Их Монгол улсын дүрслэх урлаг

Twitter Print
2017 оны 03-р сар 16-нд 14:12 цагт
Мэдээний зураг,

Чингис хаан 1189 онд Хар зүрхний Хөх нуурт болсон Монголын язгууртнуудын хуралдайгаар хамаг Монголын хаанд сонгогдсныхоо дараа хоорондоо тэмцэлдэн байлдаж байсан, Монголын нууц товчоонд тэр үеийн улстөрийн байдлыг онож тодорхойлсноор Орондоо үл орон олзлолдож Хөнжилдөөн үл хэвтэн гөрлөлдөн... байсан тархай бутархай Монгол овог аймгуудыг нэгэн жолоонд оруулж, 1206 онд Их Монгол Улсыг байгуулсан юм. 

Чингис хааны үндсэлсэн энэ улс 53 жил гаруй оршин тогтноод Мөнх хааны нас барснаар 1259 онд үгүй болж, түүний үргэлжлэл Хувилайн Их Юань улс үүссэн билээ. Монголчууд өөрийн улсыг Их Монгол улс гэж нэрлэж байсны баталгаа нь Монголд ирж байсан хятад дипломатч Жао Хуны “Монгол татаарын бүрэн тэмдэглэл”-дээ “татаарууд одоо өөрсдийгөө Их Монгол Улс гэж нэрийджээ” хэмээснээс тодорхой.

Ер Их Монгол Улс нь “аугаа их хаантай, Хаанаа сонгодог хуралтай, алтан урагиин шугамаар хаан ширээ залгамжлах төрийн тогтолцоотой, өрхийн цэргийг аравтын тогтолцоонд оруулсан цэргийн зохион байгуулалттай, гурван түмэнд хуваасан засаг захиргааны нэгжтэй, улсын шүүгчтэй, тахилчтай, сангийн сайдтай, Мөнх тэнгэр гэсэн үзэл суртлын чиг баримтлалтай, “алтан аргамжаа” гэж өргөмжилсөн гадаад бодлоготой, Их засаг хуультай, улсын бичигтэй, улсын онтой...” байсан юм.

Энэ бүхнээс улсын бичиг нь энэ үеийн Монголчуудын бүтээсэн урлагтай холбогдохын тул энд товч өгүүлэх нь зүйтэй мэт. Персийн түүхч Рашид эд-Дин Шашдирын чуулгандаа “Монголчууд... үнэн түүхийг үеийн үед уламжлан авч, Монгол хэл дээр Монгол бичгээр бичиж байсан...” гэж бичээд лавтайяа Алун гоо эхийн үеэс угийн бичиг хөтөлж байсан тухай өгүүлсэн байна. XX зууны эхэн үеийн эрдэмт балам Зава Дамдин “Тэртээх Ил Тарвагтайн чанадын зүгээс “Согтаг” нэрт Монголын нэгэн аймаг

Арилжаа худалдаа үйлдсээр ирж нутагшин суусны 

Арвис мэргэн багш нар бээр уйгар хийгээд монголчууд дор 

Алиаа үсэг хийгээд уншиж бичих тэргүүтэй... ёсыг заан сургав гэж Алтан дэвтэрийн завадаа айлдсан байна. Алун гоо IX зууны үеийн хүн, Уйгар нар VIII зууны үеийн улс гээд бодвол Монголчууд хэдийд бичиг үсэгтэй болсныг багцаалж болж байгаа боловч Шашдирын чуулган-д дурдсан Алун гоогийн удам олон салбар аймгийн чухам аль нь уг бичгийг хэрэглэж байсан вэ гэдэг нь тодорхойгүй. 

