Ч.Сайханбилэг: Хувийн хэвшлээ магтан сайшаах ёстой

Twitter Print
2016 оны 10-р сар 26-нд 08:44 цагт
Мэдээний зураг,

Өчигдрийн Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар ОХУ-ын Засгийн газар болон тус улсын “Ростех” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдсан талаархи асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон нарын хүмүүс оролцож, холбогдох асуудлаар гишүүдэд мэдээлэл өгсөн юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Энд хоёр асуудал байна. Үндэсний аюулгүй байдлын асуудал нэгдүгээрт тавигдаж байна. Хоёрдугаарт, эдийн засгийн аюулгүй байдлын асуудал. Бидний түүхэн хугацаанд хойд хөршийн нөлөөлөл их байсан. Хойд хөрштэйгөө найрамдалт харилцаатай байсны хамгийн том жишээ Эрдэнэт. Одоо манай улсад 49 хувь шилжсэнээр харилцааны асуудалд сулрал үүсэх вий. Ийм болгоомжлол Монгол түмэнд байна. Нөгөө талаар төсвийн томоохон ачааг үүрч яваа Эрдэнэтийн хувьчлалыг дагаад татварын төрд үүрэх ачаа сулрана гэж би харж байна. Төр санхүүгийн хувьд сул болно. Төсвийн алдагдал үүнийг дагаад ихэснэ. Алдагдлаа нөхөхийн тулд гаднаас зээлнэ. Зээлээ хаанаас авах нь ч тодорхой. Эдийн засгийн хараат байдал үүсэх нөхцөл байдал үүсчихээд байна. Тийм учраас Монголын төрийг төлөөлөөд “Бид худалдан авахаас татгалзаж байна. Өөрсдөө мэдээд зар” гэсэн бичиг илгээсэн явдал бол төрийн мэдлийн стратегийн ордын хувьд засгийн газрын дур мэдэн гаргах шийдвэр биш. Би хувь хүнийхээ хувьд ингэж ойлгож байгаа. Дүгнэлт нь их бөөрөнхий яваад байгаа. Үүн дээр тодорхой хариулт авмаар байна. УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд хамаардаг төрийн өмчийн стратегийн ордыг зарахаар шийдвэрлэсэн нь хуулиндаа нийцэж байгаа юм уу?
 
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг: -Миний бие УИХ-ын сонгуулийн өмнө байр сууриа илэрхийлсэн. Түүнээс хойш ямар нэгэн мэдэгдэл байр суурь илэрхийлэлгүйгээр өнөөдрийг хүрлээ. Яагаад гэвэл энэ асуудалтай холбоотой олон асуудал нууцын горимоор хэлэлцэгдэж шийдвэрлэгдсэн. Хоёрдугаарт, цаг хугацааны хувьд тохиромжгүй үе байсан. УИХ-ын сонгуулийн үе, шинэ чуулган, шинэ Их хурал, араас нь орон нутгийн сонгууль гээд улс төржилттэй цаг хугацаа үргэлжилж байсан учраас энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхэд хүндрэл учрах байсан. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Хуульчид хоёр зүйл дээр маргалдсан. Нэг хэсэг нь энэ асуудлыг УИХ дээр зайлшгүй оруулж хэлэлцүүлэх ёстой гэж байсан. Нөгөө талд нь энэ асуудлыг зохицуулсан хуулийн зүйл заалт байхгүй. Энэ худалдан авалт хийгдэх юм бол олон улсын гэрээ өөрөө шууд хүчин төгөлдөр бус болно гэсэн байр сууриуд гарсан.

