Налайх, Багахангай дүүргүүдэд цэрэг татлагын ажил явагдаж өндөрлөлөө

Twitter Print
2013 оны 10-р сар 21-нд 17:05 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн хэмжээнд цэргийн насны залуусын 94 хувьд нь зарлан дуудах хуудас хүргүүлж, аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд нийслэлийн зургаан дүүрэг болон Налайх, Багахангай дүүргүүдэд цэрэг татлагын ажил явагдаж өндөрлөлөө.

Цэрэг татлагын үеэр БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Д.Баярсайхан, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга хурандаа Д.Мөнх-Очир, хэлтсийн дарга хурандаа Б.Амгаланбаатар нарын удирдах ажилтнууд цэрэг татлагын байрууд болон төв дамжин хуваарилах анги дээр очиж, цэрэг татлагын ажлын зохион байгуулалт, эрүүл мэндийн үзлэг оношлогоо, тулгарч буй асуудал, залуусын идэвх оролцоо зэргийг газар дээр нь үзэж, танилцсан юм. Эхлээд бид ХУД-ийн цэрэг татлагын товчоо байрлаж буй 52 дугаар дунд сургуулиар орлоо. Биднийг Нийслэлийн цэргийн штабын дарга хурандаа Ж.Болдбаатар болон ХУД-ийн цэрэг татлагын товчооны дарга Л.Үнэнбат, цэргийн штабын дарга хурандаа Ч.Батхүрэл, тоо бүртгэлийн офицер хошууч С.Баярмагнай нар угтан авч, ажил байдлаа танилцууллаа. Хан-Уул дүүргийн цэргийн штабынхан цэрэг татлагад хамрагдаж буй залуусыг бүртгэх, эрүүл мэндийн үзлэгт оруулах, бичиг баримтыг шалгах, хуваарилах зэргээр залууст аль болох чирэгдэлгүй, ачааллаа жигд хуваарилах байдлаар зохион байгуулснаа тайлбарлаж байв. Мөн энэ байрны гадна хүүгээ, ханиа, дүүгээ, найзаа хүлээж зогсоо ар гэрийнхэнд нь цэргийн албанд тэнцсэн залуусын овог нэр, хуваарилагдсан анги зэрэг мэдээлэл нь урсдаг цахим самбараар гарч байсан нь шинэлэг, санаа авууштай арга хэмжээ байлаа.

Нийслэлийн цэргийн штабын дарга хурандаа Ж.Болдбаатар “Бид Засгийн газрын дөрвөн тогтоол буюу Цэргийн жинхэнэ албаны татлага, цэргийн дүйцүүлэх алба, гэрээт цэргийн алба, дүйцүүлэх мөнгөн төлбөрийн тухай тогтоолуудыг энэхүү цэрэг татлагаараа давхар гүйцэтгэж байна. Цэрэг татлагын талаар бид сонин хэвлэл, телевиз радиогоор хангалттай сурталчилсан. Энэ гурван өдрийн турш нийслэлийн зургаан дүүрэг болон Налайх, Багахангай дүүргүүдэд цэрэг татлагын ажил зохион байгуулагдаж байна. Ерөнхийдөө цэрэгт явах залуусын идэвх сайн байна” гэлээ.

Харин эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан залуусын нэлээд хувь нь чихний хэнгэрэг цоорхой, сонсголын эрхтний байдлаас цэргээс чөлөөлөгдөж байгаа талаар тус дүүргийн цэрэг татлагын комиссын гишүүн эмч нар өгүүлж байлаа.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.