Гэвч Их Юань улсын судрын Тататунгагийн намтарт найманы Тататунга түшмэл уйгар бичиггэй тамга авч явсан тухай гардаг. Мөн нэрт эрдэмтэн Б.Ринчен доктор "Хэрэйдийн ван ханд Монгол бичгээр бичсэн Библи судар байсан” гэж мэдээлсэн ч ямар сурвалжаас уг мэдээллийг авснаа дурдсангүй. Гэхдээ хэрэйдүүд Христын шашны несториан урсгалыг шүтэж байсан нь тодорхой байдаг. Иймд шашныхаа гол номлолыг дуун хөрвүүлээгүй байна гэж үгүй гэсэн гаргалаа хийж бас болно.

Энэ бүхнээр хөөвөл энэ хоёр аймаг Монгол бичиг хэрэглэж байсан байна гэж хэлж болмоор. Харин Чингис хаан уг бичгийг улсын бичиг болгосон нь тов тодорхой бөгөөд Чингис их хаан болмогцоо өргөмөл дүү Шихахутагийг болмогцоо өргөмөл дүү Шихахутагийг улсын заргачаар томилоод “Гүр иргэний хувь хувилсныг, зарга заргалсныг хөх дэвтэрт бичиж, дэвтэрлэж, ...хөх бичиг цагаан цаасан дэвтэрлэснийг бүү егүүтэгтүгэй” гэж түүнд зарлиг буулгасан, мөн Монголчууд 1221 онд Солонгосоос бичгийн хэрэгсэл (цаас арван түмэн хуудас, мянган нийлүүр, бийр хоёр зуун гуурс, лүнтүан бэх) авахуулахаар элч илгээн зарлиг болж байсан нь Гуулин улсын сударт тэмдэглэгдэн үлдсэнээр ч бас батлагдана.

Бидэнд олдсон Монгол бичгийн анхны нэгэн гайхамшигт дурсгал бол Чингисийн чулуу нэрээр алдаршсан хөшөө (Оросын Эрмитаж музейд байгаа) юм). 1225 (миний бодлоор бол 1224) онд оосгосон гэж эрдэмтдийн үздэг энэ хөшөөнд Есүнхэй мэргэний 335 алд газар харван байгаа оносон гавьяаг мөнхжүүлсэн байна. Монгол бичигтэй өөр нэг хөшөө бол 1240 онд Өгөөдэй хааны зарилгыг монгол, хятад хоёр бичгээр сийлсэн хөшөө юм.

Энд уг зарлигийн товчийг Монгол бичгээр гурван эгнээ бичиж, бүтнээр нь хятадаар арванхоёр эгнээ бичсэнээс эхний гарчиг дээр нь эвхмэл үсэгтэй дөрвөлжин тамга дарсан байдлаар сийлж, сүүлчийн мөрийг тэтгэж сийлсэн байна. Хөшөөг эвэр угалзаар өвчид нь хүрээлэн чимсэн байна. Сажийн сүмийн хөшөө гэж толгойд нь бичснээр уг нэрээр алдаршсан Мөнх хааны хөшөө ч Монгол бичиг, дүрслэх урлагийн нэгэн дурсгал болно.

Мөнх хааныг Сүн улсад дайлаар мордсон хойно 1257 онд босгосон энэ хөшөөнд хааныг урт удаан наслах ерөөлийн үгийг Монгол бичгээр гурван мөрөөр сийлж, Мөнх хаан гэж эхэлсэн дунд мөрийг тэтгэжээ. Энэ нь Мөнх хааныг эрхэмлэн дээдлэж байгаагийн бэлгэдэл юм. Мөн энд 12 мөр хятад бичээс буй. Бүх бичээсийг тойруулан дөрвөлжин нарийн горви татаж, хоёр талд нь эвэр угалзыг босоо цоолборлосон байна. Тэрчлэн Францын христын шашны номлогч Рубрук “Мөнх моал (монгол) элчдээ зарилгаа сийлүүлсэн алтан жуух буюу өргөнөөрөө алга дарам, уртаараа хагас тохой хирийн алтан пайз (гэрэгэ)-аа гардуулжээ” гэж тэмдэглэж үлдээсэн нь буй. 