Би Ерөнхий сайдын хувиар асуудлыг нэг талд нь гаргаж шийдэх нь зүйтэй гэж үзсэн. Эрдэнэтийн асуудал цаг хугацааны хувь эвгүй үед орж ирсэн. Тавдугаар сарын сүүл, зургадугаар сарын сүүлээр орж ирж байгаа нь сонгуулийн кампанит ажил эхэлчихсэн үе байсан. Зургадугаар сарын 23-нд гурван улсын тэргүүн Ташкент хотод уулзахаас өмнө энэ асуудлыг шийдэх боломж байсан. Хэрвээ сонгуулийн дараа намрын чуулганаар энэ асуудлыг оруулсан бол 49 хувь Монгол руу ирэх асуудал хийгдэхгүй байх цаг хугацааны хайчинд орсон байсан. Тийм учраас Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гаргасан. Ингээд Засгийн газрын тогтоол гарсан. Би тэр үед “Их хурал долдугаар сард хуралдах уу, эсвэл намар хуралдах эхний хуралдаанаар Засгийн газраас энэ асуудлыг УИХ-д оруулж танилцуулна” гэдгээ хэлж байсан.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: -Засгийн газар ОХУ-ын 49 хувийг худалдахаар хэнийг, хэзээ томилсон бэ. Тэр хүмүүс нь яаж ажилласан юм. Одоогийн гэрээгээр хоёр талын Засгийн газар судлахаар оруулж ирсэн. Монголын Засгийн газар худалдан авах давуу эрхээсээ татгалзана гэж хэзээ шийдсэн юм. Худалдан авах давуу эрхээсээ татгалзсан тохиолдолд хувийнхан очиж хэлэлцэл хийх байх. УИХ, Засгийн газрын түвшинд “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал огт яригдаагүй байхад ХХБ-ныхан очоод яриа хэлэлцээ хийсэн юм. Хэний даалгавар, захиалгаар хийсэн бэ? Энэ асуудлаар хэзээ яамдад тараагаад хэзээ хариу нь ирсэн бэ? Засгийн газрын хуралдаанд О.Орхон ХХБ-ны захирал бас компанийн захирал гэсэн хоёр албан тушаалтай орж ирсэн байсан. Хэний зөвшөөрлөөр, хэн даалгавар өгснөөр 49 хувийг авах ажиллагааг хийсэн бэ? Засгийн газрын хуралдаанд хуульчид оролцсон гэж яриад байна. Засгийн газрын хуульчид УИХ-д танилцуулахгүй бол болохгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн юм билээ. Харин нөгөө талын О.Орхон, н.Пүрэвтүвшин нар УИХ-аар хэлэлцүүлэхгүй, автоматаар хүчингүй болж болно гэсэн юм билээ. Энэ асуудлуудад хариулт авъя. Ер нь худалдан авах гэрээнээс татгалз гэсэн энэ бичиг хаанаас дамжиж ирсэн бэ? Гадаад хэргийн яамнаас ирүүлсэн үү, хувь хүн авчирч өгсөн үү?

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг: -Би энд улстөржилт бага явагдана гэж горьдож орж ирсэн. ОХУ дотор ямар процесс явагдсаныг бидний хэн нь ч мэдэхгүй. Засгийн газрын мэдэлд байсан 49 хувь Сангийн яам, Төрийн өмчийн хороогоор дамжиж хувийн хэвшил рүүгээ шилжих процесс ОХУ-д өрнөж байхад бид ийм хэлэлцүүлэг энд хийдэггүй байсан. Тэр 49 хувиа Монголын ААН-д шилжүүлэхээр харин одоо улстөржөөд сууцгааж байна. Өнгөрсөн зургадугаар сарын 17-ны өдөр ОХУ-ын засгийн газар болон "Ростех"-ээс ирсэн албан бичгүүд болон шийдвэрт үндэслэн манай засгийн газар өөрийн шийдвэрээ гаргасан. Цаг хугацааны хайчтай ийм асуудлыг засгийн газрын түвшинд хэлэлцэхдээ нэмэлтээр оруулж ирээд шийдээд явдаг горимоор хэлэлцсэн байгаа.

Засгийн газрын хуралдаанд оролцсон бүх сайд өөрсдийн байр суурийг тодорхой илэрхийлж, хуульд нийцүүлэх асуудлаар хяналтаа тавьсан байдаг. Хуралдааны протоколоос үүнийг харж болно. Засгийн газар хувийн хэвшлийн шахалтаар шийдвэрээ гаргаагүй. Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх үүднээс шийдвэрээ гаргаад явсан. Яг ийм цаг хугацааны хайчтай асуудлаар миний оронд ямар ч ерөнхий сайд байсан ийм шийдвэр гаргах байсан гэдэгт би итгэлтэй байна. Энэ үйлдвэр манай улсын 100 хувийн өмчлөлд шилжсэнээр дибдент төлбөрөөс хүртэл чөлөөлөгөгдөж байгаа. Ийм улсдаа ашигтай байдлаар худалдан авах үйл ажиллагаа явуулсан хувийн хэвшлээ өнөөдөр магтан сайшаах ёстой. Гэтэл хувийн хэвшлийнхэн эсрэгээрээ ялтан болгочихоод сууж байна" гэв. 

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.