2017 онд заавал очиж үзэх улсын 7-рт Монгол улсыг нэрлэсэн гэв

Twitter Print
2016 оны 11-р сар 02-нд 08:20 цагт
Мэдээний зураг,

Эх орондоо болсон “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын аялал жуулчлалын олон улсын бага хурлын зохион байгуулалтад сайн дураараа оролцсон оюутнуудад өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол сертификат гардууллаа.

Торгоны замын аялал жуулчлалын  олон улсын бага хурлыг өнгөрсөн сарын 13-15-ны өдрүүдэд НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, БОАЖЯ, “Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбоо” олон улсын байгууллага, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулсан. Уг хурлын зохион байгуулалтад сайн дураараа оролцсон МУИС, МУБИС, МҮИС, СУИС, Отгонтэнгэр, ХААИС, ХИС-ийн 36 оюутанд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол талархал илэрхийлж, салбарын сайн мэргэжилтэн болохын ерөөл өргөлөө. 

Сайдын ярьснаар, Торгоны замын дагуу нүүдлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Улаанбаатарт болсон хурлын үр дүн эхнээсээ гарч эхэлжээ. Дэлхийн алдартай аялал жуулчлалын сэтгүүл “ЛонелиПланит”–ийн шинжээчид 2017 онд заавал очиж үзэх улсуудын долдугаарт  Монгол Улсыг нэрлэсэн байна. Тус сэтгүүлээс Монгол улсад аялах шалтгаануудыг дурдахдаа нэгдүгээрт,  орчин үеийн хөгжил болон нүүдлийн аж амьдралыг хослуулан хөгжиж байгаа цорын ганц орон гэжээ. 

Хоёрдугаарт, Улаанбаатар хот нь хөгжлийн үр шимийг хүртэгч, орчин үеийн хот болсныг судалгаанд оролцогчид дуу нэгтэйгээр зөвшөөрснийг дурджээ. Харин Монголд аялах гурав дахь шалтгаанаар Хөвсгөл нуурийг нэрлэсэн байна. Хөвсгөл нуурийг  “Азийн цэнхэр сувд” хэмээн тодорхойлж энэ насандаа заавал очиж үзэх ёстой газруудын нэг гэсэн байна. 

Оюутнуудад сертификат гардуулах ёслолд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Маргад  болон бусад хүмүүс оролцлоо.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.