“Мөнх тэнгэрийн хүчин дүр, их суу залийн ивээл дүр” гэсэн тэр зарлигийг тэр үеийн монгол бичгийн тэгээр, одоо бол уран бичлэг гэж оилгогдохоор товойлгосон алтан гэрэгэ нь оройдоо нар cap хоёрыг дүрслэж, доод талд нь дэлээ хийсгэн, сүүлээ өргөсөн арслан маягийн амьтныг өөд еөдөес нь харуулан дүрслэхдээ аманд нь мөн өөд өөдөөсөө харсан хоёр загас үмхүүлсэн агаад гэрэгний нүхний хоёр талд амаа ангайсан хоёр лууг эсрэг харуулан дээш цойлж буй байдлаар зураглажээ.

Хоёр загасны нүдийг бөлтийлгөн урласан байна. Эдгээр амьтадыг хос хосоор нь дүрсэлсэн нь арга билгийг илэрхийлж байх магадлалтай. Ер амьтадыг золголдуулан дүрсэлдэг нь нүүдэлчдийн дүрслэхүй урлагийн нэг онцлог гэвэл зохилтой бөгөөд Зул алдар хаан туульд Далай цагаан өргөөний Тэрэм талд нь Тэх хуц хоёрыг Тэгш сайхан мөргөлдүүлээд Сийлсэн байдаг л...” гэж, Гурван настай Гунан улаан баатар туульд Хажуу тал дээр нь Харцага шонхор хоёрыг барьцуулсан Хүрэн улаан нум...гэж өгүүлсэн нь үүний бичмэл жишээ болж чадна. 

Загас бол нүдээ хэзээ ч аньдаггүй гэх агаад монголчууд загасыг сонор соргогийн бэлгэдэл гэж дээдэлдэг. Загас бас дуугардаггүй амьтан. Арслан, луу нь сүр хүчний бэлгэдэл. Ингэхлээр элч хүн загас шиг сонор соргог бөгөөд дуугүй байж, хааныхаа сүр хүчийг илтгэн үзүүлэх ёстой гэсэн утгыг уг гэрэгэд харуулжээ. Ер zoomorphic style-ээр гаргасан энэ бүх дүрслэл нь нийтдээ эвэр угалз мэт харагдана. Авдар сав зэрэг эгэл хэрэглээний зүйлст алхан хээ дүрсэлдэг (Гэрийн дотор авдар шүүгээ, алтан мөнгөн алхан хээтэй эргэнэг-Аптан гургалдай хаан тууль) байхад хаадтай холбоотой дурсгалд голдуу эвэр угалз сийлж зурсан байна. 

Пайзыг алт, мөнгө, хүрэл гээд өөр еөр металлаар хийж, оройд нь шонхор, бар гэсэн өөр өөр урлаж байсан нь элчийн зэрэг дэв лүгээ холбоотой. “Мен их хаан зарим их элч ноёдыг шонхор шувууны дүрс бүхий пайз олгон чингэснээрээ тэднийг өөртэйгээ адил эрх засаг бүхий болгон.. гэж Марко Поло бичсэн нь бий. Юань улсын сударт Бомбын шашны их арш Чаньчунд барсын толгойт пайз өгсөн тухай өгүүлсэн нь бий.

Ийнхүү Евроазийн элчилгүй уудам дайдад хийгээд Хятадын асар уудам нутагт дайны гал дүрэлзэж байсан авч гал голомтоо сахин хамгаалж үлдсэн монголчууд өөрийн өвөрмөц урлагийг бас бүтээсээр байсан юм. Дүрслэх урлагийн тийм дурсгалын төлөөлөл нь чулуун хөрөг юм. Эдгээр хөрөг голдуу Монголын дорнод хэсэгт төвлөрсөн нь сонирхолтой. “Эдгээр нь хийц загвар, дүрслэж гаргасан хувцас, эд юмсынхаа хувьд эртний түрэгийн хүн чулуунаас эрс ялгарах ба XIII-XIV зууны монголчуудын дүр төрхииг бүрэн илэрхиилж баина гэж Д.Баяр тэмдэглэснийг “Монгол улсын түүх”-нд онцлон ишилсэн байна.

