Цэргийн албан хаагчдын тэтгэлгийг бууруулахыг дэмжсэнгүй

Twitter Print
2016 оны 10-р сар 26-нд 15:58 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Цэргийн албан хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч гишүүдийн дэмжлэг авч чадалгүй уналаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих боломжгүй хэмээн үзсэн юм.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төсөлд цэргийн албан хаагчдын тэтгэвэртээ гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг үндсэн цалингийн дунжаар нь тооцон, 36 сараар олгохоор заасан аж. Энэ хууль 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөхөөр заасан. Хууль дээрх агуулгаар батлагдсан нөхцөлд тушаалаар үүрэг гүйцэтгэдэг байгууллагуудаас тэтгэвэртээ гарч байгаа албаныхны нэг удаагийн тэтгэлгийн хэмжээ буурна. Нийтдээ таван тэрбум төгрөгөөр буурах тооцоо гарчээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр “Сар гаруйн өмнө УИХ-аар 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцээд цэргийн албаныхны тэтгэвэртээ гарахад авдаг тэтгэмжийн хэмжээг бууруулахгүй гэж шийдвэр гаргасан байтал яагаад 2017 оны төсвийн хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ бууруулахаар оруулаад ирэв. Энэ байдал чинь цэргийн байгууллагынхны сэтгэл санааг нь тогтворгүй болгож, бужигнаан үүсгэх тал руу оруулж байна. Тэтгэмжийг нь үндсэн цалингаас боддог болсноор тэтгэмжийн хэмжээ буурч байна. Яагаад өмнөх жишгээрээ урамшуулал, цалин хоёроос нь тэтгэлгийг нь бодоод 36 сараар олгочихож болохгүй байна вэ. Тэд бол тушаалаар үүрэг гүйцэтгэдэг хүмүүс. Үүнд тайлбар хэл” гэв.

Сангийн яамны Зарлагын хяналтын хорооны дарга н.Хуягбаатар “Тэтгэвэртээ гарч байгаа төрийн албан хаагч бүрийн тэтгэлгийг үндсэн цалингаас нь бодож олгох нь зөв юм гэж үзсэн. Гэхдээ цэргийн байгууллага болоод Онцгой, Цагдаа, Тагнуул зэрэг байгууллагынхны тэтгэлгийг үндсэн цалингаас нь тооцож олгохдоо 36 сараар олгоно.  Төрийн байгууллагынхны тэтгэлгийг үндсэн цалингаас нь тооцохдоо 36 сар хүртэлх хэмжээгээр тооцохоор болж, шийдвэрлэсэн. Санхүү эдийн засгийн байдал амаргүй байгаа учир ийм зохицуулалт хийсэн” гэв.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Г.Занданшатар нар “Төр өөрөө эдийн засгийг хямруулчихаад, эдийн засаг хямарсан гэдэг шалтгаанаар цэргийнхний тэтгэмжийг бууруулах нь хариуцлагагүй явдал. Ийм алаг цоог үзсэн шийдвэрээс болж, 1996 онд тэтгэврийн зөрүү үүссэн. Үүн шиг байдал үүснэ. Онцгой, цагдаа, хилийн цэрэг, тагнуулын байгууллагаас хэчнээн хүн ирэх онд тэтгэвэртээ гарахаар өргөдлөө өгсөн бэ гэдэгт хариулт өгөөч” гэв.

Батлан хамгаалах салбарын хэмжээнд ирэх жил 267 хүн тэтгэвэртээ гарах бол Онцгой байдлын ерөнхий газраас жил бүр 130 орчим хүн тэтгэвэртээ гардаг ч ирэх жилийн тухайд 100-гаар нэмэгдэх тооцоо гарсан байна.

Хилийн цэргээс 150 орчим хүн тэтгэвэртээ гардаг. Харин Тагнуулын байгууллагын тухайд тоо хэлэх боломжгүй нууцын зэрэглэлд хамаарч байна. Дээрх байгууллагуудаас тэтгэвэртээ гарахад олгодог тэтгэмжийн мөнгө нь тус бүр 1.2 тэрбум төгрөгөөр буурах тооцоо гарсан аж.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр “Хуягбаатар аа, чи цэргийн алба хаасан уу. Тушаалаар үүрэг гүйцэтгэдэг эдгээр хүмүүс Үндсэн хуулиар олгогдсон 60 гаруй эрхээ хязгаарлуулсан байдаг. Бизнес эрхэлж болохгүй, чи бол бизнес эрхэлж болно.

Томилолтоор, тушаалаар үүрэг гүйцэтгэдэг. Гэр бүлийн хүн нь тэтгэврээ тогтоолгох болоход бүрэн тэтгэвэр авах боломжгүй байдаг. Хүүхэд нь бүрэн, дунд боловсрол бүрэн гүйцэд эзэмшиж чаддаггүй. Хүнд хямралтай үед төрийн гол багана нь болж байгаа хүмүүсийн итгэлийг сулруулах юмыг Засгийн газар байн, байн оруулж ирж бужигнуулж буйг санаатай үйлдэл гэж харахаас аргагүйд хүрч байна” гэсэн юм.

Эцэст нь санал хураахад хуулийн төслийг буцаах нь зүйтэй хэмээн үзэж, энэхүү саналаа УИХ-ын Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Г.ДАРЬ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.