Тэгш бус боловсролын ялгааг арилгах тал дээр БНСУ-тай хамтран ажиллана

Twitter Print
2016 оны 11-р сар 01-нд 14:42 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа БНСУ-ын Сөүл хотын боловсролын газрын дарга Ли Мүсү болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Улаанбаатар Сөүл хотуудын боловсролын газрууд хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурсны 10 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Сөүл хотын Боловсролын газраас нийслэлийн сургуулиудын мэдээлэл технологийн бааз суурийг нэмэгдүүлэх зорилгоор уламжлал болгон жил бүр тодорхой тооны компьютерийг явуулдаг нь ерөнхий боловсролын сургуулиудад мэдээлэлзүйн сургалт явуулах материаллаг баазыг бүрдүүлэх эх үүсвэр болдог байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Манай орны хувьд боловсролын ялгаа маш их байгаа, бид үүнийг арилгахыг зорин ажиллаж байна. Тэгш бус боловсролын ялгааг арилгахын тулд танай улсын туршлагаас суралцаж, илүү үр дүнтэй ажиллах шинэ боломж бий болно гэдэгт найдаж байна. Энэ тал дээр анхааран жил бүр манай улсаас тодорхой тооны оюутан, сурагч болон багш нарыг сургалтанд хамруулж байдагт талархаж явдаг” гэлээ.

БНСУ-ын Сөүл хотын боловсролын газрын дарга Ли Мүсү “Бидний хувьд анх удаа Монголд ирж байна. Ирэхээсээ өмнө танай орны талаар ном, сэтгүүл уншиж судалсан. Монгол Улсад манай улстай төстэй зүйлс маш их байна. Тийм болохоор хамтран ажиллахад илүү дөхөм байх болов уу гэж бодож байна. Бид өөрийн улсдаа боловсролын тэгш бус байдал, ялгааг арилган ажиллаж байна. Энэ удаа бид Монголын боловсролын салбар болон сургууль цэцэрлэгийн тулгамдаад байгаа асуудлуудтай танилцаж, судлаад тухайн асуудлууд дээр нухацтайгаар ажиллах болно” гэсэн юм.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.