Дурдсан хөргүүдийг гантиг, боржин, хүрмэн чулуугаар түшлэгтэй исир суудалд заларсан байдлаар урлажээ. Тэр үеийн монголчууд хүн чулууг урлахдаа биеийг нь бүтнээр нь дүрсэлдэг, тэгэхдээ түшлэгтэй исир дээр дээр суусан байдлаар дүрсэлдэг онцлогтой байсан байна. Зарим исэр суудал нь эвхдэг байдалтай бөгөөд эвхэх цэг дээрээ цэцгэн хээтэй товх бүхий байна. 

Мөн Мөнх хаанд алтан исир байсан тухай 1254 онд Хар хүрэмд ирсэн номлом лам Рубрук дурдсан нь буй. Энд дүрсэлсэн хүмүүс нь ташуу энгэртэй дээл өмсөж, мухар хоншоортой гутал жийж, дүгэрэг малгай тэргүүндээ асаан товруутай агсарга бүсэлж, бүснээсээ хавтага сав зүүсэн байна. Хөшөөний доод хэсгийг тусгайлан засч, тавцан мэт суурь дээр хөлийг нь гишгүүлсэн байдаг нь бас нэг үндсэн шинж юм. Мөн мутарт нь хундага бариулсан байна. Гэхдээ энэ хундага бариулсан байдал түрэгийн үеийн хөшөөнийхөөс эрс ялгарна. Түрэгийн хүн чулуун хөшөө хундага савыг эрхий, долоовор хуруугаар дэмнэн барьсан байдалтай байдаг бол монгол чулуун хөрөгт хундгийг таван хуруугаараа атгасан байдалтай байна. 

Үүнд Алтан Овоо уулын өвөрт байх чулуун хөрөг нь ийм маягийн хөргийн жинхэнэ төлөөлөл болно. Үүний хажууд байгаа хөргийг элсэн чулуугаар хийсэн бол миний дурдах гэж байгаа хөргийг цайвар хөх гантигаар урлажээ. Уг хүн дугуй түшлэгтэй исир суудал дээр заларчээ. Тэгээд цэцгэн хээтэй зууван толь бүхий нарийн бүс бүслэсэн байжээ. Баруун гарыг тохойгоор нугалан цээжин тус газар хундага атгаж, солгой гарыг исэрийн тохойловч дээр тавиад үзүүрийг нь хуруугаараа атгажээ.

Дээлийн зах нь цэцэгэн хээтэй. Зөв ташуу энгэрээ дагасан нисч яваа луу, дор нь үүлэн хээтэй.

Баруун ташаанаас дөрвөн оосроор унжуулсан хавтага суудлын дор, сандалын хөлийн хоорондуур харагдана. Зүүн ташаанд мөн тэр байранд хоёр оосортой хавтага болон нэг оосортой дөрвөлжин хайрцаг байна. Одоо бол уг хөшөөний толгой алга болжээ. 1924 онд оросын археологич В.А.Казакевичийг Дарьгангад шинжилгээ явуулж байхад толгой нь тасарсан боловч хажууд нь байсан байна.

Тэр эрдэмтэн толгойны байдлыг тодорхойлсныг толилуулбал  “Царайг нь маш нарийн урласан нь, ер нь хөрөгтэй төстэй болгох гэж эрмэлзсэн нь гайхалтай. Нүдийг ялихгүй дугуйрсан хөмсөгний дороос дүрлийтэл харснаар дүрслэж, хамарыг намхан (ялигүй гэмтсэн), амыг нь жижиг, уруулаа тас жимийсэн байдалтай харуулсан бөгөөд төвгөр түүшин бүхий зуувандуу нүүр нь түүнийг сүрхий, тэр ч байтугай нэлээд сүртэй болгожээ. Маш нарийвчлан дүрсэлсэн том чихийг толгойд нь наалдуулжээ.

