Авлигад өртөх эрсдэлтэй агентлагийг МХЕГ тэргүүлжээ

Twitter Print
2016 оны 10-р сар 28-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх хариуцлага шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Бизнесийнхэн мөнгө нь илүүдсэндээ авлига өгдөг юм биш ажлаа явуулах өөр гарц үлдэхгүй байгаа учраас ийм байдалд ороод байгаа. Тийм учраас зөвлөлийнх нь бүрэлдэхүүний 51 хувийг хоёр жилдээ нэг удаа ротаци явуулах маягаар өөрчилдөг тогтолцоог бий болгож өгмөөр байна. Ингэвэл худалдагдахгүй.

Авлигад өртөж болзошгүй төрийн өндөр албан тушаалтан, гүйцэтгэх засаглалд байгаа хүмүүстэй гэрээ хийхдээ сарын цалингаар биш жилийнх нь цалингаар, 10 жилийн орлогоор нь ярих, шоронд орно гэдэг тогтолцоог бий болгож өгөх шаардлага байна.  Төрийн өмчит аж ахуйн нэгжид олон улсын аудит оруулмаар байна.

УИХ-ын гишүүн Л.Болд: Хөтөлбөрт албан тушаалын хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох гэж орсон нь анх удаа орж байгаа юм шиг ойлголт төрүүлээд байна.

Монголын авлигын гол асуудал улс төрийн авлига. Нам дотор мөнгө тараадаг. Сонгуулийн авлига бүр нарийн болсон. Картаар нь мөнгө өгч байна, тусгай цалинтай болсон. Заагдсан хаягийнх нь дагуу очиж авлигаа аваад саналаа өгч байна.

Дээр нь төрийн албан тушаалыг зарж байна гэх мэтчлэн 60 тэрбумын бичлэг одоо болтол яг аль нь үнэн юм бэ гэдгийг тогтоогоогүй байна. Гүтгэсэн юм бол хэвлэлийн байгууллага нь хариуцлагаа хүлээдэг, эвлүүлэг байсан гэдгийг нь нотлох ёстой.

Нотлохгүй байгаагаас төрийн албанаас хүмүүсийг хэдэн мянгаар нь халж, оронд нь төрийн албыг борлуулж байна гэдэг хардлага төрүүлэх боллоо. Үүнийг бие даасан шинжээчээр нотлуул.

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр: Энэ бол хөтөлбөр. Хөтөлбөрт холбогдох хуулиудын заалт давхардаж байгаа гэхээсээ илүү Монголын төр авлигатай тэмцэх хүсэл зориг байна уу гэдгийг улс төрөөс ангид, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх гэдэг агуулгыг тээж явах ёстой. Одоо байгаа зүйлийн ололттой зүйлүүдээ хадгалсан зүйлүүд хөтөлбөрт  бий.

Хөндсөн асуудлууд хөтөлбөрт туссан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлд холбогдох хуулиудыг сайжруулах шаардлага бий.

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: Сайд нараас гарч байгаа тушаалууд мэдэгдэхгүй байна. Шилэн дансаар зардал нь гараад байгаа боловч цаад талдаа үр дүнтэй юу, үр дүнгүй юу гэдэг харагдахгүй байна.

Ийм учраас ард иргэдийн мөнгө юунд зарцуулагдаж байна вэ гэдэг шийдвэрийг ил тод болгоё, иргэний нийгэм нь хянадаг болъё, хяналтыг бий болгоё гэж байгаа юм.

Худалдан авах ажиллагаатай холбоотой маш их зөрчил бий. Төрийн банкны шалгалтыг ил болгооч гэж яриад байгаа. Ил тод болгосон нөхцөлд Авлигатай тэмцэх газар ард иргэдтэйгээ нэгдээд тэмцэнэ.

Энэ хөтөлбөр 2008 онд анх боловсруулагдсан төсөл, 8 жилийн турш УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн гурван субьект дунд явсаар байгаад өдийг хүрсэн.

Авлигатай тэмцэх бодлогын баримт бичгээ Монголын төр яагаад батлахгүй байна вэ гэдгийг олон улсын байгууллагууд хүлээгээд харж байгаа. Ийм учраас Энэ парламентын үед батлах нь чухал ач холбогдолтой байгаа.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Ажлын байрны зураг авалт хийж аливаа асуудлыг шийдэхэд хэр хэмжээний хугацаа орж байна, хөтөлбөр дотор үг өгүүлбэр алга.

Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал: Авлигын эрсдэлтэй байгууллага дээр судалгаа хийхээр ажлын байрны зураг авалт хийх шаардлага үүссэн. Ийм учраас Гаалийн байгууллага дээр энэ ажлыг явуулж байна. Замын-Үүд,  Алтан булаг, Гашуун сухайт зэрэг хөдөлгөөн ихтэй боомт дээр гаалийнхан ажиллах сонирхолтой, бусад боомт руу ажлаар томилогдох сонирхолгүй байдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар, эрүүл мэндийн газарт энэ чиглэлээр ажлын байрны зураг авалт хийгдэж байна.

Авлигад өртөх эрсдэлтэй агентлагуудаас хамгийн эхэнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, хоёрт Ашигт малтмалын газар, гуравт Гааль, дөрөвт, Татварын ерөнхий газар орсон.

Аймгуудаас хамгийн түрүүнд Баян-Өлгий, хоёрт Завхан, гуравт Дундговь, дөрөвт Өмнөговь аймгууд багтсан. Энэ нь ашигт малтмалтай холбоотой.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.