Сэвлэгний хэсгийг чихний ард гогцооруулан унжуулж, нэг хэсгийг дагзан дээр зангиджээ. Орой дээрээ жижиг сампин бүхий бөмбөгөр оройтой өндөр дуулга маягийн, духан талдаа нарийн, ардаа өргөссөн хүрээтэй малгайг толгойд нь өмсгөжээ. Эрүүн дор нь сэт цохигдсон нэгэн дүрс байгаа нь урлаач бол хүзүүний чимэг юм уу, сахал хийх гэж бодсон байх” гэжээ.

Энд өгүүлсэн болон зургийн байдлаар бол энэ нь монголчуудын лоовууз малгай гэдэг нь тод байна. Чихний араар гөрж унжуулсан үсийг монголчууд “шивэлгэр” гэж нэрлэдэг. Цээжин биедээ нисч яваа луун, доор нь үүлэн хээтэй дээл, гартаа эрихтэйгээр дүрсэлсэн бас нэг хөшөө бол Таван толгойн хөх гантиг хөшөө мөн.

Улаанбаатарт Чингис хаан үзэсгэлэнд тавьж үзүүлсэн язгууртны алтан саатай торгон дээлний ташуу захны эмжээрийг дагуулан эвэр угалзыг бүсэлхий хүртэл хошуулдуулан товойлгож гоёсон, мөн ханцуйны нь эмжээрийг дагуулан уг хээг тавьсан нь дээрх хоёр чулуун хөрөгний дээлийн хийцтэй авцалдаж байна. Ер хөшөөний чимэг дүрс нь тэд үеийн язгууртан монголчуудын гоо сайхны дур таашаал ямар байсныг ч үзүүлнэ. 

Исэр суудлын ар нь цэцгэн болон навчин хээтэй, дээл луун хээтэй, бүсний толь зургаан дэлбээт цэцгэн хээтэй, хавтага зэрэг нь геометрийн хээтэй гэх мэт. Таван толгойн хөргийн исир суудпын ард арван гурван дэлбээтэй цэцгэн хээ товойлгон сийлсэн нь бэлгэдлийн чанартай болов  уу. Учир нь монголчууд тахилгат уулан дээр арван гурван овоо босгодог (Атаа арван гурван тэнгэр, Алтайн арван гурван овоо, Хатагины арван гурван овоо гэх мэт), овоо тахих зан үйлд арван гурван үетэй хулсан саваа хэрэглэдэг, хар сүлдний иш арван гурван тохой (Ордос, Чингисийн онгон) байдаг бөгөөд ер нь монголчууд арван гурвын тоог эрхэмлэн бэлгэшээдэг юм.

Гэтэл энэ тоо Европ зүгийн ард түмнүүдийн дунд “чөтгөрийн тoo” гэж нэршсэн билээ. Монголчууд бүсийг эр хүний хийморь лүндээтэй холбон үздэг байсан, дээд угсаа гарваль, эрх мэдлийн бэлгэдэл болж байсан учир бүсийг онцгой гоёодог байж. Жамуха алтан бүстэй байсан тухай “Монголын нууц товчоон”-нд өгүүлснийг ялдар дурдахад илүүдэхгүй мэт. Археологич Д.Наваан Сонгинохайрхан (Улаанбаатарын орчим)-ны ойролцоох булшнаас 6 дэлбээт цэцгэн хээтэй толь бүхий алтан бүс олсныг XIII зууны үеийнх гэж тодорхойлсон нь дээрх чулуун хөрөгний бүстэй адил болохыг илтгэж байна.

Бүсийг эрхэмлэх заншил одоо ч буй бөгөөд бүсэн дээгүүр алхдаггүй, тэгвэл тэр хүний хийморь лундаа үхнэ гэх нь буй. Цаашилбал мөнөөхөн дээр өгүүлсэн Таван толгойн хоёр гантиг хөшөөний исэр суудлыг барын арьсаар бүтээсэн, нэгнийх нь ар руу барын толгойгунжуулан сийлсэн, нөгөөгийнх нь ар руу барын сүүлийг унжуулан сийлсэн нь тодхон харагдана.

Зарим хөрөгний хөл тавьсан тавцан нь ч нүүрэн талдаа геометрийн хээтэй байна.

Тийнхүү XIII зууны үеийн чулуун хөрөг нь тэр үеийн монголчуудын хувцас хунар, эдлэж хэрэглэж байсан зүйл, ер таашаал сонирхлын тухай бидэнд хүүрнэж байгаагаар үл барам энэ нь хэний хөрөг вэ, чухам хэдийд урласан вэ, Дорнод Монголд ийм бөөнөөрөө байдаг ямар учиртай вэ гэхчлэнг тайлах өдий төдий таамаг дэвшүүлэх сурвалж болж байна.

Хот барилгын тухайтад гэвэл монголчуудын анх байгуулсан Хар Хүрэм нийслэлийг дурдах нь зүйтэй. 1346 онд босгосон Хар Хүрэмийн гэрэлт хөшөөний бйчээст “Чингис хагаан их ор-а сагугсан арван тавдугаар он гин луу жил-дур Хорум-а сагуху балгасун орошилугсан ажугуу..гэж дурдаснаар 1220 онд уг хотыг үндэслэж, 1235 онд Өгөөдэй хаан хэрмээр хүрэалсэн байна.

Мөн Хар Хүрэмийн бичээст “Энэхүү хотыг үүсгэн байгуулснаар нэгэн төр улс үүсэх үндэс суурь тавигджээ” гэж онцлон тэмдэглэсэн байдаг. 1260 он хүртэл энэ хот Өгөөдэй, Мөнх хаан нарын орд ергөөгөө сүндэрлүүлэн сууж тер улсаа захирч байсан Их Монгол улсын нийслэл хот болж байлаа. Өгөөдэй хааны түмэн амгалант ордон, Цогт их гэр хоёрыг.хотыг хүрээлсэн хэрэмтэй хамт нэгэн зэрэг барьж байгуулсан аж. Хааны ордныг 1236 оны хавар, их сүмийн гэрийг 1256 онд барьж дуусгасан байна. Мөнх хаан өөрийн хаан сэнтийний өмнө босгуулсан мөнгөн мод XIII зууны үеийн монголын урлагийн гайхамшиг байжээ. Энэ гайхалтай модыг Европ зүгийн урлагийн загвараар франц дархан Гийом бүтээсэн гэдэг. 

Рубрук Монголын эзэнт гүрэнд зорчсон нь номдоо уг модыг дүрслэн бичихдээ: “... Парисын уугуул Гийом дархан Мөнх хаанд том мөнгөн мод бүтээжээ. Түүний ёроолд тус бүрээс нь гүүний сүү олгойдон гарах цоргон амтай дөрвөн мөнгөн арслан урлажээ. Мөнгөн модны дотуур дөрвөн хоолой оруулж, оройд нь нь хүргээд тэндээс амыг нь гадагш гаргаж уруу харуулахдаа тус бүрийн амыг алтлагхан зүст могойн амаар төсөөлүүлэн сүүлийг нь модны их биеийг ороосон маягаар урлажээ. Нэг цоргоор нь дарс, нөгөөдөхөөр нь хар айраг буюу гүүний цэгээхэн сүү, гуравдахиар нь боал хэмээх зөгийн балын ундаа, дөрөвдэхээр нь бол террасин гэдэг тутрагын исгүүн умдаан урсан ирж гоождог ажээ. 

Модны хөлд амтат идээ бүрийн дор мөнгөн гадар тосгуулан тавьжээ. Мөнгөн модны оройд мөнөөх дархан гартаа бишгүүр барьсан Чагаа тэнгэрийг урласан...Ордны гадна идээ умдааныг агуулах зоорь байх бөгөөд чагаа тэнгэрийн бишгүүрийн дуу сонсмогц энэ бүхнийг түгээх зардас нар тэнд бэлэн зогсч байдаг аж. 

Уг мод навч, жимс бүхий мөнгөн салаа мөчиртэй” гэж гэж бахархсан байдаг. Энэ модны санаа сэдэл, зураг төсөлийг Гийом дархан гаргаж, бүтээхийг нь монгол хийгээд тэнд авчирсан бусад газрын урчууд бүтээсэн нь мэдээж. “Мөнх ямар нэгэн юм бүтээлгэхээр мөнөөх дарханд гурван зуун ясток буюу гурван мянган марк өгч, тавин ажилчин гаргаж өгсөн гэнэ” гэсэн нэгэн өгүүлбэр тэнд буй. Энд Мөнх хаан өөр юм хийлгэх зорилгоор тэр тавин ажилчинг дайчилсан тухай өгүүлж байгаа боловч мөнгөн модны тухайтад ч тийм ажилчдыг дайчилсан гэдэг нь илэрхий. Гэхдээ тийм уран нарийн зүйлийг бүтээхэд энгийн хар ажилчдыг бус жинхэнэ уран дархан, гар урлалчдыг оролцуулсан нь лавтай...

Хүн амынх нь дотор гайхалтай уран гартан, урчууд байдаг" гэж Сири Аль Умари 1340-өөд онд дуу алдан бичснийг ишлэхэд илүүдэхгүй мэт. Мөн Хар Хүрэм хотод байсан Христын сүмийн дотоод байдлыг Рубрук тодорхойлохдоо “Аврагч хийгээд буянт ариун Эх, бас Жан Батистын дүрийг хоёр чагаа тэнгэрийн хамт алтан хоргой зээгт наамлаар бүтээжээ. Их бие болон хувцасных нь хүрээ тигийг сувдаар товойлгожээ” хэмээсэн байна.

Бурхан хийгээд тэнгэрсийн дүрийг бүтээхдээ алтан саат хоргой хэрэглэдэг, эрднэсийн зүйлээр чимэглэдэг нь дорно дахины, улмаар монголын уламжлал гэдгийг хэлэх нь илүүц... “Мөнх моал элчдээ зарлигаа сийлүүлсэн алтан жуух буюу өргөнөөрөө алга дарам, уртаараа хагас тохой хэрийн алтан пайзаа гардуулжээ” гэж Рубрук дурдсан нь бий. Өнөөгийнхөөр хэлбэл дипломат паспорт буюу Чингисийн түмэт, мянгатын ноёд, элч нартаа олгож байсан алт, мөнгөн гэрэгэ ч хээ угалзаар чимэглэгдсэн байдаг. Жишээ нь алтан гэрэгийн оройд нар cap, дор нь өөд өөдөөсөө харсан хоёр загас, арай доохон нь хоёр тийшээ харсан лууг дүрсэлж цэцэг, навчин хээгээр чимэглэсэн байна.

Мөн Чингис хаан Даогийн шашны бомбо Чанчуньд барсын толгойтой пайз олгосон тухай тэмдэглэл Юань улсын судрын Чанчунь бомбын намтар-т буй. Ийнхүү монголчууд өдөр тутмын хэрэглээнийхээ бараг бүх зүйлийг олон янз хээ, амьтны дүрсээр чимэглэдэг байсан нь дүрслэх урлагийн бүтээл болоод зогсоогүй өдгөө монголчуудын түүхийн болоод урлагийн ухааны судлагдахуун нэгэнт болсон байна.

Германы Археологийн Хүрээлэн, Монголын шинжлэх ухааны академиас Хар Хүрэмд хамтран явуулж буй малтлагаар Хар Хүрэм хотын талаархи таамаг төсөөлөл үндсээр нь өөрчлөгдсөн байна. Хоёр улсын эрдэмтэд хамтарсан судалгаагаар XIII зуунд аварга том сүм байсныг баримттай нотолсон байна.

Энэхүү байгууламж нь XIII зууны үеийн Сажа урсгалынхны гаргаж ирсэн уран барилгын хийцээр баригдсан, төгс бүтээгдсэн сүм, ийм маягийн сүм Төвдөд өөрт нь яг ийм загвараараа баригдаж байгаагүй гэж Бонны төвд судлаач К.Х. Эвердинг дүгнэсэн байна. 1949 онд Киселевын малтлагаар олдсон бурханы шашны сэдэвтэй ханын зургийн үлдэгдэлийг Өгөөдэй хааны ордных гэж зарим урлаг судлаачид бичиж байсан. Гэвч одоо эдгээр нь уг сүмийн ханынх болох нь нэгэнт тогтоогджээ. Хүний биеэс хавьгүй өндөр, гурваас таван метр шавар барималууд олдсноос дийлэнхи нь Бурхан багш, “Лянхуа баригч" бодьсадвагийн хөрөг ажээ. 

Мөн язгуурын таван бурхны тэр дундаа Акчобагийн баримал олдсон байна. Мөн Хоншим бодьсадвагийн баримал гарчээ. Бурхан багшийн барималын толгойн хэсгийг үзэхэд сэнтийн түшлэг нь захаараа угалзтай нь мэдэгдэнэ.

Энэ бүхэн нь “Энэ сүмийн гэр хэмээвээс таван давхар...өндөр нь гурван зуун чий,..доороо нь дөрвөн этгээдэд долоон зуун ген ту хийдийг босгуулаад, тэд дотроо бурхан нугуудыг номын ёсоор зэргээр оршуулсан ажгуу” гэсэн лугаа Герман, Монголын шинжилгээний ангийн малтаж гаргасан сүмийн тэг дөрвөлжин (38X38 метр) туурь, баганын том том боржин суурь дүйж байна. Уг сүмийн дээвэр луу, арслан чимэглэлтэй байсан байна. Мөн хүн толгойтой, шувуун биетэй үлгэр домгийн амьтан болох галбингийн ногоон паалантай дүрс олдсон байна. Хойт хэсэг болон зүүн барилгын ханын шаваасны хэлтэрхий навчин болон үүлэн хээтэй байна.

Их Монгол Улс гэж нэрлэгдэж байсан 60 орчим жилд монголчууд дайн байлдаан хийж, хил хязгаараа өргөжүүлэн завгүй байсан хэдий ч өндөр уул, өргөн говь уудам талдаа өөрийн гэсэн урлагаа хөгжүүлж, хот суурин байгуулж, хөшөө дурсгалаа босгосоор байсан байна. Тийм ээ, их цэрэг аян дайнд мордсон (Чингис их цэрэгтэйгээ Сартуулд байлдаж, Мухулай жанжин их цэрэгтэйгээ Сүн улсад дайтаж байсан, Өгөөдэй, Мөнх нар Сүн улсыг дахин дайлсан) хэдий ч Монголд амьдралд буцалсаар байсан юм.

Хятадын Чанчунь бомбо Өрнө этгээдэд зорчсон тэмдэглэлдээ Хааны орд өргөөний эргэн тойрон хэдэн зуу мянган гэр, тэрэг багшран хүрээлэн буужээ.. .Хоол хүнс гэвэл нэг доу монгол амуу нь арван лан цалин мөнгө болох бол тавин лан мөнгөөр улаан буудайн гурил наян жин авах ажээ. Эндэхийн улаан буудайг Иншан уулаас умарш хоёр мянга гаруй мод газрын тэртээх нутагт тариалдаг гэнэ. Баруун зүгийн орнуудын худалдаачид тэр хол газраас тэмээн жингээр гурил будаа тээн авчирч наймаалдаг ажээ.

...Орд хотыг Нүүдлийн ордон гэдэг аж. Орд хотын гэр тэрэг нь сүрлэг үзэсгэлэнтэй агаад эртний Хүннү гүрний их Шаньюйн орд ч энэ мэт байгаагүй буй заа” гэж дуу алдан тэмдэглэсэн бөлгөө.

Судлаач, нийтлэлч Го.Аким

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.